Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг олон нийтэд өнөөдөр танилцууллаа. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг эрчимжүүлж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Дотооддоо халдвар тархаагүй учраас эдийн засгийг дэмжих зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж, Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхэлсэн байна. Тухайлбал, 1262 байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж, 11 мянган ажилчдын орлогыг нэмэгдүүлсэн ажээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн НЗД-ын А/930 дугаар захирамжаар диско баар, олон нийтийн үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон заалтыг хүчингүй болгож, үйл ажиллагааг нь нээж байна. Энэ хүрээнд диско баарны үйл ажиллагаа явуулдаг 81 байгууллага халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллана” гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Ковид халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин Ковид тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдэдээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг зөвлөлөө. Мөн сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгах. Дархлааг дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой дархлаагаа сайтар дэмжихийг мөн уриаллаа.
Сэтгэгдэл (1)