Хүүхэд нас, хар бараан бүхий л зүйлсээс ангид байх амьдралын гэгээн үе. Энэ л насанд амьдралтай анхлан танилцаж, юмсын утга учрыг таних мэдэхийг эрмэлзэнэ. Ой ухаандаа бүрэлдэж буй төсөөлөл бүхэн хийгээд харах өнцөг нь үргэлж гэгээлэг. Тэд амьдралаас гэрэлтэйг нь олж харж чаддаг. Ийм л нандин үе. Гэхдээ хүүхэд бүрт өөр өөрийн ертөнц, хүсэл эрмэлзэл оршин бий. Тэдний ертөнцийг нээхээр “Улаанбаатар Эмпати” сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн дэлгэжээ. Энд хүүхдүүд өөрийн төсөөллөө бүтээл болгон амилуулсан байна. Ингээд бяцхан зураачдын бүтээлээс сонирхуулъя.