БАРИМТ 1
Нүүдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
БАРИМТ 2
1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.
БАРИМТ 3
Нийслэл Хүрээнд Хотын Түр Захиргаа байгуулагдахаас өмнө тусгайлан тогтоож өгсөн нутаг дэвсгэр, үндсэн харьяат иргэд байгаагүй юм. Судлаач Ч.Жамбал “1925 онд Улаанбаатарын хүн ам 61,0 мянга орчим байсны 14750 буюу 24 хувь нь ард иргэд, 20,0 мянга буюу 33 хувь нь шавилан суух данстай лам нар, 26276 буюу 43 хувь нь гадаадын харьяат, худалдаа-мөнгө хүүлэгчид...”, харинсудлаач Х.Мэндсайхан Улаанбаатар хотын жинхэнэ харьяат“1925 онд... 15 мянга болж, цаашид улам өссөөр байжээ” гэж тус тус тэмдэглэжээ.
БАРИМТ 4
1924 оны 6 дугаар сарын 27-нд Засгийн газрын хурлаар хотод газар нутаг олгох асуудлыг хэлэлцэж, “хотын төв хэсгээс гадагш эргэн тойрон найман зүгт арван таван газраар” хэмжээлэн тусгай газар нутгийг эзэмшүүлэн өгчээ. 1 газар нь 360 алд буюу 576 метртэй тэнцэх бөгөөд дунд насны эрэгтэй хүний алдыг 1 метр 50 см-ээр тооцдог байжээ. Тэгвэл тухайн үеийн хэмжээсээр Нийслэл Хүрээний эзэмшил нутаг нь 234,4 км2 байжээ гэж тооцож болохоор байна.
БАРИМТ 5
Газар нутгийн хэмжээ мөн тэлсээр байсан хэдий ч 1996 оноос хойш нэмэгдээгүй, одоог хүртэл 470444 га /47044,4 км2/ хэвээр байна.
БАРИМТ 6
1924 онд тухайн үеийн Нийслэл хүрээнд хөтлөгдөж буй бүхий л албан хэрэгт одоогийн бидний хөтлөж буй аргын улирлын он тооллыг хэрэглэж эхэлжээ.
БАРИМТ 7
1924 онд Өнөөгийн нийслэлд буй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар анх нийслэл хүрээнд үүсгэж байжээ.
БАРИМТ 8
Өнөө үед ч нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа нийтийн бие засах газрын асуудал 1920-иод оны үед хөндөгдөж байсан бөгөөд хэрхэн барьж байгуулах, хаана байрлуулах, ил задгай бие засах явдлыг хориглох зэргээр харилцсан нугалбар бичиг 1924 онд гарч байжээ.
БАРИМТ 9
1925 оны 5-р сарын 25 нд /Агаарын тээвэр/ Улаан-Үдээс Улаанбаатар хотод “Ю13” гурван нисэх онгоц анх нисэн ирж манай улсад хүлээлгэн өгснөөр Монгол ардын цэргийн нисэхийн үйл ажиллагаа эхэлжээ. Өөрөөр хэлбэл нисэх онгоцны анги байгуулагдсан буюу одоогийн иргэний агаарын тээврийн эхлэл нь энэ юм.
БАРИМТ 10
1926 оны байдлаар Улаанбаатар хотод гандан хүрээ, орд сүмийн орон сууц оролцохгүйгээр монголчуудын суух хашаа 2368, оросын харъяат нарын суух хашаа байшин 227, хятадын харъяат нарын 748, бусад улсын харъяат нарын 34 байсны дээр албан сангийн хашаатай бүгд 3402 орон хашаа, 3500 орчим гэр байсан тухай гэр, орон сууцны бүртгэлийн баримтад өгүүлсэн байна.
БАРИМТ 11
1934 оны байдлаар Улаанбаатар хотын Гандан хүрээ, хойд хоѐр сүм, Амгаланбаатарын дацангийн хамт 52 орон дацан, сүм дуган 122, жас 103, бүх лам нар 6020 байжээ. Эдгээр лам нарын дотор мяндагтан 75, хутагт хувилгаад мөн ямбатан 16 байсан байна.
БАРИМТ 12
1937 онд хотын хүрээ хийдэд 5317 лам нар сууж байжээ. Тэдний дотор 18-45 насны цэргийн насны лам нар 3429, насанд хүрээгүй хүүхэд 807 байв.
БАРИМТ 13
1958 оны 5-р сарын 21 нд Сайд нарын зөвлөлийн 142-р тогтоолоор аймаг, хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хүндэт дэвтэр бий болгожээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын захиргааны хүндэт дэвтэрт гадаад дотоодын 30 гаруй хүндэт иргэдийг бүртгэсэн байдаг.
БАРИМТ 14
Мөн 1974 он оны 5 сарын 24 нд Сайд нарын Зөвлөлийн 191-р тогтоолоор Улаанбаатар хотын /эмблеим/ болох загварыг баталжээ. Улаанбаатар хотын сүлд нь Сүхбаатарын талбай дахь Сүхбаатарын хөшөө /суурийн оройг хагас цухайлгасан/ байна. Тус сүлдний голын дэвсгэр нь улаан, гадна талын хүрээ болон Сүхбаатарын хөшөө нь алтан шаргал өнгөтэй байна. Хүрээний дээд хэсэгт тойрсон алтан шаргал алхан хээ байна. сүлдний гадна хүрээний радиус 7 см, голын хүрээний радиус 5 см байна. Үсгийн босоо нь 5 см, өргөн нь 4 см байна.
БАРИМТ 15
1974 оны 5-р сарын 18 нд Сайд нарын Зөвлөлийн 166-р тогтоолоор Улаанбаатар хотын захиргаанаас олгож байх, “Улаанбаатар хотын хүндэт тэмдэг” бий болгож загварыг баталсан гэх мэт аливаа улсын нийслэл хотод байх сүлд, дэвтэр, тэмдэг зэрэг хүндэтгэлийн зүйлсийг анх үүсгэсэн тухай баримт сэлт агуулагдаж байна
БАРИМТ 16
1976 оны 6-р сарын 12 нд БНМАУ-ыг тунхагласны 55 жилийн ойн баяраар ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнов манай эх оронд айлчлах үеэрээ монголын ард түмэнд гэрлэх ёслолын ордонг бэлгэлсэн билээ. Тус ордонг барьж байгуулсан зөвлөлтийн барилгын II-р трестийн дарга В.В.Шоринков баяр хүргэн үг хэлж, гэрлэх ѐслолын ордоны түлхүүрийг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга О.Цэнд /тухайн үеийн хотын дарга/-д гардуулсан байна. Монголын ард түмний аз жаргалт амьдралын нэгэн бэлэг тэмдэг болон сүндэрлэсэн энэ сайхан ордонд ариун гэр бүл болох ѐслолыг Сэлэнгэ аймгийн Баян тэжээлийн аж ахуй тракторч Л.Жаргалсайхан, Д.Тунгалаг нарын залуу хосууд БНМАУ-ын иргэний гэр бүлийн баталгаа хүлээн авсны дараа нам засгийн удирдлагууд баяр хүргэж, МАХН-ын Төв Хорооны I-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал хосуудад сургаал хайрлаж, аз жаргалыг ерөөж бэлэг гардуулжээ.
БАРИМТ 17
Сүхбаатарын талбайн түүх: Оросын эрдэмтэн А. Позднеев 1892 онд Их хүрээгээр дайрч явсан замын тэмдэглэлдээ “Богд гэгээний ордноос урагш хүрээний төвд өргөн талбай байжээ. Тэр талбайг тойрон аймгуудад сүм, дуган, лам нарын хашаа байрласан байна” гэжээ. Дээр өгүүлсэнчлэн хувьсгалын өмнө “Их чөлөө”, “Зарлах зам” гэх мэтээр нэрлэгдэж байсан бөгөөд энэ тайлбайн хойд зах нь Богдын Шар ордон, баруун зүүн тал нь ноѐд, лам нарын хашаа, өмнө зах нь Чойжин ламын сүмээр хязгаарлагдаг байжээ. Улмаар 1911 оны 12-р сарын 16 нд Монголын тусгаар тогтнолыг сэргээснийг зарлаж Богдыг Монголын эзэн хаанаар өргөмжлөн ширээнд суулгах төрийн ѐслол их чөлөөнд болж, Их хүрээг “Нийслэл хүрээ” гэж нэрлэхээр тогтсон байна. Мөн 1921 оны 7-р сарын 8 нд Монгол ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан цэргийн ангиуд ирж хүрээг чөлөөлөхийн хамт 7-р сарын 11 нд Их чөлөөнд модон индэр босгож хөдөлмөрчдийн өргөн цуглаан болж Д.Сүхбаатарын хувьсгалын ялалт, түүний утга учир гадаадын түрэмгийлэгчийг хөөн цэвэрлэсэн тухай яруу сайхан илтгэл хийсэн тэр үеэс эхлэн “Их чөлөөг”-г “Индэрийн талбай” хэмээн нэрлэх болж хожим нь “Сүхбаатарын талбай” хэмээн нэрлэжээ.
БАРИМТ 18
1945 онд Сайд нарын Зөвлөл, Намын төв хорооны хуралдааны 31/27-р тогтоолоор Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1946 оны 6-р сарын 15 нд Сүхбаатарын талбайг шинэчлэн байгуулах ажлыг нийслэлийн хөдөлмөрчдийн өргөн субботникоор эхлэж төв талбайг цардаж түүний дунд Их жанжин Сүхбаатарын хөшөөг босгосон бөгөөд хөшөөний суурийн чулууг Х.Чойбалсан тавьжээ.
БАРИМТ 19
ХХ зууны эхээр нийслэл нь Гандан, Зүүн хүрээ, Баруун хүрээ, баруун, зүүн Дамнуурчин, Харчуулын хороо, Наймаа хот, Консулын дэнж зэрэг үндсэн хэсэгт хуваагдаж том, жижиг 100 гаруй сүм дуган, гадаад дотоодын 360 гаруй гар урлалын газар, 600 шахам пүүс, дэлгүүр, 10 орчим зах зээл, хэдэн арван томоохон гудамжтай байжээ. Түүхийн тодорхой үе шатанд зарим гудамж, чөлөө нь нэрд гардаг. Тухайлаад ХХ зууны эхээр Хятадын өргөн чөлөө, баруун Дамнуурчын 9 гудамж, Худалдааны гудамж, 1925-1940 оны үед Усны гудамж, өнөө үед Энх тайвны өргөн чөлөө гэх мэт гудамж бий. Хувьсгалын өмнөх хүрээний гудамжууд нь тэнд оршин байгаа сүм дуган, лам ноѐд, пүүс дэлгүүрийн нэрээр нэрлэгдсэн муруй тахир, давчуу нарийн байжээ.
БАРИМТ 20
1923 оны 4-р сард Засгийн газраар шийдвэрээр хүрээний зээлийн 10 хэсэг их хогийг нийтийн хүчээр цэвэрлүүлснээс гадна 1924 онд хотын түр захиргаанаас хашаа, хаалтыг бүртгэн нэр, дугаар тогтоон, гудамж чөлөөг журамлах ажил эхэлжээ. Улмаар 1930-иад оноос хотын хөдөлгөөн ихтэй гудамж, чөлөөг засаж янзлах, мод тарих ажил эхлэсэн бана. Мөн 1938-1939 онд төв гудамжийг цардаж, Сайд нарын Зөвлөлийн 32-р тогтоолоор нийслэл хотын төв хэсгийн 113 гудамжны нэрийг шинэчлэн тогтоожээ.
БАРИМТ 21
1929 оны хоёрдугаар сарын 31-нд Монголтрансын ерөнхий хороо байгуулагджээ. Улаанбаатар, Амгаланбаатар хотын хооронд автобус явуулахаар болж, автобусны хоёр буудал байгуулж өдөрт таван удаа нийтийн тээврийн үйлчилгээ явуулахаар болсон байна. Улмаар 1931 оны арван нэгдүгээр сард Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хот дотор автобус явах дүрэм батлаж, явах зам, цагийн график, зорчигчдоос хураах хөлсний хэмжээг тогтоосон байна. 1933 оноос Их дэлгүүрээс Амгалан, Гандангаас Зүүн дэнжийн нисэх онгоцны буудал хүртэл хоёр чиглэлийг тогтмол явуулах болжээ. Мөн тус онд өртөө буудлын харьяанд Улаанбаатар хотын автобусны гражийг 14 автобустайгаар байгуулсан аж.
БАРИМТ 22
1936 оноос 14 автобусны хоёрыг нь Улаанбаатар, Улаан-үдийн замд, арван хоёрыг нь Улаанбаатар хотод явуулж, 1937 онд 98.3 мянган зорчигч тээвэрлэж, 14.0 сая км гүйцэтгэж байсан бол 1940 онд 872 мянган зорчигч тээвэрлэж, 215 сая км-ийн үүрэг гүйцэтгэх болсон байна. 1969 оны тавдугаар сард Сайд нарын зөвлөлийн хурлаар такси баазад чиглэлийн ба дуудлагын, ачааны таксын байнгын үйлчилгээг бий болгожээ. 1959 оны үед такси бааз 12 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, ГАЗ-67, москавич 401, М-1 баржав маркын машинууд ажиллаж үйлчилгээний төрөл нь цөөн, үйлчлэх цагийн тоо хоногт гурван цаг байв. 1959 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 332 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автобус, такси, моторын баазыг автобусны бааз, такси бааз болгон салгаж аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахаар тогтоожээ.
БАРИМТ 23
Нийслэл хүрээний Дарьгангын хороонд Дарьганга нутгийн Маа бээс ноён гурван гэр барьж суурьшсан цагаас хойш айл өрх нэмэгдэн Дарьгангын хороо хэмээгдэх болж. Тус хороо нь одоогийн Төмөр замын төв буудлын орчны газрыг хамарч байжээ. Оршин суугчид нь морь, тэмээний наймаачин, гуталчин, малгайчин зэрэг хувийн жижиг гар урчуудаар бүрдсэн байсан аж. 1949 оноос тус хорооны айл өрхүүд нүүн баруун, зүүн Нарангийн орчимд суурьшсан байна. Улмаар хуучин Дарьгангын хорооны нутаг дэвсгэрт 1948-1949 онд ган зам тавигдан орчин цагийн төмөр замын шинэ хот сүндэрлэн байгуулагджээ.
БАРИМТ 24
1925 оны тавдугаар сарын 25-нд Лапин даргатай нисэгчид Улаан-Үдээс Улаанбаатар хотод “Ю-13” нисэх онгоцоор анх нисэн ирж тэрхүү онгоцоо манай улсад хүлээлгэн өгч байжээ. 1963 оны хоёрдугаар сард Москва-Улаанбаатарын нисэх онгоцны шууд аялал нээсэн нь хоёр орны агаарын тээврийн харилцаанд шинэчлэл болжээ. Хоёр орны хооронд нисч байгаа ИЛ-18, АН-12, ТУ-124, ТУ134, ТУ-154, АН-24 зэрэг орчин үеийн олон хүний суудалтай хүнд даацын онгоцыг өдөр, шөнө, цаг агаарын хүнд нөхцөлд хүлээн авдаг болсон байна. ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулсан Улаанбаатар хотын Байн-Хандын нисэх онгоцны буудал, мөн ИЛ-14 гэдэг таван нисэх онгоц бүгд 20 сая гаруй рублийн үнэ бүхий эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр манай улсад шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (3)