АСУУЛТ 1
-Таны хувь эзэмшдэг, АТГ-т өгсөн мэдүүлэгтээ дурдсан “Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” ХХК-иуд нүүрсний тээвэр хийдэг үү? Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганц мод боомт руу тээвэр хийдэг нүүрсний машинуудын 40 хувь нь таны эзэмшдэг компаниудын нэр дээр байдаг гэдэг нь үнэн үү?
АСУУЛТ 2
-Та нүүрс тээврийн “С” зөвшөөрлийг ямар журмаар авдаг вэ? Энэ зөвшөөрлийг авахад хүндрэл, бэрхшээл таардаг уу?
АСУУЛТ 3
-“С” зөвшөөрөл авахын тулд албан тушаалтнуудад авлига өгч байсан уу?
АСУУЛТ 4
-Таны эзэмшдэг компани “Peace tower”-ын наймдугаар давхрын 804 тоотод үйл ажиллагаа явуулдаг уу?
АСУУЛТ 5
-Та Авто тээврийн үндэсний төвийн Г.Доржпалам гэдэг хүнийг таних уу?
АСУУЛТ 6
-Таны хувь эзэмшдэг тээврийн компаниудын 680 автомашинд “С” зөвшөөрөл өгөхийн тулд 100 мянган ам.долларын авлига авсан гэдэг хэрэгт холбогдоод байгаа энэ хүнтэй та өмнө нь уулзаж байсан уу?
АСУУЛТ 7
-Та нэр дэвших эрхийг АН-аас авахаас өмнөх хугацаанд ямар нэгэн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж байсан уу? Таныг бусдад авлига өгөх хэрэгт сэжиглэж, яллагдагчаар татагдсан гэдэг үнэн үү?
АСУУЛТ 8
-Таныг яллагдагчаар татах тухай нийслэлийн прокурорын газрын энэ оны гуравдугаар сарын 31-нд гаргасан тогтоол хэвлэлийнхэнд байдаг. Танд энэ тогтоолыг танилцуулсан уу? Эсвэл энэ тогтоол хуурамчаар үйлдэгдсэн тогтоол уу?
АСУУЛТ 9
-Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл ангийг Та мэдэх үү? Энэ хуулиар бусдад хахууль өгсөн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хасч, эсхүл гурав хүртэл жилийн хугацаагаар хорих ялтайг Та мэдэх үү?
АСУУЛТ 10
-Таныхаар энэ зүйл заалтад дурдсан “нийтийн алба” гэдэгт УИХ-ын гишүүн багтах уу?
АСУУЛТ 11
-Та хувь эзэмшдэг компаниудынхаа ашгийг л хүртдэг үү, эсвэл хариуцлагыг бас үүрэлцдэг үү?
АСУУЛТ 12
-Таны эзэмшлийн компаниудын эзэмшлийн автомашинуудын аюулгүй ажиллагаа хэр хангагдсан байдаг вэ? 2018 онд таны компанийн автомашинд гал гарч, жолооч Д 98 хувийн түлэгдэлтэй гэсэн оношоор нас барсныг та мэдэх үү?
АСУУЛТ 13
-Энэ ослын шалтгааныг “Зориулалтын бус тоноглол”-оос болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь жолоочийн буруу байсан уу, танай компанийн буруу байсан уу?
АСУУЛТ 14
-Та талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзсан уу, компанийн зүгээс нөхөн төлбөр олгосон уу?
АСУУЛТ 15
-Таны хувь эзэмшдэг компаниудын жолооч нар тээвэрлэж байгаа нүүрсэндээ хориотой ургамал, бүтээгдэхүүн нууж хил гаргах гэж байгаад баригдсан хэдэн тохиолдол байдаг вэ? Эмийн ургамал нууцаар хил дамжуулан гаргах гэж байгаад баригдсан нүүрс тээврийн жолооч нарын судалгаанд Таны хувь эзэмшдэг компанийн жолооч нарын нэрс олон тохиолддог гэж үнэн үү?
АСУУЛТ 16
-Таны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Тэнгри транс групп”-ийн 80 хувийг БНХАУ-ын Урдын дунд хошууны “Жунчуань нүүрс интернэшнл трэйд”, “Сан тээвэр групп”-ийн 80 хувийг БНХАУ-ын Урдын дунд хошууны “Жунрунь трэйд”, “Ульгансар транс”-ын 80 хувийг БНХАУ-ын Урдын дунд хошууны “Хуафа ложистик” ХХК эзэмшдэг гэж үнэн үү? Нүүрс тээврийн эрх авахын тулд хятад эзэд Танд 20 хувийн “цалин” өгч ажиллуулдаг гэдэг яриаг Та хэрхэн няцаах вэ?
АСУУЛТ 17
-Баянхонгорын Засаг дарга асан, АН-ын гишүүн Жаргалсайханы эхнэр Т.Эрдмааг Та таних уу?
АСУУЛТ 18
-2020 оны зургадугаар сарын 19-ний өдөр Баянхонгорын ХААН банкаар дамжин хийгдсэн 800 сая төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээ тантай холбоотой юу? Энэ мөнгийг иргэдэд тараасан, сонгуулийн санал худалдаж авсан гэдэг яриа үнэн үү? Энэ мөнгөний цаад эзэд нь Таны 20 хувь эзэмшдэг нүүрс тээврийн компаниудын хятадууд гэдэг үнэн үү?
АСУУЛТ 19
-“Оюутолгой”-н аюулгүй жолоодлогын сургалт хариуцаад таван жил болж байгаа гэж үнэн үү? Та аюулгүй жолоодлогын сургалтдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Таны үүсгэн байгуулсан “Номгон санчир” жолооны курсыг төгссөн жолооч нар осол аваар олон гаргадаг гэдэг үнэн үү. Танай компани төгсөгчдөдийн аюулгүй жолоодлогоор судлагаа гаргадаг уу?
АСУУЛТ 20
-Таны үүсгэн байгуулсан "Номгон Санчир" төв Оюутолгойгоос гадна "Петро Чайна Дачин Тамсаг" уурхайн ажилчдад жолооны ангилал дээшлүүлэх сургалтыг уурхайн ордод нь очиж зохиодог гэсэн. Энэ бүгдийн ард бизнес, улс төрийн ямар нэгэн дэмжлэг бий юу?
АСУУЛТ 21
-УИХ-ын гишүүний тангараг өргөсний дараа өөрийн үүсгэн байгуулсан компанийн эрх ашгийг дэмжсэн шийдвэр гаргуулахгүй гэсэн баталгааг Та өгч чадах уу?
АСУУЛТ 22
-Таныг УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаанд “Номгон Санчир” компани бусдаасаа давуу эрхийг эдлэх үү?
АСУУЛТ 23
-Таны хувьд улс төрд орж, УИХ-д нэр дэвшин сонгогдсон гол шалтгаан тань юу вэ?. Үүний ард бизнесийн эрх ашигтай холбоотой ямар нэгэн асуудал бий юу?
АСУУЛТ 24
-Таныг Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсныг хүмүүс мэднэ. Зөвлөхөөр ажиллаж эхэлснээсээ хойш Ерөнхийлөгчтэй хэрхэн ойр ажиллаж ирсэн бэ?
Сэтгэгдэл (31)