УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 3.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар төсвийн тодотголыг баталсан.
Цар тахалтай холбогдуулан аж ахуйн нэгжийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор НДШ-ийг он дуустал тэглэх, хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх, хүүхдийн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг он дуустал олгохоор шийдвэрлэсэн.
Тэгвэл халамжийн энэ бодлого нь төсөвт хүндрэл учруулж, алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолсон юм. Шүүмжлэл дагуулж батлагдсан төсвийн тодотголд 514 барилга байгуулмжийн төсөл багтжээ.
Тодруулбал, 1,330.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 1446 төсөл хэрэгжүүлж, 2020 онд 514 барилга байгууламж ашиглалтад орно. Үүнд, нийт 134 сургууль, 145 цэцэрлэг, 75 эмнэлэг, 107 авто зам, гүүрийн байгуулмж, 217.8 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 6 цахилгаан дамжуулах дэд станц, түүхийн өв соёл, аялал жуулчлалын төсөл Чингис хааны музей, соёл, боловсролын салбарын төсөл Үндэсний номын сангийн барилга зэрэг энэ онд ашиглалтад орохоор төсөвлөгджээ.
А.Сүх