Ипотекийн зээлийн найман хувийн хүүг зургаа болгох талаар судлахыг Засгийн газар холбогдох байгууллагуудад даалгасан. Энэ асуудлаар ойрын хугацаанд БХБЯ, арилжааны банкуудтай гурвалсан гэрээ байгуулахаар төлөвлөжээ.
Энэ талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “2021 оны зургаадугаар сар хүртэл ипотекийн зээлийг банкуудтай тохироод эх үүсвэрийг нь хоёр дахин нэмэх боломжтой. Харин долоодугаар сараас эрх зүйн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болно.
Тиймээс энэ хугацаанд үндэсний ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгож, корпорацыг байгуулах хууль, дагалдах эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай” гэжээ. Ямартай ч, ипотекийн зээлийн хүүг зургаа болгох бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголбанк энэ талаар удахгүй зарлах юм байна.