ШӨХТГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавих талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл “2020 оны нэгдүгээр сар эхэлснээс хойш дараах урьдчилан сэргийлэх ажлыг хийсэн. Тухайлбал, МҮОНРТВ-ээр дамжуулан бүх хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллах мэдэгдэл гаргасан. Улсын хэмжээнд 138 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн 35 нам зөвлөмж хүргүүлсэн.
Дээрх ажлын хүрээнд ТВ 4”, Боловсрол,“ТМ” “ТВ 10” гэх дөрвөн телевиз, Olloo.mn сайт зөрчил гаргасан. Эдгээр хэвлэлийн хэрэгслүүдэд шаардлага өгч ажиллалаа. Мөн цахим сүлжээтэй холбоотой зөрчил их гарч байна. ШӨХТГ-аас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн тухай хуулийн 48.1.7-д заасан “Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга, шалгаруулалт явуулсан” зөрчил гаргасан 43 фэйсбүүк хаягийн хандалтыг хязгаарласан. Цахим сүлжээнд маш олон гишүүдтэй групп байдаг. Тухайлбал, “Иргэдийн дуу хоолой” фэйсбүүк группт хууль бус мэдээ, мэдээлэл шэйрлэж байна. Үүнтэй холбогдуулан тухайн группийн админтай холбогдож, хууль зөрчсөн нийтлэлийг нийтлэхгүй байх шаардлага өгсөн.
Дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн цахим хаягийг сонгуулийн хугацаа дуусах хүртэл хязгаарлах болон хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй. Тиймээс санаатай болон санамсаргүй байдлаар дээрх хуулийг зөрчиж, хариуцлагад унах вий гэдгийг анхааруулъя” гэлээ.
А.Сүх