БАРИМТ 1
Covid-19 гэдэг нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний нэр /d бол disease буюу өвчин гэдэг англи үгний эхний үсэг/харин SARS-CoV-2 бол вирусний нэр юм. CoV гэдэг нь CoronaVirus гэсэн үгийн товчлол юм. Коронавирус гэдэг нь 40 орчим төрлийн вирусээс бүрдэх вирусийн нэгэн бүлийн нэршил ажээ.
БАРИМТ 2
Коронавирус бол биологийн хувьд “хууран мэхлэгч” юм. Түүний өргөсний үзүүр нь ашигтай молекултай төстэй учраас эсийн рецепторууд түүнийг “тун баяртайгаар” өөртөө татдаг байна. Харин өргөсний ард вирус нуугдаж байдаг аж.
БАРИМТ 3
Вирус эсэд нэвтрэнгүүтээ түүнийг хянаж эхэлдэг бөгөөд эсийг ашиглан өөрийгөө хувилан олшруулдаг байна. Ингэснээр гинжин урвал эхлэх ба улмаар эс үхэж, вирус цааш халдварладаг байна. Халдварын эхний үе шатанд шинэ коронавирус нь хоолой болон амьсгалын дээд замд идэвхтэй үрждэг ба улмаар халдвар уушиганд хүрч, үрэвсүүлдэг. Ийм учраас ханиалгах нь халдварын эхний шинж тэмдэг юм. Харин дараа нь халуурдаг гэхдээ халуурахгүй байх тохиолдол ч байдаг.
БАРИМТ 4
Халдвар авсан хүмүүсийн 18 хувьд нь ханиалгах шинж тэмдэг илрээгүй байна. Өвчин ямар ч шинж тэмдэггүйгээр даамжирч байсан бөгөөд өвчтөнүүд халдвар авсан гэдгээ ч мэдээгүй уддаг нь халдварыг идэвхтэй тээсээр бусдад халдвар тараахад хүргэдэг байна.
БАРИМТ 5
Covid-19 хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тохиолдолд улирлын чанартай ердийн ханиадтай маш төстэй. Тодруулбал, хуурай ханиалгах, биеийн халуун нэмэгдэх, бие ерөнхийдөө сульдах, зарим тохиолдолд булчин ба толгой өвдөх шинж тэмдгүүд илэрнэ. Найтаалгах нь өвчний шинж тэмдэг биш, харин ханиалгах нь шинж тэмдэг мөн.
БАРИМТ 6
Халдварын онцгой нэгэн шинж тэмдэг бол өвчтөн амтлах, үнэрлэх чадвараа алддаг явдал юм. Гэхдээ халдвар авсан бүх хүнд ийм шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ та үнэрлэх, амтлах мэдрэмжээ гэнэт алдвал сэрэмжтэй байж, зохих арга хэмжээг нэн даруй авах ёстой.
БАРИМТ 7
Уг вирус хэдийчинээ үхлийн аюултай байна, төдийчинээ халдварлан тархах хүч нь сул байдаг. “Эзнээ алсныхаа” дараа коронавирус цааш халдварлах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, үхэлд хүргэх аюултай хэлбэрээр мутацид ордоггүй гэсэн үг.
БАРИМТ 8
Шинэ коронавирусний халдвар тээгч нэг хүн дунджаар 2-4 эрүүл хүнд халдвар тараадаг байна. Харьцуулахад, улирлын чанартай ердийн ханиадны вирус тээгч нь 1-3 хүнийг, салхин цэцгийн вирус тээгч 12-оос доош тооны хүнийг халдварлуулдаг.
БАРИМТ 9
Covid-19-ийн улмаас нас баралтын түвшинг тогтооход хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ 1-3 хувь байна гэсэн судалгаа бий. Энэ нь улирлын чанартай ердийн ханиадтай харьцуулахад 20 дахин өндөр, SARS (10%) ба MERS (25%) өвчнүүдтэй харьцуулахад хамаагүй бага гэсэн үг.
БАРИМТ 10
Covid-19-ийн улмаас нас барах тохиолдлын тоо нь тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны ачаалал ба эмнэлгийн тусламжийг хэр зэрэг хурдан үзүүлж байгаагаас маш ихээр шалтгаалж байна. Жишээ нь, Герман улсад нас баралтын түвшин 0,3 хувьтай байгаа бол Италид бараг 9 хувьд хүрчээ. Ийм учраас дэлхийн улс орнуудын эрх баригчдын гол зорилго нь нэгэн зэрэг олон хүнийг өвчлүүлэхгүй байхад оршино.
БАРИМТ 11
Дэлхий дахинд цар тахал маш хурдтайгаар тархаж байна. Эхний оношийг тавьснаас хойш 67 хоногийн хугацаанд 100 мянган хүн халдвар авсан бол дараагийн 100 мянган хүн 11 хоногийн дотор, 3 дахь 100 мянган хүн 4 хоногийн дотор өвчилсөн байх жишээтэй.
БАРИМТ 12
SARS-CoV-2 вирус хаанаас үүсэлтэй гэдгийг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ сарьсан багваахай, панголин буюу хуягт гүрвэл нь коронавирустэй төстэй вирус тээдэг ажээ. Вирус мутацид орсноор өөр ямар нэгэн амьтанд халдварласан ба уг амьтнаас хүнд халдварласан гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд вирус амьтдын дунд байсаар байгаа гэж үзвэл эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүст дахин халдварлана гэсэн үг.
БАРИМТ 13
Коронавирус лабораториос алдагдаагүй. Зарим хүмүүс алдагдсан гэдэгт үнэмшдэг. Коронавирусийг лабораторид гарган авсан гэх яриаг олон орны эрдэмтэд сайтар шалгасны эцэст үндэслэлгүй болохыг тогтоожээ. SARS-CoV-2 вирусийг лабораторид гарган аваагүй бөгөөд түүнтэй холбоотой ямарваа нууцлаг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг “Nature” сэтгүүлд дурджээ.
БАРИМТ 14
100 сая ширхэг коронавирус нэг зүүний үзүүрт багтах боломжтой гэхээр маш нарийн вирус юм. Халдвар авсан хүн ханиах үед шүлсний жижиг дуслууд цацагдах ба дусал бүрт хэдэн тэрбумаар тоологдох вирусийн хэсгүүд агуулагдаж байдаг.
БАРИМТ 15
Халдвартай хүн ороод гарсны дараа хов хоосон өрөөнд байхад ч гэсэн коронавирус халдварлах магадлал өндөртэй. Коронавирус нь агаарт ууршсан шүлсний бичил тоосонцор хэлбэрээр 3 цаг хүртэлх хугацаанд тэсвэрлэн амьдарч чаддаг байна.
БАРИМТ 16
SARS-CoV-2 нь хуванцар болон төмөр гадаргуу дээр гурав хоног, цаас, картон дээр нэг хоног, зэс гадаргуу дээр дөрвөн цаг байх хугацаанд халдварлах аюултай хэвээр байдаг. Иймээс дээрх гадаргууд хүрэлцсэнийхээ гараа сайтар угаах нь хамгийн найдвартай арга юм. Ойр хавьд угаалтуур байхгүй үед ариутгагч гелиэр гараа цэвэрлэж болно, гэхдээ гараа угаах нь илүү үр дүнтэй.
БАРИМТ 17
Хэрвээ танд хүнсний эсвэл техникийн спирт байгаа бол ариутгагчийг /антисептик/ гэрийн нөхцөлд хийх боломжтой. Ариутгал хийхийн тулд мирамистин эсвэл хлоргексидинийг хэрэглэж болно. Аль аль нь бактериуд төдийгүй вирусуудыг устгадаг.
БАРИМТ 18
Коронавирусний эсрэг антибиотик хэрэглэх нь ямар ч үр дүнгүй. АНУ Германы хамтарсан баг вакцин гаргаж авсан нь 90 хувь хамгаалж байгаа талаар мэдээлсэн. Гэхдээ эл вакциныг хүлээн зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.
БАРИМТ 19
SARS-CoV-2 вирусийг устгах тусгай эмчилгээний аргыг нээгээгүй бөгөөд халдвар авсан хүмүүст тухайн өвчний эсрэг бус харин шинж тэмдгүүдийг нь арилгах эмчилгээг хийж байна.
БАРИМТ 20
Дэлхий дахинд халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувьд нь эмнэлгийн тусламж шаардлагагүй. Тэд ердийн ханиадны эмээр гэртээ өөрийгөө эмчилж, долоо хоногийн дотор эрүүл болсон гэх мэдээлэл ч байдаг.
БАРИМТ 21
Covid-19-ийг эмчлэх эмийг идэвхтэй эрж хайж байна. Шинээр эм гарган авахад цаг хугацаа шаардагдах учраас одоо хэрэглэж буй вирусний эсрэг эмүүдийн үйлчлэлийг эмч нар судалж байна. Халуун орны хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг хлорохин гэдэг эм коронавирусний эсрэг хүчтэй үйлчилгээтэй болохыг Хятадын эмч нар хоёрдугаар сард тогтоожээ. Мөн ХДХВ вирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд хэрэглэдэг лопинавир гэдэг эм, мөн Эбола болон Марбургийн вирусийн халдварыг эмчлэх зорилгоор гарган авсан ремдесивир гэдэг эмийн туршилт амжилттай явагдаж байна.
БАРИМТ 22
Японд түгээмэл хэрэглэдэг вирусийн эсрэг авиган /фавипиравир/ гэдэг эм ихээхэн найдвар төрүүлж байна. Уг эмийг РНК вирусийн халдвартай тэмцэхийн тулд тусгайлан гарган авчээ. Ухань хотод хийсэн туршилтын явцад авиган гэдэг эмийг хэрэглэсэн өвчтөнүүд дунджаар 4 хоногийн дотор эрүүл болж байжээ. Хятадын өвчтөнүүд ердийн эмүүдээс гадна уламжлалт анагаах ухааны эмүүдийг уусан гэдэг.
БАРИМТ 23
Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг Гуанжоу хотын наймдугаар ардын эмнэлэгт боловсруулсныг орон нутгийн эрх баригчид албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, үндсэн эмчилгээний зэрэгцээ Цинфей пайду (Qingfei Paidu) гэдэг ардын уламжлалт эмийг хэрэглэх нь үр дүн сайтай байна. Уг эмийн орц найрлагад хятад зээргэнэ, чихэр өвс зэрэг ургамлууд ордог.
БАРИМТ 24
Эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэнг эмчилгээнд ашигласнаар хүнд өвчтнүүдийн амийг аварч байна. SARS, MERS ба Эбола вирус тархаж байх үед ийм эмчилгээ хийхийг ДЭМБ албан ёсоор зөвлөмж болгожээ.
Сэтгэгдэл (1)