Монголын Хөрөнгийн биржээс үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа 42 компанид сануулав. Тодруулбал,
- Монголын Хөрөнгийн биржээс “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23.11 дэх заалт дахь доор үзүүлэлтэд тулгуурлан:
- үнэт цаасны хөрвөх чадвар муудсан,
- биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдсон,
- бүртгэлтэй байх хугацаанд тогтмол биелүүлэх үүрэг болон хууль, дүрэм, журам, гэрээгээр, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй,
- жилийн үйлчилгээний хөлсийг 2-оос дээш жилд төлөөгүй,
- үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш нэг жилээс дээш арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй зэрэг болон хууль журамд заасан бусад үндэслэлээр үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасна гэж тусгасны дагуу 42 компанид сануулга анхааруулав.
Дээрх чиглэлээр нэр дурдсан компаниуд энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор журмаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ирүүлэх талаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Дурдсан, заасан хугацаанд Хөрөнгийн биржид хариу ирүүлээгүй, холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах тул холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахыг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-иас анхааруулав.