БАРИМТ 1
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавиурст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
БАРИМТ 2
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр зөвхөн 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Тодруулбал, Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа, тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд, буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.
БАРИМТ 3
Гамшгаас хамгаалах тухай хуулиар бүх нийтийн бэлэн байдлын үед харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах хуулийн заалттай.
БАРИМТ 4
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлнэ.
БАРИМТ 5
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлнэ.
БАРИМТ 6
Мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн хамтарсан үнэлгээгээр КОВИД 19 халдвар Монгол Улсын хүн амын дунд тархах эрсдэл “Маш өндөр-5” гэж үнэлэгджээ.
БАРИМТ 7
Халдварын тархалтыг хязгаарлах, хавьтлыг бүрэн тогтоох, хянах, улсын хэмжээнд тархахаас сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
БАРИМТ 8
Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг дэс дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ хэмээн хуульд заажээ.
БАРИМТ 9
Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
БАРИМТ 10
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
БАРИМТ 11
Бэлэн байдлын зэрэгт төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шат дараалж, эсхүл шууд шилжүүлнэ.
БАРИМТ 12
Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангахыг хэлнэ.
БАРИМТ 13
Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн зэрэгтэй байна.
БАРИМТ 14
Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
БАРИМТ 15
Өдөр тутмын бэлэн байдлын үед гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх, гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх, гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах, салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах арга хэмжээг авна.
БАРИМТ 16
Мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх ёстой.
БАРИМТ 17
Мөн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах, гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох хуультай.
БАРИМТ 18
Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах, голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах.
БАРИМТ 19
Нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах,
БАРИМТ 20
Стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих.
БАРИМТ 21
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах,
БАРИМТ 22
Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх, химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох.
БАРИМТ 23
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх,
БАРИМТ 24
Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
Сэтгэгдэл (1)