COVID-19-ийн улмаас дэлхийн улс орнуудын эдийн засагт ихээхэн хүндрэл учирч, өсөлт нь саарсаар байгааг сүүлийн өдрүүдэд гарч байгаа II улирлын тоо мэдээллүүд харуулж байна.
АНУ-ын эдийн засаг II улиралд өндөр уналттай буюу улирлын ДНБ 32.9 хувиар буурчээ. Тус улсын эдийн засаг энэ онд 6.5 хувиар буурах, харин ирэх онд сэргэж 5 хувиар өсөх магаллалтай гэж ХНБ-ны шинжээчид таамаглаж байна.
Энэ сарын 28-29-ны өдрүүдэд хуралдсан АНУ-ын Холбооны Нөөцийн банкны Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаас бодлогын хүүг нам түвшинд хэвээр хадгалж, эдийн засгийг дэмжихийн тулд ХНБ өөрийн бололцоотой бүхий л арга хэрэгсэлүүдээ ашиглах болно гэдгээ мэдэгдлээ.
Харин Хятадын Төв банкны хувьд одоогийн байдлаар арай өөр бодлого баримталж байна. Хятад улс “Эдийн засгийн 2 эргэлт” бодлого баримтална гэдгийг тус улсын Эдийн засгийн төв байгууллагууд, шинжээчид илэрхийлж байна.
Энэ нь зөвхөн гадаад зах зээлийн эрэлт, гадаад худалдаанаас гадна дотоодын эрэлт, дотоодын худалдаанд тулгуурдасан эдийн засгийн эргэлтийг дэмжих гэсэн бодлого юм.
Хятадын Төв банкны хувьд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх бодлогоо түр сааруулж, цаашид мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгсэлүүдээр үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжихэд түлхүү анхаарна гэсэн байр суурийг илэрихийлжээ.