Баримт 1.
С.Жавхлан 2003 онд СУИС, 2005 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг /гоцлол дуулаач, тайзны урлаг, дуурийн урлаг/ төгссөн. СУИС-т сурч байхдаа буюу 2000 оноос нийтийн дууны салбарт дуулж олон нийтэд танигдаж байв.
Баримт 2.
Тухайн үед оюутан С.Жавхлан СУИС-ийн нэг ангийн Т.Баясгалантай хослон дуулж эхэлсэн байдаг. Тэд 2000 онд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” гэсэн хоёр дуугаараа анх олонд танигдаж байлаа. 2001 оны “Насны хайр” дуу нь тэднийг Монгол даяар алдаршуулж байсан юм.
Баримт 3.
Тэрбээр уран бүтээлчээр ажиллах хугацаандаа “Хамаг Монгол” төслийг эхлүүлж байв. Төслийн зорилго нь Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголын ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх. Энэ хүрээнд 2013 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн “Хамаг Монгол” төсөл ОХУ-ын Тува, Буриад, Халимаг орнуудад нийт есөн удаа тоглолт хийснээр үргэлжилсэн байдаг. Сүүлд С.Жавхлан Төв талбайд “Хамаг Монгол” тоглолтоо толилуулж байлаа.
Баримт 4.
С.Жавхлангийн 2016 оны сонгуульд анх удаагаа нэр дэвшин ялалт байгуулсан уу гэвэл үгүй. Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгч болсны дараа УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авч байв.
Баримт 5.
Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувь санал авсан байдаг. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрог, Баянзүрх дүүрэгт гурав дахь удаагаа бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар УИХ гишүүн болсон юм.
Баримт 6.
Түүний хувьд хууль тогтоогчийнхоо тангаргийг өргөхөөр Төрийн ордонд найман шарга адуутайгаа, ташуураа эргүүлсээр их л сүртэй орж ирж байв. Уг эрчээрээ эрч хүчтэй сайхан ажиллаасай гэсэн хүсэл иргэдэд байсан. Парламентын танхимд УИХ-ын 76 гишүүнийг дээл өмсгөж сургана, Монголын түүхийг заана гэж тэр хэлж байлаа. Монгол уламжлал, түүх соёлын үүднээс авч үзвэл сайхан л санаа байсан, хэвлэлүүд ч дэмжсэн.
Баримт 7.
Гэвч С.Жавхлан чуулган, Байнгын хорооны хуралдаа ч суудаггүй, ажил таслалтаар “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн урд, нэгдүгээрт бичигдэж байлаа. Үндсэн ажлаа хийхгүй, сонгогдсон тойргийнхноо төлөөлөхгүй явсан С.Жавхланг тухайн үед эрэн сурвалжлахад хүргэж байв. Гэвч С.Жавхлан гишүүн уул хад тахиж, залбирч явсан, уул уурхайн тухай дуу клип хийгээд завгүй байна гэсэн шүүмжлэлд өртсөн байдаг.
Баримт 8.
Улмаар тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдод “Оффшор хөрөнгийг Монгол руу тат. Монголд байгаа оффшорчдыг зарла” гэсэн шаардлага хүргүүлж байв. Үүнд нь М.Энхболд шаардсан хугацаанд нь хариу өгөөгүй тул хэвлэлийн бага хурал хийж, “Намайг нохой хуцсан чинээ тоохгүй байгаа учраас би энэ УИХ-д чинь суухгүй. Ажил хаялт зарлаж байна. Эсэргүүцэл, тэмцлээ ингэж илэрхийлж байгааг “Ажил тасаллаа” гэж бүртгэсэн байна лээ. Би хариу өгтөл чинь тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн эгдүүцэж байв.
Баримт 9.
Гэвч УИХ-ын гишүүн болсноосоо хойш С.Жавхлан ганцаардаж буйгаа хэвлэлээр дамжуулан зарласан байдаг. Уг шалтгаанаа “Төрийн ордонд их даардаг, гадагшаа гараад их дулаацдаг хүн дээ. Сэтгэлийн хүйтэнд их даардаг гэсэн үг. Гэхдээ энэ Төрийн ордонг сайхан аргал түлээд гал өрдчихсөн монгол гэр шиг болгоно оо, харж байгаарай, за юу. Үүний ард гарахын тулд дөрвөн мөчөө тасартал явна. Би ийм л тангараг тавьсан хүн.
Баримт 10.
Юу ч дуугардаггүй, толгойнд нь юу ч байдаггүй, хөлдүү хүмүүсийн хажууд би гадуур яваад ажиллаж байна. Миний энэ бүхэн яг хэмжээндээ таарч байгаа гэж бодож байна. Төрийн ордонд хонож ажилласан хүн байна уу. Би л лав тийм хүн байсныг дуулаагүй. Харин хонож архидаж байсан гэдэг юм билээ. Жавхлан Төрийн ордноос гарахгүй хэд хонолоо. Түүнийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Энэ бүхний эсрэг би тэмцэнэ.” хэмээн тайлбарласан байдаг.
Баримт 11.
УИХ аль нэг нам, эвслийн Бүлгээс бусдаар бие даагч гишүүнд чуулган, Байнгын хорооны хуралдаанаас хуулийн төслөөр завсарлага авах эрхгүй. Ийм эрхийг зөвхөн намын Бүлэг л эдэлдэг гэсэн үг. Гэтэл С.Жавхлан гишүүн хэлэлцэж байсан хуулийн төсөл нь батлагдчихаад байхад хэзээ хойно завсарлага авах эрх хүсч, түшээдийн доог тохуу болж байв.
Баримт 12.
Тэрбээр “Бурхан Халдун уул биш Бурхан Халдун хайрхан гэж нэрлэх хэрэгтэй. Би яагаад сэтгэл дундуур байна вэ гэхээр маш олон эрчүүд байсаар атал эмэгтэй хүн энэ хайрхны нэрийг хөндөж оруулж ирсэн байна. Д.Оюунхорол сайд аа, та анхаарах хэрэгтэй. Бурхан Халдуныг хайрхан гэж нэрлэхгүй бол болохгүй. Тийм болохоор би завсарлага авмаар байна” гэсэн нь С.Жавхлан гишүүнийг өөрийг нь доог тохуу болгосон юм.
Баримт 13.
С.Жавхлан УИХ-ын гишүүн болсон шалтгаанаа “Энэ бол тавилан. Энэ замыг Жавхлан туулах ёстой болоод л тэр. Дээр нь нийгмийн захиалга байна. Тархины тураал, сэтгэлгээний гажигтай, шунал атаагаар цээжээ дүүргэчихсэн хэсэг нөхөд нийгэмд хорт хавдар болон буглаж дээр нь таглаж сандаалчихаад байна.
Баримт 14.
Энэ хэсгийг цэвэрлэх хэрэгтэй. Сайн цаг ирсний дараа дуулах цаг зөндөө бий. Миний талаар ийм бодолтой байснаа хүмүүс мартаж болохгүй шүү. Дуулах гэдэг Жавхлангийн хувьд зүгээр нуувч байж гэдгийг хүмүүс аяндаа мэдрэх болно” гэсэн байдаг.
Баримт 15.
Гишүүн С.Жавхланд улс төрийн намуудаас санал ирдэг тухай тэрбээр нэг бус удаа хэлж байв. Тодруулбал, “Саналууд маш их ирж байна. Ийм санал тавих бүрт нь Жавхлан намд орохгүй, Жавхланд нам элснээ л гээд байгаа.
Баримт 16.
Жавхлангийн ярьдаг Монгол, зөв сэтгэл, үнэн байх, эвтэй байх, ах захтай байх, уламжлалтай ёстой байх тухайг биелүүлж чадвал тэр намыг элсүүлж болно. Гэхдээ юу л бол. Миний шаардлагыг тэд давахгүй байх л даа. Элсэхийн тулд ихэд хэцүүдэх байх” гэж байлаа.
Баримт 17.
Гэвч намд элсэхгүй, өөртөө элсүүлнэ хэмээж байсан С.Жавхлан АН-д элссэн нь саяхны үйл явдал. Уг шалтгаанаа тэрбээр “Өнөөдөр 9 дэх гишүүн болж, АН-ыг бүтэн болгож байгаадаа баяртай байна. өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа дуу хоолой маань хүрэхгүй, үзэл санаагаа Монгол даяар хүргэх вэ гэдэгт өөрийгөө өндөр хэмжээнд дайчилсан бүгдэд хүрээгүй. Тиймээс олуулаа болгож, хонхны дуу дуугаргаж, хөх тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй байна” хэмээн тайлбарласан.
Баримт 18.
Ноцтой бичлэг гаргана гэж. Бид МАНАН бүлэглэлийн хүслийг хангах гэж биш Монголын ард түмнийхээ мөрөөдлийг биелүүлэх гэж тэмцэж байгаа улс төрийн хүчин. Энэ бичлэгийг, Ж.Батзандантай холбоотой гар утасны 16 цагийн бичлэгийг чагнасан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү яриад явж байна билээ.
Баримт 19.
Уг нь С.Жавхлангийн хувьд Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намд элсэж байгаагаа өнгөрсөн онд зарлаж байв. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд шударга, зөв гишүүдтэйгээ хамтарч нэгдээч гэсэн санал их ирсэн. Улс төрийн ганцаардлыг чинь харахад хүнд байна гэсэн. Үнэхээр ч улс төрд ганцаараа байх үнэхээр хэцүү юм. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шиг улс төрд би их ганцаардсан.
Баримт 20.
С.Жавхлан гишүүний тухайд өмнөх сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвших үеэрээ үхэр тэргээр сурталчилгаагаа хийж байв. Харин энэ удаагийн сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшихээр болсон түүний хувьд хогны машинд хог ачих байдлаар иргэдтэй уулзалт хийж яваа нь цахим орчинд шүүмжлэл дагуулж эхлээд байгаа юм.
Баримт 21.
УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа С.Жавхлан анх удаагаа бие даан хууль санаачилсан нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсөл байв. Тогтоолын төсөлд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Баримт 22.
Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсруулсан тухайгаа дурдсан байдаг.
Баримт 23.
Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ С.Жавхлан УИХ-ын гишүүн болсноосоо хойш 80 шахам сая төгрөгийн орлого олдог тухайгаа мэдүүлсэн байдаг. Харин 2018 онд жилийн 22 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. С.Жавхлан гишүүн нэг нийтийн орон сууц, нэг гэртэй эдгээр нь 132 сая төгрөгөөр үнэлэгддэг. Тэрбээр Hyundai Santa Fe, Nissan Patrol, Toyota, Land Cruiser 200 маркийн машинтай. Эдгээр нь 433 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн 102 сая төгрөгийн өртөг бүхий 30 адуутай, 65 үхэртэй, 200 хоньтой.
Баримт 24.
55 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй. 69 сая төгрөгийн хадгаламжтай, Монголоороо сэрэхүй ТББ, Бүрэн монголоороо ХХК-тай. Харин эхнэр Эрдэнэчимэгийн хувьд 2018 онд 38 сая төгрөгийн жилийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Тэрбээр С.Жавхланг УИХ-ын гишүүн болохоос өмнө буюу 2015 онд жилийн 720 мянган төгрөгийн орлого олдог байсан тухайгаа мэдүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (23)