Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг нээлттэй хэлэлцүүлж дараах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, шүүх хурлаас Ж.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад давуу бий болгох гэмт хэрэг үйлдсэнд буруутайд тооцож, нийтэд албан тушаалд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ял оноолоо.
Мөн “Азаргын чонот гол” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатарыг бусадтай хуйвалдаж, эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулахад хамтран оролцсон, шүүгдэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Түвшинжаргалыг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсонд гэм буруутай тус тус тооцлоо.
Ингэснээр шүүгчдэгч Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар нарт нийтийн албан тушаалд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ял оноолоо.
Харин шүүгдэгч Д.Түвшинжаргалын нийтийн албан томилогдох эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ял, шүүгдэгч Д.Ганбатад нийтийн албан томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оноосон юм.
Түүнчлэн тэдний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцох шийдвэр гаргалаа.
Хэргийг нэхэн сануулбал, Ж.Эрдэнэбатыг шүүхээс Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм.
Тодруулбал, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулсан нь Ж.Эрдэнэбатыг буруутгах гол үндэслэл болсон аж.
Уг нь 2017 оны Засгийн газрын 90, 91 дүгээр тогтоолоор Ноён уул болон Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор болгож, өөр газруудад хайгуул хийх зөвшөөрөл олгохоор тусгах ёстой байж. Харин Засгийн газрын тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус, Дорнод аймгийн Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Ховд аймгийн Алтай сумд ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрлийн солбицлыг баталсны улмаас “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Д.Түвшинжаргал, уг компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар нарт давуу байдал бий болгон албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутайд тооцсон юм.
Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэм буруутайд шүүхээс ийн тооцлоо.
Г.Маргад
Сэтгэгдэл (17)