Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 17-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 363 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 359-д халдвар илрээгүй.
Тодруулбал, өчигдөр Алтанбулгийн хилийн боомтоор ачаа тээврийн 20 жолооч орж ирсэн. Үүнээс дөрөвт нь халдвар илэрсэн. Эдгээр нь 33, 36, 40, 50 настай Беларусь улсын иргэд байна.
Өчигдөр Сөүлээс ирсэн транзит нислэгээр 255 зорчигч ирсэн. Үүний тавыг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж ХӨСҮТ-д тусгаарласан. Эхний шинжилгээгээр сөрөг гарсан. Тусгаарлах байруудад хуваагдан орсон бусад иргэдийн хувьд ч ялгаагүй эхний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Мөн тандалтын зорилгоор 70 хүнд, Сэлэнгэ аймагт зургаан иргэний давтан шинжилгээг хийсэн. халдвар илрээгүй.
Өнөөдөр их сайн мэдээтэй. ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эдгээр хүмүүс нийт 18-65 хоног эмчлэгдсэн. Ингээд нийт 127 хүнийг эдгээгээп байна. Одоо 74 хүн эмчилгээнд байгаагаас 69 хүн нь хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр гэж үнэлэгдсэн" гэлээ.
А.Сүх