БАРИМТ 1
2020 оны парламентын шинэ бүрэлдэхүүнээс хамгийн ахмад настай гишүүн нь Баян-Өлгий аймгаас нэр дэвшин сонгогдсон Х.Баделхан. Тэрбээр 66 настай, Барилга, хот байгуулалтын сайдын албатай. Аж үйлдвэрийн дэд сайдын албатай явсан түүний хувьд энэ удаагийн парламентад гурав дахь удаагаа сонгогдон ажиллахаар болж байна.
БАРИМТ 2
МАН үнэмлэхүй олонхийг дахин бүрдүүлэхээр болсон УИХ-ын хамгийн залуу гишүүнээр Н.Учрал тодорч байна. 2016 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт анх удаагаа нэр дэвшин сонгогдсон тэрбээр энэ удаад улиран сонгогдсоноор хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллахаар болж байна.
БАРИМТ 3
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймагт дахин нэр дэвшиж, сонгогдсоноор энэ парламентад хамгийн олон удаа УИХ-ын гишүүнээр ажилласан хүн болж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Н.Энхболд өдгөө тав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь.
БАРИМТ 4
Парламентын сонгуульд хамгийн өндөр хувиар гарч ирсэн нэр дэвшигч нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдсөн түүний хувьд 72.2 хувийн санал авч сонгогдсон бусад 75 нэр дэвшигчээсээ хол зөрүүтэй хувиар УИХ-ын гишүүн болсон тохиолдол болж байна.
БАРИМТ 5
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлд нэр дэвшигчдээс хамгийн өндөр буюу 68.6 хувийн саналыг авч анх удаагаа УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болсон юм.
БАРИМТ 6
Энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулснаараа онцлог. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт “Зөв хүн Электорат эвсэл”-ээс нэр дэвшиж өрсөлдсөн Т.Доржханд 27.5 хувиар УИХ-д сонгогдсон юм. Уг үзүүлэлтээрээ тэрбээр хамгийн бага хувиар УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.
БАРИМТ 7
Сонгогчдоос хамгийн их санал авсан хүнээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшсэн Н.Учрал тодорсон. Түүний хувьд 53 мянган сонгогчийн саналыг авсан байдаг.
БАРИМТ 8
Харин хамгийн бага санал авсан нь УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг. Тэрбээр 10 гаруй мянган хүний саналаар хоёр дахь удаагаа сонгогдсон юм.
БАРИМТ 9
УИХ-ын шинэ бүрэлдэхүүнээс хамгийн олон хэлтэй нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар. Тэрбээр Англи, Орос, Кхмер, Тай хэлтэй. Бусад гишүүний хувьд англи, орос хэлтэй.
БАРИМТ 10
2016 оны парламентын бүрэлдэхүүнд Үндэсний бөхийн хоёр дархан аварга, нэг аварга багтаж, бодлого тодорхойлж байв. Харин энэ удаад дархан аварга, аварга, гарьд гэсэн гурван төлөөлөл бүхий гишүүнээр бүл нэмлээ.
БАРИМТ 11
Үүнээс Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар улиран сонгогдсон бол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг анх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллахаар болж байна.
БАРИМТ 12
Ерөнхий сайдаар ажиллаж байсан дөрвөн эрхэм энэ удаагийн УИХ-д ажиллахаар болсон нь У.Хүрэлсүх, Н.Алтанхуяг, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар. Н.Алтанхуягийн хувьд Орхон, Сү.Батболд Дундговь, Говьсүмбэр, Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, У.Хүрэлсүх Хэнтий аймгаас сонгогдсон.
БАРИМТ 13
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс өөрийн аймаг, дүүрэгтээ нэр дэвшиж гишүүн болсон нь цөөнгүй байлаа. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Дорноговь Т.Энхтүвшин, Өвөрхангай Г.Ганболд, Орхон Д.Батлут, Төв Ж.Батжаргал, Өмнөговь Н.Наранбаатар болон Баянгол С.Одонтуяа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар сонгогдоод байна.
БАРИМТ 14
2020 оны парламентад зэвсэгт хүчнээс нэг хүн сонгогдсон нь хошууч генерал Ц.Сэргэлэн. Хил хамгаалах, ерөнхий газрын даргаар ажиллаж байсан түүний хувьд хуульд заасны дагуу өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч Дорнод аймагт өрсөлдөх замаа зассан байдаг.
БАРИМТ 15
Бизнесийн салбараас УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн энэ парламентад цөөнгүй. Тэдгээр нь “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “Жем интернэшнл”-ийн Ц.Цэрэнпунцаг, “Сөүл”-ийн Д.Өнөрболор, “Номгон Санчир”-ын А.Адъяасүрэн, “ТЭСО”-гийн О.Цогтгэрэл, А.Адъшаа, Х.Ганхуяг нар.
БАРИМТ 16
Өмнөх парламентад сэтгүүлчдийн төлөөллөөс төр түшилцэж байсан бол энэ удаад ч ажиллах нь. Тэдгээр нь Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа.
БАРИМТ 17
Банкны салбараас УИХ-ын гишүүн болсон эрхмүүдийн тоог энэ удаад Хан-Уул дүүргээс сонгогдсон Г.Амартүвшин үргэлжлүүлж байна.
БАРИМТ 18
Олон нийтэд “Шарк” нэрээрээ эчнээ танигдсан түүний хувьд Б.Жавхлантай нэг ангид суухаар болсон нь энэ.
БАРИМТ 19
УИХ-ын гишүүн төдийгүй сайдын албыг хашиж ирснээрээ Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, Н.Энхболд, Сү.Батболд, Д.Цогтбаатар нар тэргүүлж байна. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд 3-4 удаа сайдын алба хашиж иржээ.
БАРИМТ 20
Өмнөх парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллаж байсан бол энэ тоо нэгээр цөөрч 12 болов. Тодруулбал, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, И.Оюунчимэг, С.Одонтуяа нар сонгогдсон юм.
БАРИМТ 21
У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан эрхмүүдээс 11 нь УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Ингэснээр У.Хүрэлсүхийн баг танхимаараа шахуу сонгогдсон Засгийн газар болж байна.
БАРИМТ 22
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар багтаж байна.
БАРИМТ 23
Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд ганцхан аймагт багаараа ялалт байгуулсан тойрог нь Сүхбаатар. Тус аймагт Ж.Батсуурь, Н.Ганибал нар сонгогчдын олонхийн саналыг авч, ялалт байгуулсан юм.
БАРИМТ 24
УИХ-ын гишүүдээс дансандаа хамгийн их хадгаламжтай нь Баянгол дүүргээс сонгогдсон Ж.Ганбаатар. Түүний хувьд 25 тэрбум төгрөгийн хадгаламжтай.
Сэтгэгдэл (1)