Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулахаар төлөвлөж буй эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн чухал бүрэлдэхүүн болох “Замын-Үүд” чөлөөт бүсийг хөгжүүлэхэд зориулан 30 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк (АХБ) шийдвэрлэжээ.
“Замын-Үүд” чөлөөт бүс нь хөл хөдөлгөөн ихтэй олон улсын хилийн боомтын зэргэлдээ оршдог тул тухайн орон нутгийн эдийн засаг төдийгүй иргэдийн амьжиргаа нь хил дамнасан худалдаа наймаа, түүний эргэлтээс ихээхэн хамааралтай байдаг.
Төслийн хүрээнд чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг шинээр барьж байгуулах, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах болон чөлөөт бүсийн оновчтой менежментэд чиглэгдсэн үйл ажиллагаанууд хэрэгжинэ. Эдгээрийн үр дүнд хувийн хэвшлүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх суурь, таатай орчин нөхцөл бүрдээд зогсохгүй худалдааг идэвхжүүлэх, хурдацтай хувьсан өөрчлөгдөх дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд зохицох боломж Монгол Улсын хувьд бүрдэх юм. Мөн төслийн үйл ажиллагааны хүрээнд нэвтрүүлэх боомтын програм хангамж нь хилийн хяналтын байгууллагуудын мэдээллийн системийг нэгтгэх, улс дотроо болон хил дамнан БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох нэмэлт боломжийг олгох юм. Ийнхүү эдийн засгийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагаа болон систем хоорондын харилцан үйлчлэл сайжирснаар хилийн хяналт болон эрсдэлийг удирдах чадамж нэмэгдэх бөгөөд иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа эргэлт илүү аюулгүй, түргэн шуурхай болох ач холбогдолтой.
2025 оны 12-р сард хэрэгжиж дуусах энэхүү төслийн нийт өртөг 35.76 сая ам.доллар бөгөөд үүнээс 5.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.
Сэтгэгдэл (1)