Төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан дуучин Укагийн талаарх сонирхолтой 24 баримтыг дэлгэж байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө эл шагналыг хүртсэн нь бас нэгэн гайхалтай тохиол болсон юм. Өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаараа олныг байлдан дагуулж байдаг дуучин Укагийн фенүүд нь түүнийг Алтан гадас хүртсэнд нь баяртай байгаа юм.
Баримт 1. Киви хамтлагийн ахлагч Ука 1979 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн, хилэнцийн орд.
Баримт 2. Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан.
Баримт 3. Нийслэлийн 44-р сургуулийг төгссөн тэрбээр бага, дунд сургуульд байхдаа урлагийн үзлэг, тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог байсан. Тэр үеэс л урлагийн хүн болохоор шийджээ.
Баримт 4. Ямар ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд хүртэл өмсөөд, завсарлагаанаар дахиад л өмсчихдөг байсан гэдэг.
Баримт 5. Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсчээ. Гэхдээ ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний "Орхон" дээд сургуульд орсон. Эцэг эх нь "Чи хэл сайн сурч европжуу төрхөө ашиглаад орчуулагч болвол зүгээр" гэж зөвлөснөөр Ука хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон байна. Гэвч нэг жил сураад энэ буруу сонголт гэдгийг мэджээ. Тэгээд хэнд ч хэлэхгүйгээр чимээгүйхэн хувийн хэргээ аваад СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн. Харамсалтай нь хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгчээ. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд "Nature sounds"-даа бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.
Баримт 6. Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан.
Баримт 7. Укагийн шар үс яах аргагүй түүнд зохидог. Гэтэл түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй.
Баримт 8. Укаг эрлийз гэж олон хүн боддог. Гэвч тэр гадны ямар ч цус байхгүй монгол хүн. Түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл аймгийнх.
Баримт 9. Ука ээж Т.Замандтайгаа тун адилхан. Тэрбээр “Mongolian Music Video Awards 2011” наадамд ээжтэйгээ хамт очиж байсан. Укагийн ээж удган бөгөөд Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагчаар тодорч олны анхаарлыг татаж байсан нэгэн билээ. Арван хуруундаа алтан бөгж эрийлгэсэн тэрбээр үүнийгээ өөрийнх нь имидж гэж тайлбарлажээ.
Баримт 10. Ээжтэйгээ адил этгээд Ука далан дээрээ зүрхэн, гэдсэн дээрээ хятад ханзан шивээстэй. Түүний хятад ханзан шивээс тэнгэр, газар, шороо хэмээх утгыг илэрхийлдэг бол жинхэнэ үүрэг нь дуучин бүсгүйн олгойны хагалгаанаас үлдсэн том гэгч сорвийг догь гэгч нь нууцалдагт оршино.
Баримт 11. Укад анхны гэх тодотголтой олон зүйл бий. Ука цомгоо гаргачихаад уйлсан, тэрийгээ зарласан анхны дуучин. “I am in love” анхны бие даасан цомгоо 2011 оны 10 сарын 27-нд гаргасан.
Баримт 12. Цомгоо гаргачихаад биеэ барьж чадахгүй маш их баярласан учраас багш буюу Киви хамтлагийн продюсер Ангирмааг таван минут орчим тэврэн уйлсан сэтгэл хөдлөлтэй эмэгтэй.
Баримт 13. Түүнийг ямар ч дүр төрхөд хувирч чаддаг, хувирсан дүр нь өөрт нь тун ч зохиж, донжтой харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэрбээр "Космополитан" сэтгүүлийн анхны монгол "cover girl". Ямар ч байсан Космог чимдэг гадаадынхнаас дутахааргүй байсан гэж уншигчид хүлээн зөвшөөрдөг.
Баримт 14. Дуучин бүсгүй продюсер Б.Дашдондогийн "Nature sound" студийн анхны төгсөгчийн нэг юм.
Баримт 15. Ука зүгээр л дуулж бүжиглэдэг бүсгүй биш. Нийгмийн идэвхитэй нэгэн. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр “Охидын өдөр” тоглолтод оролцон, өсвөр насны охидод хүсэл мөрөөдлийн тухай лекц тавьсан нь олон хүнд таалагдсан бас таалагдаагүй.
Баримт 16. Төр засаг чамгүй олон уран бүтээл гаргасан Укагийн хөдөлмөрийг үнэлж 2011 оны нэгдүгээр сарын 28-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан.
Баримт 17. Харин 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Алтан гадас одон хүртсэн юм.
Баримт 18. Тэрбээр 2015 оноос хойш таван бие даасан цомог, 40 орчим дуу гаргажээ. Харин репперүүдтэй хамтарсан 10-аад уран бүтээлийг хийсэн байна.
Баримт 19. Укаг ганган хүүхэн гэдэг. Түүний дуртай брэнд Channel, Gucci. Тайзан дээр гарахдаа Christian Dior Cherry-г түрхдэг.
Баримт 20. Түүнийг бохь зажлан телевизээр гарахыг олон ч удаа харсан биз. Соёлгүй гэж олон хүнд ч шүүмжлүүлдэг. Ямартай ч түүний зажилдаг бохь Orbit, Lotte гэнэ.
Баримт 21. Халуухан Укагийн дотуур хувцасны сонголтод үргэлж Calvin Klein багтдаг.
Баримт 22. Авьяаслаг дуучин бүсгүй сүүлийн үед сола карьер хөөх болсон. Тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд бие даасан анхны том “Do it” шоу тоглолтоо Буянт-Ухаа спорт цогцолборт хийхээр товлоод байгаа билээ.
Баримт 23. Сүүлд “Voice Mongolia” тэмцээний шүүгчээр ажилласан дуучин бүсгүй сонсогчдодоо цоо шинэхэн "Bounce" дуугаа хүргээд амжсан.
Баримт 24. Дуучин Ука эл нэрээр олонд танигдсан ч түүнийг жинхэнэ нэрийг Даваагийн Уламбаяр гэдэг.
Сэтгэгдэл (17)