Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ тухай ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хамгаалахаар хуульд заасан хүрээнд ажиллаж байна. Өмнөх сонгуулиар иргэдийн саналыг татах зорилгоор бэлэн мөнгө, эд зүйл тараасан хэрэг гарч байсан. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлж, мэдээллийг иргэдээс хүлээн авч байна. Тагнуулын байгууллагад ирсэн өргөдөл, гомдлын зарим нь үндэслэлгүй мэдээлэл байна. Гэхдээ шалгаж, үндэслэлтэй эсэхийг нь тогтоох нь бидний үүрэг. Тиймээс хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд шалгалт хийж байна.
Сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, санал ирснээс 37 нь буюу 80.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй хэрэг эзэлж байна. Тиймээс Тагнуулын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна” гэлээ.
Харин ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад нэр дэвшигчидтэй холбогдох гомдол тасралтгүй ирсээр байна. Энэ нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэг сайжирсантай холбоотой. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээлэл бүрийг хүлээн авч хуулийн хугацаанд шалгаж байна.
Сонгуультай холбоотойгоор хууль зөрчсөн 71 цахим хуудсыг хаах, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Эдгээрээс 50 цахим хуудсыг хааж, үйл ажиллагааг зогсоосон.”
ЦЕГ-ын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Сонгогчдын саналыг авах зорилгоор мөнгө, эд зүйл өгвөл, Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай" гэв.