“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдоос бүрдсэн “The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлагийг танилцуулах хэвлэлийн хурал боллоо. Тус хамтлаг нь “Leto music label”-д харьяалагдаж, продюсерээр хөгжмийн зохиолч Б.Наранзун ажиллаж байгаа юм.
Тэрбээр “Шинэ хамтлаг, дуучид урлагт хөл тавихад тулгардаг эхний том асуудал нь хөрөнгө санхүү байдаг. Иймд шинэ залуу уран бүтээлчдэд туслах, менежментийг нь хийх зорилгоор “Leto music label”-г анх байгуулсан. Үүсгэн байгуулсан хоёр жилийн хугацаандаа бид дуучин Наагийгийн шинэ цомог болон "The Wasabies" хамтлагийн цомгууд дээр амжилттай ажиллалаа.
Энэ удаад “The Raisins and Nuts” хамтлагийг танилцуулж байна. Монголын урлагт шинэ залуус их хэрэгтэй. Тиймээс ч хамтлагийн гишүүдийн саналыг хүлээн авч, продюсерээр ажиллаж байна. Тэд өөр өөрийн өнгө аястай залуус. Хүмүүс өөр хоорондоо адилгүй амтанд дуртай. Зарим нь давстай самарт дуртай байхад зарим нь чихэрлэг зүйлд дуртай. Тиймээс хамтлагийн гишүүдийн зан чанар, өнгө аястай уялдуулж, “The Raisins and Nuts” нэрийг өгсөн. “The R&N” олон янзын амт мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн юм.
Тус хамтлаг Cbass, Daniel, B2, Chilli, Markyz хэмээх таван гишүүн аж. “The R&N” хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр буюу Даниэль “Хоёр жилийн өмнөөс хамтлаг байгуулах талаар бодож байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард хамтлагаа байгуулсан. Манай хамтлагийн гишүүдийн хоёр нь СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн бол нэг нь жүжигчин мэргэжилтэй. Харин би өөрөө Хүмүүнлэгийн маркетингийн ангийг төгссөн. Хэдий өөр мэргэжлийн хүн ч гэлээ урлагт хайртай учраас энэ замруу орсон. Бидний саналыг хүлээн авч продюсерээр ажиллаж байгаа Б.Наранзун ахдаа баярлалаа. Бид цаашид олон олон уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах болно" гэсэн юм.
Б.Энхжин