Үндэсний статистикийн хорооноос COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын 2020 оны эхний таван сарын эдийн засаг, нийгмийн төлөв байдлыг танилцууллаа.
Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.3 их наяд төгрөг нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.7 хувийг татварын орлого бүрдүүлж байгаа бөгөөд татварын нийт орлого 2020 оны эхний таван сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 533.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд бусад татвар, төлбөр хураамжийн орлого 116.2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 84.7 тэрбум төгрөг, онцгой албан татвар 62.8 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 60.2 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 23.5 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш тавдугаар сард 2797.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар суларсан байна. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны 5 дугаар сард 393.69 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар суларсан байна. Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш тавдугаар сард 38.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар чангарч, өмнөх сараас 3.6 хувиар суларчээ.