Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хүргэлээ.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш Цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэсэн УОК-ын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу МХЕГ томоохон худалдааны төв, супермаркетуудад худалдаалж буй хүүхдийн багц бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн.
Хяналт шалгалтын үеэр "Алтан жолоо" импекс ХХК-ны "Сансар найт" сүлжээ дэлгүүрт хүүхдийн бэлгийн багцад орсон Haribo чихрийн шошгын мэдээлэл зөрчилтэй, "Home Plaza" ХХК-ны бэлгэнд боосон таван төрлийн чихэр хаяг шошгын зөрчилтэй, "Нано" ХХК-ны нэг төрлийн чихэр шошгын зөрчилтэй байсан. Шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, урьдчилан сэргийлэлт хийж ажилласан.
Түүнчлэн 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийхэд 559 зөрчлийг илрүүлсэн. Хадгалалтын горим зөрчигдсөн есөн төрлийн бүтээгдэхүүнийг устгасан. Нийт 65 ААН-д 37 сая 550 мянган төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан.
Хүүхдийн баярыг далимдуулж хугацаа дуусах дөхсөн, эсвэл хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд багцалж боох явдал гарч байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэддээ аль болох чихэр, ундаа өгөхгүй байхыг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл (1)