ЭШЛЭЛ 1
Коронавируст цар тахлын гамшгийг тойрч гарсан улс одоохондоо хараахан алга байна. Монгол Улсын хувьд есөн сарын турш дотооддоо вирусыг алдахгүй байхад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд хүчин зүтгэсэн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалахын олон мянган ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.
ЭШЛЭЛ 2
Цар тахлын улмаас бидний амсаж буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр их хүрээг хамарч, хэр хүчтэй тархах зэрэг нь тодорхойгүй төлөвт байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлого олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна.
ЭШЛЭЛ 3
Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүйгээр батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар энэхүү хуралдаанд оролцож, үг хэлж байна.
ЭШЛЭЛ 4
Орон нутагт, газар дээр нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байна. Олон сумдын нутгаар хуурайшилттай, ган болсноос өвөлжилт хүндрэх нөхцөл үүсчээ. Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна.
ЭШЛЭЛ 5
Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээсээ дор орсон, хөгжлийн ялгаатай болсныг Та бүхэн анзаарсан байх аа. Нэг улс, нэг үндэстэнд хөгжлийн ийм эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаад байгааг харуулж байна. Тэгш хандлага, тэнцвэртэй хөгжил орон нутагт үгүйлэгдэж байна.
ЭШЛЭЛ 6
Аливаа улсын хөгжлийн зүтгүүр болох аж үйлдвэрийн цогцолборуудын чиглэлийг зөв тогтоож, зөв байршуулж, түүнийгээ дагуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг иж бүрнээр нь төлөвлөн 5–10 жил тууштай бүтээн байгуулалтыг өрнүүлж байж хөгжлийн суурь тавигддаг нь нотлогдсон үнэн билээ.
ЭШЛЭЛ 7
Өнгөрсөн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь байтугай жижиг хэлбэрээр нь ч хийж хэрэгжүүлж чадсангүй ээ. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн, ийм л улс боллоо.
ЭШЛЭЛ 8
Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлуудынхаа эрэмбийг ойлгохгүй, огт шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна.
ЭШЛЭЛ 9
Аймаг, сумын төсвийг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэргүүнд чиглүүлэх, зарцуулах ёстой баймаар байдаг. Гэтэл асар үнэтэй, аварга том, гоёмсог хаалга барихыг чухалчилж байх жишээтэй. Хамаг хөрөнгөө ийм дэмий зүйлд үрж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
ЭШЛЭЛ 10
Ямар ч дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан ийм утгагүй, хоосон, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна. Орон нутгаас сонгогдсон гишүүд очоод үзэх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 11
Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй ээ. Мэргэжлийн хяналтынхан нь дулаан, бохирын шугамгүй барилгыг зөвшөөрсөн нь харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж дур зоргоороо үрж болохгүй байх. Би хувьдаа үүнийг дээр дооргүй сөрөг хүчний ямар ч хяналтгүй болчихсон, олонхоороо түрэмгийлж асуудлыг шийддэг болчихсоны үр дагавар гэж харж байна.
ЭШЛЭЛ 12
Сумдад ажлын байр байхгүйгээс иргэд төв рүү шилжих явц зогсохгүй, улам эрчимжиж нутаг эзгүйрч байна. Алслагдсан сумдад хүн амын бодлого үнэхээр хэрэгтэй байна.
ЭШЛЭЛ 13
Монголчууд таван хошуу малынхаа өгөөжийг ашиглах, боловсруулах анхан шатны үйлдвэрлэл явуулах, нийлүүлэлтийн сүлжээ нь тодорхой болсон байхад хэзээд ажилтай байх боломж байна. Жирийн иргэд халамж биш, ажлын байрыг л хүсэж байна. Иргэдээсээ дор сэтгэлгээтэй орон нутгийн удирдлагуудыг үргэлжлүүлээд байлгаад байх юм уу.
ЭШЛЭЛ 14
Гишүүд улсын төсвийг тодотгохдоо аймшиггүйгээр 4,8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна.
ЭШЛЭЛ 15
Төсвийн алдагдал бол өр! Тэр хаашаа ч алга болохгүй, иргэд татвараараа л барагдуулдаг. Ажил хийж байгаа бүх хүн хөдөлмөрийн хөлснөөсөө суутгуулж та нарын тавьсан алдагдлыг нөхдөг юм. Эсвэл гадаадаас зээл авах арга бодож олдог. Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу? Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ?
ЭШЛЭЛ 16
Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна.
ЭШЛЭЛ 17
Эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна. Баялаг нь байгаа, боломж нь байгаа. 80 сая дөхөж байгаа мал сүрэг бидэнд хангалттай орлого өгөхөд бас бэлэн байгаа. Бид мөнгө болгож чадахгүй хаяж байгаа нь дэндүү арчаагүйнх гэхээс өөрөөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
ЭШЛЭЛ 18
Одоо жижиг сажиг сүржигнэл, хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол ирж байна. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг мөн анхаарууллаа.
ЭШЛЭЛ 19
Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ. Юун архины савлагаа, дээлийн хээ, кэмбрижийн хөтөлбөр яриад байна вэ?
ЭШЛЭЛ 20
Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байна. Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж, үй олон ажлын байр бий болгох, экспортын орлого ихээр олох асуудлыг эн тэргүүнд эрэмбэлээд, хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсэж, бас шаардаж байна.
ЭШЛЭЛ 21
Өрийг өрөөр дарчихаад дайснаа дарсан мэт хөөрцөглөж суухаар орлого олоход толгойгоо өвтгөөч ээ. Цаг хугацаа Та бүхний аясыг дагахгүй. Төсөвт хандах цэвдэг хандлагаа Та бүхэн өөрчлөхгүй бол сүйрэл авчирч мэдэхээр байна шүү.
ЭШЛЭЛ 22
Монгол Улсын Засгийн газар 2017 онд Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илэрхий зөрчсөн учраас хориг тавьсан ч олонхын бүлэг хүлээн авахаас татгалзсан. Одоо өрийг өрөөр дараад сайрхаад байдгаа нэн тэргүүнд зогсоох хэрэгтэй.
ЭШЛЭЛ 23
2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа.
ЭШЛЭЛ 24
Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.
Сэтгэгдэл (17)