Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо болон Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооноос шатахуун импортлогч компаниудтай холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн Б.Сайнбаяр “Манай холбоо 2016 оноос шатахууны чанар, стандартын асуудлыг хөндөж ирсэн. 2018 онд чанарын шаардлага хангахгүй шатахуун худалдсан нэр бүхий компаниудын нэрийг зарласан. Засгийн газарт 50-60 удаа шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлага хэзээ ч биелэхгүй юм байна гэдгийг энэ сарын 13-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар харлаа.
Хуурамч шатахуун үйлдвэрлэхэд хэрэглэдэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулдаг болгох хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч унагасан.
Шалтгаан нь “Стандарт байхгүй бүтээгдэхүүнд татвар ногдуулах боломжгүй” гэсэн. Стандартгүй юм бол хилээр яагаад оруулж ирдэг юм бэ. Бүр татваргүйгээр шүү.
Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард нэр бүхий ШТС-уудад очиж лайв хийж “Стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байна. Зах зээлээс татаач” гэдгийг мэдэгдсэн. Яг үүний дараа ШӨХТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, “Шалгалт хийнэ. Шалгалтын хариу гурав хоногийн дараа гарна” гэсэн. Гэтэл 45 хонолоо. Одоо болтол хариугаа танилцуулаагүй. Энэ бол импортлогч компаниудтай хуйвалдсан гэж хардах нэг сэжим. Хэрвээ үгүй юм бол яагаад тайлбар хэлэхгүй байна вэ. Би хоёр долоо хоногийн өмнө ШӨХТГ-ын даргатай уулзаж, олон нийтэд тайлбар өгхийг хүссэн. Тэгье гэсэн. Гэтэл одоо болтол тайлбар хийсэнгүй.
Нөгөөтээгүүр, энэ сарын 26-нд АМГТГ болон ШӨХТГ-аас мэдээлэл хийхдээ бензиний үнэ 100 төгрөгөөр буурсан. Энэ бол зах зээлийн зарчим гэсэн. Гэтэл зах зээлийн зарчмаар явахгүй байна. Дэлхийн зах зээлийн үнэ Монголд нэг сарын дараа нөлөөлдөг. Үүнийг бид мэднэ. Тавдугаар сарын хил үнийг бодож үзсэн. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-нд Монгол Улсын хилээр орж ирэх бүх төрлийн шатахууны үнийг танилцуулахад нь бид тооцоо хийсэн.
ШТС-уудад А-80 бензин 640 төгрөг, АИ-92 хувьд 730 төгрөг, дизель түлш 1178 төгрөгөөр ирж байна. Энэ үнээр тооцвол 40 хувийн ашиг хийж байна. Гэтэл 10 хувийн ашиг хийдэг гэж ярьж байна. Энэ зах зээлийн зарчим мөн үү.
Өчигдөр н.Эрдэнэбаяр дарга “Бид зургадугаар сарын хил үнэ авсан” гэж хэлсэн. Энэ нь ирэх зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15-ны хооронд Монгол Улсын хилээр орж ирэх хил үнэ. Энэ үнээр нь тооцоо хийж үзвэл, АИ-80 бензин нь 868 төгрөг, АИ-92 нь 1493 төгрөг, дизель түлш нь 1493 төгрөгөөр ШТС-уудад очих тооцоо байна. Шатахууны үнийг буулгаж болох байтал өнөөдөр дизель түлш 1900 төгрөг, АИ-92 бензинийг 1300 төгрөг, АИ-80 бензинийг 1200 төгрөгөөр борлуулж байна. Энэ зах зээлийн зарчим мөн үү.
ШӨХТГ-т асуудал тавихаар төрийн байгууллагууд “Бид шалгах гэж байна”, эсвэл болсон болоогүй мэдээлэл өгдөг.
Ингээд л асуудал замхардаг. Тиймээс Ерөнхий сайд, УУХҮЯ-нд шаардлага хүргүүлж байна. Хэрвээ бидний шаардлагыг хүлээж авч, зургадугаар сарын 1-н гэхэд гурван оронтоо тоонд оруулахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ.
Түүнээс биш бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед ард иргэдийг өдөөн хатгаж, турхирах гэсэнгүй. Холбогдох байгууллагаас шатахуун импортлогчид ашиггүй ажиллаж байна. Техникийн шинэчлэл хийх ёстой гэдэг. Бид ойлгож байна. Үнэхээр ашиггүй ажиллаж байгаа юм бол тайлангаа ил болгочих. Тэгвэл бид зах зээлийнхээ зарчмаар үнэ тогтож байгаа юм байна гэдэгт итгэе” гэлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (5)