Монголчууд сүмод хайртай. Магад хамгийн их шимтэн үздэг ард түмний нэг нь байх. Ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж, хоёр нийгмийн хооронд шилжсэн тэртээх 1990-ээд оны үед манай эриний наймдугаар зуунаас үүдэлтэй хэмээн Японы судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн сүмо бөхөд хүч үзэхээр Монголоос гурван хүү зорьсон нь Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат нар. Тэд ч зорилгодоо хүрсэн. Арлын Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд шинэ хуудсыг нээж чадсан. Тэдгээрийн араас Д.Дагвадорж, Х.Даваажаргал, Б.Дашням нарын дараагийн үе хүч түрж, эр бяраа үзүүлж эхэлсэн нь 2003 он.
Энэ үед “Өглөөний хөх луу” хэмээх авторын эзэн Асашёорюү Д.Дагвадорж олон зууны түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд Монголын анхны ёкозүна буюу аварга болж 2007 оныг хүртэл цорын ганцаараа уг цолыг эзэмшиж байв.
Ард түмэндээ “АСА” хэмээх нэрээрээ эчнээ танил болсон Д.Дагвадоржийн араас олон аварга төрсөн, сүмогийн дэвжээнээс. Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүнагаар Д.Дагвадорж тодорсноос хойш 69, 70, 71 дэх их аваргаар Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд тэргүүтэй Монгол хөвгүүд тодорсон нь үүний илрэл.
Харин энэ удаад дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын хүрээнд болж өнгөрсөн долдугаар буюу өнгөрсөн сарын башёд бас нэгэн шинэ түүхийг бичсэн нь дахин монголчуудтай холбогдлоо. Тэр нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Түүний хувьд 13 давж, хоёр унаснаар мэргэжлийн сүмогийн Нагоя башёд хоёр дахь түрүүгээ хүртсэн нь энэ. Санаж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-эрдэнэ мэргэжлийн сүмод хамгийн эр бяртай, итгэл найдварын туг нь болж байв. Японы хэвлэлүүд төдийгүй Сүмо бөхийн холбооноос Г.Ган-Эрдэнийг дараагийн ёкозүнагаар нэрлэж, бичиж байсан нь үүний илрэл.
Гэвч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд амжилт, алдрын зам бусад шиг нь үүдээ нээсэнгүй. Түүний туулах он цаг хугацаа тийм ч дардан, шулуун байсангүй. Дараагийн башё дахь дараалсан хоёр ялагдал нь түүнийг тохойндоо хүнд гэмтэл авч олон удаагийн мэс засалд оруулах шалтгаан болж, хэсэгтээ эмнэлгийн орон дээр “хэвтүүлсэн” юм. Үүний хажуугаар чихрийн шижин, бөөрний чулуу, элэгний эмчилгээ Г.Ган-Эрдэнийг “ороожээ”.
Сүмогийн дүрэм хатуу. Нэгэнт барилдаж эхэлсэн бол түүнийг тойрсон дэг журам, ёс жаягаас зөрж, сажих эрх үгүй. Эр бяр нь амтагдсан ямар ч аавын хүү байсан дэг журам, ёс жаягаасаа гажвал шийтгэл ногдуулахаас эхлээд олон арван хариуцлага дагадаг.
Хэнбугай ч байсан хүрсэн, хүртсэн цолондоо эзэн байж чадахгүй бол хураалгана. Эцсийн зогсоол нь зодог тайлах. Ийм л нэгэн хатуу дүрэм дунд тэд ялалт гэсэн ганцхан зорилгын төлөө дэвжээн дээр гардаг, түүндээ хүрэх гэж тэмүүлдэг. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ замыг тойроогүй, туулсан.
Баргийн нэгэн хүрээнд байдаггүй Озеки буюу Арслан цолонд тэр хүрсэн ч бэртэл гэмтлээсээ болж зиндаа буурч Жонидан зиндааных болтлоо зэрэг буурч байв. Ингэлээ гээд тэр бууж өгсөнгүй. Бэртлээ гүйцэд эдгээгүй байхдаа доод зиндаанд буцаж барилдаж Жониданаас буцаж барилдаж Санданмэ, Макүшита, Жүүрёо хүртэл дэвшсэн тухай Японы хэвлэлээр бичсэн нь одоо ч шарлаагүй байна. Ингэж л Г.Ган-Эрдэнэ дээд зиндаандаа эргэн ирж чадсан юм.
Хүнд бэртсэний улмаас барилдалгүй бараг жил болсон Тэрүнофүжи Жониданы дохён дээр гарч ирж барилдахдаа зүүн жигүүрийн 48 дахь бөх Ваканогүчиг зайлж, давсан байдаг. Г.Ган-Эрдэнэ 2018 оны хаврын тэмцээний 11 дэх өдрөөс хойш анх удаа ялалтын амтыг мэдэрсэн нь энэ.
Тухайн үед тэрбээр Жүүрёод барилдаж байв. Өглөөний 10 цаг орчим эл хуль байсан Бөхийн өргөөнд хоёр өвдгөө боосон Тэрүнофүжиг орж ирэхэд цөөн хэдэн үзэгч ихэд баярлан угтсан гэдэг. Ялалтынхаа дараа Тэрүнофүжи сэтгүүлчдэд “Дохён дээр гаралгүй удсан болохоор бага зэрэг эвгүй байлаа. Нэг сонин мэдрэмж төрж байв. Үзэгчдийн дэмжин хашхирч байгааг сонсоод баярласан” гэж ярьсан байдаг.
Яг үнэндээ Мэргэжлийн сүмогийн Озэки байсан бөх Макүшита зиндаанд барилдаж байсан түүх үгүй.
Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн тэмцэл, тэмүүлэл, зорилго, түүнийхээ төлөө гаргасан хөлс бүрийн үнэ цэнэ нь Жониданаас буцаад дээд зиндаа /Макүүчи/-нд дэвших зорилготой барилдаж эхэлсэн нь ийнхүү түрүү бөхийн энтэй байжээ. Ямар ч байсан жилийн өмнөх тэр нэгэн хар өдрийн дараахь нулимс өнөөдөр ялалтынх байсан нь юутай ч зүйрлэшгүй бахархам үйл явдал байсан нь сайхан.
С.Гандөл
Сэтгэгдэл (11)