Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төрийн гурван өндөрлөг цэцэг өргөж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ.
Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31.314 иргэнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль батлагдсан 1998 оноос хойшхи хугацаанд хуудийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.2 дахь заалтад тусгагдсан 500 мянга, 1 сая, 40 сая, 80 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд нийт 71 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгожээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр бол тэмдэглэлт өдөр биш. Дурсан санаж, эмгэнэл илэрхийлэх өдөр. Цаг хугацаа улирахын хэрээр түүх мартагдаж, шарх аньдаг. Гэвч сорив нь хэзээ ч арилдаггүй. Тийм учраас л бид энэ өдрийг тасалдуулалгүй жил бүр санагалзаж байх учиртай юм.
Энэ аймшигт явдлын үр дүнд Монгол улсын маань хүн ард сэтгэлийн шарх эдэлж, итгэлийн галаа бөхөөлгөж улс эх орон маань асар олон тооны хүнийхээ амь насыг алдаж, чамгүй тооны иргэдээ эд мал хөрөнгөтэй нь хүний нутаг руу дүрвэхэд хүргэсэн гашуун түүхтэй. 45000 гаруй Монголчууд тайван бүс нутаг руугаа нүүдэллэж Өвөрмонголын зүг ар гэр, эд хөрөнгөтэйгээ цуг очсон байдаг. Тухайн цаг үеийн Монголын хүн амын 10-аад хувьтай тэнцэх хүн амаа гадагш алдсан гашуун түүх гэж ойлгож болно. Нүүдэлчин соёл маань бидний нэгээхэн хэсгийг ч болов амьд мэнд авч үлдсэн боловч хожмоо хүний нутгийн иргэн болгох юм чинээ хэн санахав дээ.
Нөгөөтэйгөөр тэр олон хүний шилжилт энэ их хэлмэгдүүлэлтийн эрчийг сулруулахад багагүй хувь нэмэр оруулсан. Эх орноосоо урвагч нэр зүүж байсан тэдгээр хүмүүс эх оронд нь амьдрах аргагүй болсонд л арга буюу өвөр нутгийг зорьсон хэрэг. Түүнээс ч илүү эмгэнэлт түүхийг амссан, хэлмэгдэж амь нас, бие сэтгэлээрээ хохирсон 36 мянган хүний ар гэрийнхэн ч бас шууд бус хамаарлаар хохирч үлдсэн. Хэдийгээр бид тэдний нэр төрийг сэргээлгэж цагаатгаж байгаа хэдий ч наанадаж иргэдийнхээ сэтгэлийн шархлуулсан, цаанадаж улс орныхоо түүхийг харлуулсан түүхэн цаг үеийг туулжээ.
Монголчууд зовж үзээгүй ард түмэн гэдэг бид түүхэндээ зовж үзсэн юм. Хүн амынхаа 5 хувийг зольж, 10 хувийг гадагш урсгасан тийм л гашуун цаг үеийг туулсан нь зовлон биш юм бол өөр юуг зовлон гэх билээ. Тиймээс энэ өдөр гашуун түүхийн золиос болсон тэр олон хүн, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх учиртай бүх Монгол үндэстний хэмжээний санагалзах өдөр юм” гэжээ. Ингээд хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын фото сурвалжлагыг хүргэж байна.