БАРИМТ 1
МУИС-ийг физикч мэргэжлээр дүүргэсэн Н.Алтанхуяг 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 1998 онд Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдож байв. Улмаар 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Тэргүүн Шадар сайдаар ажилласан туршлагатай.
БАРИМТ 2
Үнэндээ Ардчиллын 25 жилд АН-ыг хамгийн сайн зангидаж, хамгийн том амжилтад хүргэсэн хүн бол Н.Алтанхуяг. Үүнийг өдгөө нам дотроо төдийгүй олон нийт эргэн санах сөхөөгүй байна. Гэвч үүнийг түүх мартахгүй. АН харьцангуй залуу түүхтэй нам. Тиймээс энэ намд зүтгэсэн хүн бүрийн алдаа оноог дэнсэлж үзэхэд амархан. Ердөө 30 гаруй жилийн өмнөх түүхийн хуудсаас эхлэн эргүүлэхэд хангалттай. Тэр дунд Н.Алтанхуяг шиг тууштай бөгөөд үргэлж галын шугам дээр ажилласан хүн цөөн. Бараг л байхгүй. Намын генсек гэдэг албан тушаалыг хэн дуртай нь хийгээд байх ажил биш.
БАРИМТ 3
Ялангуяа АН шиг олон фракцын олон өөр толгойтой намд генсек хийнэ гэдэг үндсэн үүргээсээ гадна жинхэнэ тэсвэр тэвчээртэй хүний хийх ажил шиг байгаа юм. Үнэндээ Н.Алтанхуяг 1992 оноос хойш “мөнхийн генсек” гэж нэрлэгдэх хүртлээ энэ албыг хашихдаа АН-ыг одоогийн зэрэг зиндаанд хүрэх суурийг нь тавьсантай маргах хүн эрхбиш гарахгүй биз ээ. Учир нь тэр хугацаанд Н.Алтанхуягийг цааш нь түлхэхдээ түлхэж, царайчилж гуйхдаа гуйсаар генсекийн ээлжгүй албыг түүнээс өөр аятай аваад явах хүнгүй гэдгээ мэдэрч байсан үе бий.
БАРИМТ 4
2008 онд Ардчилсан намын тав дахь даргаар томилогдсон түүний хувьд 2012 оны сонгуульд АН-ыг УИХ-д олуулаа болгож, Засгийн газраа байгуулах эрхтэй болгож байлаа. 27 дахь Ерөнхий сайд болсон тэрбээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан 2014 оныг хүртэл гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан юм.
БАРИМТ 5
Н.Алтанхуяг АН-ыг УИХ-д ялуулаад зогсохгүй нийслэл, орон нутагт засаглахад голлох нөлөө үзүүлсэн байдаг. Н.Алтанхуягийн ялалтын буухиа ингээд зогссонгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан нь АН-ын түүхэнд дараалсан ялалтын автор хэмээн тодотгоход хүргэсэн байдаг. Засгийн ажлыг авмагцаа тэрбээр Төрийн ордныг түмэнд нээлттэй болголоо, ард иргэдээ сонсох 11-11 төвийг нээж байв.
БАРИМТ 6
Түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоос эхлээд хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. Ингэхдээ таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан байдаг бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьсан гэдэг.
БАРИМТ 7
Үүгээр зогсохгүй жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сардаа төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэдэг болсон юм. Уг бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэлсэн байдаг.
БАРИМТ 8
Түүнчлэн Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хялбар авах ТҮЦ машиныг нэвтрүүлсэн автор нь Н.Алтанхуяг. Ингэснээр нийслэл хот болон 21 аймаг ТҮЦ машинтай болж, иргэд хорооны засаг дарга, бүртгэлийн байгууллагад дугаарлаж зогсох шаардлагагүй болсон юм. Мөн тэр 11 аймгийг оношилгооны төвтэй болгож, орон нутгийн иргэд нутагтаа оношилгоонд хамрагдах боломж бүрдсэн. Ийнхүү тэрбээр Монгол улсын хамгийн бүтээн байгуулагч Ерөнхий сайдаар тодорч байв.
БАРИМТ 9
Гэвч 2012-2016 онд сөрөг хүчнээр ажилласан МАН-ын зүгээс Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг өргөн барьж, улмаар АН-ын гишүүдийн оролцоотойгоор Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж байлаа. Энэ үеэс Н.Алтанхуягийн улс төр эхэлж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нарыг “Шударга бусын хонгил”-ын тэргүүнээр зарлаж, тэдэнтэй хийх тэмцэлээ идэвхжүүлж эхэлсэн юм.
БАРИМТ 10
Тэрбээр “Монгол Улс эзэнтэй, хайрлаж хамгаалах иргэдтэй. Намын эрх ашгийн дор орж болохгүй, эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон. Тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод Оюу Тойлгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй” хэмээн мэдэгдэж байв.
БАРИМТ 11
Мөн тэрбээр “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа албан ёсоор зарлаж, “Монголчууд бид эв нэгдэл, арга билгээрээ үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой хүмүүс. Энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр гэмт хэрэгтнүүдээр дүүрч авлигын диваажин болсон. Авлигын диваажин байгуулж ард түмний өмчийг хувьдаа завшдаг, хуулийн засаглалыг хувьчилж аваад өөрсдөдөө үйлчлүүлдэг, хулгайн өмчүүдээ хувийн өмч гэдэг увайгүй цөөхөн хүмүүсийг ард түмний шүүх шударга шүүхийн өмнө авчрах цаг болжээ.
БАРИМТ 12
Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь завшсан, мянган мянган ажлын байр айл өрхийн сайхан амьдрах боломжуудыг хулгайлсан нь нотлогдоод байгаа УИХ-ыг ёсзүйн чадамжгүй гэж үзэж нэн яаралтай тараая. Монголын ард түмний өмч болсон газрын доорх баялгийг мөн нийслэл, дүүргийн газрыг зарж хөрөнгөжсөн бүлэг этгээдтэй хариуцлага тооцъё. Иргэдээ бус эрх мэдэлтнүүдэд тал засаж үйлчилдэг захиалгаар бусдыг хэлмэгдүүлдэг, монголын баялгийг хууль бусаар эзэгнэх ажлыг голлон зохион байгуулдаг шударга бусын хонгилыг нурааж тэгш журамт, шударга ёсыг сэргээн тогтоох цаг ирээд байна. Үүний тул та бид хамтдаа гурван төрийн ажил хийнэ. Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё. Хоёрдугаар, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё. Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, босгоё” гэсэн байдаг.
БАРИМТ 13
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өнгөрсөн хугацаанд хийж ирсэн тэмцэл нь талаар болоогүйг тэрбээр Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар тодордог. Өөрөө ч “Би 60 хүрсэн, хэр баргийн юмыг өнгөрөөх насандаа ирсэн хүн. Шууд үр дүнгээс илүү суурь гажуудал бэхэжчих вий гэж улайран тэмцээд байгаа юм. Өнөөдөр та залхаад, би дуугүй болоод, бид бүгд энэ бүхнийг мартчихвал маргааш Монголд юу болох вэ гэдгийг тааж цөхөх юмгүй биз дээ. Хуулиас дээгүүр анги давхарга, хүссэнээ хийж хэлмэгдүүлдэг тогтолцоо, цөөнх нь хэт баян олонхи нь үгээгүй ядуу, баялгийг нь эзэнгүй мэт гадныхан авлигаар сорчилж мөлжин, залуус нь гадаад гарч дүрвээд, энэ эх орон товчхондоо сүйрч, устаж түүхээс арчигдана.
БАРИМТ 14
Хувь хүний ур чадвараас шалтгаалдаг олон салбарт манай залуус өөрсдийн хүчээр гялалзаж байгааг бид мэднэ. ХҮ хамтлаг, сагсчид, оюуны спортынхон, шинжлэх ухааны олимпиадад тэргүүлэгч залуус, спортын тамирчид, олимпийн аваргууд гээд бүхий л салбарт Монгол залуус яаж гялалзаж байна. Эдийн засаг бизнесийн салбарт ч шинэ үеийнхэн технологийн хөгжлийн давуу талаар ямар ч хоцрогдолгүйгээр дэлхийтэй зэрэг өрсөлдөх үүд нээлттэй.
БАРИМТ 15
Гагцхүү төр засгийн бодлого шийдвэрүүд түүнийг нь ойлгохгүй хоцрогдолтой байгаад байна. Би олон мундаг залуустай байнга уулзаж, сонсож өөрийгөө цэнэглэж явдаг. Тэд дэлхий даяар шинэ үеийнхэний суурь сэтгэлгээ, соёл хандлагын маш том өөрчлөлтийн талаар ам нэгтэй ярьдаг. Өөрөө ч хэрэндээ уншиж судалж байгаа. Дайнгүй өлсгөлөнгүй, хэрэглээ багатай, хүмүүнлэг, мөрөөдөгч шинэ үеийнхэн энэ дэлхийг эерэг чиглэл рүү бодитой өөрчлөнө гэдэгтэй дэлхий нийт санал нийлж байгаа ч, бас нэг том сорилт нь бидний үеэс шалтгаална.
БАРИМТ 16
Холын зорилгоо тодорхойлохгүй бол ойрын зовлонгоос ангижрахгүй гэдэг үгийг нотлох гэж бид 30 жил олон боломжоо алдлаа. Ний нуугүй хэлэхэд 2012 онд намаа ялуулж, “Монгол хүн 2020” хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газрын бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж, ахуйн шинж чанартай олон бүтээн байгуулалт хийж тулгамдсан маш олон асуудлуудыг богино хугацаанд шийдсэн. Зам гүүр, цахилгаан станцуудын өргөтгөл, хямд орон сууцны хөтөлбөр зэргээр хүндэрсэн асуудал болгоныг шийдсэн.
БАРИМТ 17
Гэтэл улс төрийн өрсөлдөгч нар, хуулийн байгууллагуудтай хавсран хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулсаар тэр бүх ажлыг нурааж, энэ улсыг бүтнээр нь залгих гэж оролдсон. Шалтгаан нь манай улсад тогтворгүй тогтолцоо, бэхжээгүй хараат суурь эдийн засаг, хамгийн чухал нь хүлээн зөвшөөрөгдөх нэгдмэл хөгжлийн загвар байхгүйгээс тэр. Энэ бүхнийг хуулийн засаглалаа бэхжүүлэхгүйгээр, төрөө мафиас салгаж цэвэрлэхгүйгээр, төрийн тогтолцоогоо тогтвортой болгож өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломж бараг байхгүй тул би тэмцээд байгаа юм.
БАРИМТ 18
Манайд хамгийн хурц асуудал бол баян хоосны ялгаа маш их болсон. Баялгийн хуваарилалт нь цөөн хүний гарт очсон. Улаанбаатар хот бол баян, хоосны ялгааны тод илрэл. Яавал олонх нь дундаж давхрагад хүрэх үү. Хамгийн энгийн зүйл нь шударга ёс. Тэгж байж хуваарилалт нь зөв болдог. Эдийн засгийн үзүүлэлт нь түүгээр хэмжигдэнэ. Айлын босго даваад орсон мөнгө нь зардал болж байна уу зэргээр. Тэгэхээр дундаж давхрагын тухай асуудлыг бүгдээрээ яриад, шийдвэрээ гаргаад явбал хэцүү асуудал биш.
БАРИМТ 19
Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг маш их дуртай, шуналтайгаар хийсэн. Яагаад гэхээр надад хийх маш их хүсэл эрмэлзлэл, зориг байсан. Ер нь улс орноо хөгжүүлнэ гэдэг бол хүмүүс өөрсдөө хийх урам зоригтой болох юм байна лээ. Би олон нийтийн эрх ашгийн төлөө ярьдаг. Иргэд маань хүн шиг амьдарч, улс маань улс шиг хөгжих ёстой. Би ийм л итгэл үнэмшилтэй хүн.
БАРИМТ 20
Бид нар хэн нэгний шуналыг гүйцээх гэж амьдарч байгаа юм уу, Монгол орноо улс шиг хөгжүүлээд, хүн ардаа хүн шиг амьдруулая гэж бодож байгаа юм уу. Миний сонголт бол 2 дахь нь. Хэн нэгний төлөө юм уу, хэн нэгний хүсэл шуналыг хангахын төлөө би төрөөгүй. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн” гэсэн удаатай.
БАРИМТ 21
Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан. Уг шалтгаанаа” Ард түмэн мэдэх байлгүй дээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмэнтэйгээ хамтарч ажилласан. Ард түмэн дэмжсэн. Алдаа оноогоо засаад хоёр жил сайхан ажилласан. Гэтэл төрд гарсан хулгайч дээрэмчдэд энэ бүхэн таалагдаагүй. Ингээд Засаг унасан. Түүнээс биш хийх зүйлээ хийсэн. Хэний ч өмнө бардам хэлнэ. Дутуу хийсэн зүйл олон бий.
БАРИМТ 22
Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго нь "Монгол хүн Монголдоо сайхан амьдрах" байсан юм шүү дээ. Одоо сайхан амьдарч байна уу. Хулгай зэлгий хийж ирсэн хүмүүс нь мөнгө тарааж байна. Гэр хорооллын зарим ядарсан иргэд таван төгрөг өгснийх нь төлөө саналаа өгдөг ч юм уу гэсэн байдалтай байна. Ийм л эмгэнэлтэй дүр зурагтай нийгэм болчихож. Тиймээс шүүмжлээд зогсох бус дотор нь орж ажил хэрэг болгоход нь гар бие оролцоё гэж нэр дэвшихээр шийдсэн” гэсэн байдаг.
БАРИМТ 23
Н.Алтанхуягийг АН-ын гишүүнээс хассан тухай Намын дарга асан С.Эрдэнэ мэдэгдэж байсан удаатай. Үүнтэй холбоотойгоор Намын гишүүнчлэлээ сэргээх эсэх асуудлаар тэрбээр “Нуух юм алга. Ардчиллын төлөө явсан олон залуус хэлмэгдэж ажилгүй болсон. Үүнийг сэтгэл зүрхээрээ ойлгож байна. Нэг түрэмгий нөхөр гарч ирээд бүгдийг хөөгөөд явуулчихдаг байж болохгүй. Тиймээс "Манай АН-ын гишүүдээ, энэ бол түр зуурын зүйл. Сэтгэлээр битгий унаарай" гэж хэлмээр байна” хэмээж байв.
БАРИМТ 24
Ийнхүү АН-ын түүхэн дэх хамгийн олон жил Ерөнхий сайд, Намын даргаар ажилласан Н.Алтанхуяг ирэх дөрвөн жилд Орхон аймгийг УИХ-д төлөөлж, суухаар болж байна. Тус аймагт нэр дэвшин өрсөлдсөн 27 улстөрчөөс Д.Батлут, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар хамгийн өндөр санал авсан нь энэ.
Сэтгэгдэл (22)