Монголчуудыг хувьтай ард түмэн гэдэг. Тэр нь ч үнэн. Тусгай үүргийн онгоцоор Туркийн Истанбулаас Улаанбаатарыг чиглэн нислэг үйлдэж байсан МИАТ-ийн онгоцонд ихэр охид мэндэлсэн нь Үндэсний Их баяр наадмын өмнөх хамгийн гэгээлэг, сайхан үйл явдал болж байсан нь саяхан. 1966 онд Сангидорж даргатай, АН-24 онгоцонд жирэмсэн эмэгтэй амаржиж байсан гэдэг.
Мөнгөнхүлэг нэртэй тухайн иргэн өдгөө энх тунх амьдарч байгаа юм. Үүнээс 54 жилийн дараа хоёр дахь тохиолдол гарсан нь тэр дундаа тусгай үүргийн онгоцонд ихэр охид мэндэлсэн нь энэ юм.
Ингэхдээ ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад "Анхны охин мэндэллээ" гэсэн мэдээ онгоцны бүхээгт түгжээ. Үүнээс 10 гаруй минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн мэдээ дуулгасан нь эх орон руугаа тусгай үүргийн нислэгээр ирж явсан зорчигчдод баяр нэмжээ. Баяртай мэдээ гэвэл тусгай үүргийн нислэгт багтаж, эх орон руугаа ирж явахдаа онгоцонд мэндэлсэн эх, үрсийн тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусгавар болж, дараагийн шатны хяналтад шилжиж байгаа юм.
Гавьяат нисгэгч Г.Мөнх-Очир энэ тухай “Хоёр охин их азтай. Эх баригч хоёр ч хүн, эмч, сувилагч зэрэг маш олон бүрэлдэхүүн явж таарсан. Тэд байгаагүй бол эрсдэл үүсэх маш хүнд нөхцөл замын туршид үүсч байсан” гэсэн юм.
Онцлоход тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн хоёр ихэр охины хувьд дутуу төрсөн байдаг. Гэсэн ч өдгөө сар гаруй болж буй тэд хэвийн жиндээ хүрч, биеийн байдал нь сайжирчээ. Охидын нэрийг Эхнцэлмэг, Энхжигүүр гэдэг. Жамаараа төрөх хугацаа нь есдүгээр сар байсан ч тэд ийнхүү агаарын хөлөг нислэгээ үйлдэж байхад энх тунх мэндэлж, эх орондоо газардсанаар ийнхүү гэртээ харихаар болж байна.
МИАТ компанийн зүгээс ихэр болон ээжид бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгожээ. Нэмж тодотгоход “Анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үед онгоцны үйлчлэгч хүний бие муудлаа гэж дуудаад, очиход эхийн даралт өндөр 150/100-тай байсан. Охидын ээж долоон сар гаруйтай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн.
Даралт бууруулах эм өгөөд байж байтал удалгүй ус нь гарсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт юм.
Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигчид дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн.
Төрсний дараа эхийн даралт унасан, буухад гурван цаг дутуу байхад нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Харин олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байгаа” хэмээсэн ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн газрын дарга Б.Батсүх тэргүүтэй эмч нарын баг бүрэлдэхүүнд нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэх нь зүйн хэрэг болов уу.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (3)