Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шийдвэрийн талаар танилцууллаа.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч И.Ганбат “Энэ сарын 14-22-ны хугацаанд Салхины мөнгөний ордтой холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан.
Тухайлбал, Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шүүгчдэгч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Э.Халиунбаяр нарт гурван жил, Б.Цолмонбаатарт тав, Д.Уранчимэгт хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин Улсын Дээд шүүхийн Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, бусдаас хээл хахууль авсан гэх хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй байна гэж үзсэн.
Дээрх хэрэгт холбогдсон М.Цэндсүрэн, Ч.Амгаланбаяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 267, 270 дугаар зүйл заалтад заасан гэм буруутайд тооцсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Өнөрцэцэгийн бие муудсан учраас шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг тусгаарласан.
Прокурорын зүгээс шүүгдэгч нарт 2-4 жилийн хорих ялаар шийтгэх ялын санал оруулж ирсэн. Энэ хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1.4 сая ам.долларын асуудал бий. Уг мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Улмаар шүүгчдэгч Б.Цолмонбаатараас 60 сая, Г.Алтан-Очироос 50 сая, Н.Уранчимэгээс 35 сая төгрөг гаргуулж тус тус шийдвэрлэсэн” гэлээ.
Сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.
-Шүүгдэгч Б.Сайханцэцэг шүүх хуралдааны явцад нөгөө хонгил нь ажиллах гээд байна. Зохион байгууллалтай нэвтрүүлэг явуулж, биднийг харлуулан гутаах ажлыг явуулж байна гэж хэлсэн. Та бүгд тухайн үед уг хэрэгтэй холбоотой нэвтрүүлэг үзсэн байсан уу?
-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар С1 телевизээр үзсэн. Холбогдсон хүмүүсийг нь схемчлээд гаргасан байсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх өмнөх шатанд бий болсон шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого. Гэхдээ цацагдсан баримтад автахгүй. Гагцхүү 28 хавтас эрүүгийн хэрэг дотор ямар цугларсан талаар тал бүрээс нь хууль зүйн дүгнэлт өгнө. Дараа нь уг зүйлчлэл буруу, зөв эсэхэд дүгнэлт хийнэ. Эцэст нь шүүх бүрэлдэхүүнээрээ саналаа хэлнэ.
-Таны хэлсэнчлэн С1 телевизээр гарсан баримтууд цугларсан хавтаст хэргээс хэр зөрүүтэй байсан бэ?
-Ер нь хэргийн үйл баримтыг дэлгээд л тавьсан байсан.
-Шүүгдэгч Г.Жаргалангийн хөлсөлж байсан байрнаас гарсан 1.4 сая ам.доллар хавтаст хэрэгт ороогүй юм уу?
-1.4 сая ам.долларын баримт хавтаст хэрэгт ирээгүй баримт шүү. Тухайн CD чинь нотлох баримт мөн. Гэтэл тухайн CD-г хавтаст хэрэгт ирүүлээгүй. Дүрсийг зүгээр цаасан дээр буулгаад ирүүлсэн байсан. Энэ баримт болохгүй.
-Салхитын мөнгөний ордоос бусад нийгэмд дуулиан тариад байгаа хэргүүдийн шийдвэрийн талаар цаашид олон нийтэд мэдээлж байж болдоггүй юм уу?
-Шүүх нээлттэй. Тухайлбал, шүүх нэг шийдвэр гаргалаа. Гэтэл цахим сүлжээгээр шүүгч нар шүүгч нарынхаа асуудлыг шийдвэрлэж чадсангүй зэргээр ярьдаг. Өчигдөр гэхэд л үйл баримтгүй хурааж авсан мөнгөний тухай яригдаж байсан. Энэ нь уг хэрэгт хэлэлцэгдээгүй баримт.
-Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн хэргийг дахин хэлэлцэх боломжтой юу?
-Бичлэг CD-ээр биш цаасан дээр буучихсан байгаа. Уг асуудлыг хэлэлцэж үзээд шүүх 1.4 сая ам.долларыг улсын орлого болгон шийдвэрлэчихсэн байгаа.
Б.Лхам