Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Алтанбулаг боомтоор иргэдийн татан авах ажиллагаа болсон. Энэ үеэр монголын нэг оюутан сургуулиас нь хүрэлцэн ирж суралцах бичиг ирснийг бидэнд үзүүлэн хил нэвтэрсэн. Гэтэл ОХУ хил нэвтрүүлээгүй. Шалтгаан нь тус улсын Засгийн газрын шийдвэр гараагүй гэсэн. Ингээд оюутан зардал мөнгөний хохирол амссан тохиолдол гарсан.
Тиймээс эцэг эх, оюутан сурагчид хандаж хэлэхэд тус улсын Засгийн газрын шийдвэр гарсны дараа бэлтгэлээ базаах нь зөв шүү.
Хоёрдугаарт, долдугаар сарын 20-оос хойш Шуурхай штабаас Солонгос улсаас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрийг Элчин сайдын яам, Консулын газартаа гаргаад дарааллаар нь явуул. Иргэдийн хооронд зөрчил их гарч байна. Ил болгох зарчмыг гаргаснаас хойш иргэдийн гаргаж буй зөрчил, маргаан багассан гэж тооцоолж байна. Гэхдээ нэг зүйл байна. Гэнэтийн үйл явдал тохиолдсон, хагалгаанд орсон, ар гэрт нь асуудал гарсан ийм иргэн дараалал харгалзахгүй ирэх шаардлага гардаг. Энэ үед Шуурхай штаб тодорхой хэмжээний зохицуулах үйл ажиллагаа явуулдаг.
Бид ямар нэгэн байдлаар өгөө аваанд ороогүй. Шуурхай штабт хэн нэгэн хүнийг таньдаг нэрээр асуудалд битгий хандаж, буруу зүйлд хутгалдаарай гэж хэлмээр байна" гэлээ.
А.Сүх