Зургийг Zuv.mn
Ирэх сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшихээ зарласан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн хугацаанд олон хэргээр яллаж, сонгуульд өрсөлдөх боломжийг хааж ирсэн. Тухайлбал, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилж, цагдан хорьж байв. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үйлдсэн хэргийг нь уучилж үлдсэн ялаас нь чөлөөлсөн. Хэдий ийн суллагдсан ч УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх эрхийг нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хасаж байв. Гэхдээ тэр зайгаа тийм ч амархан тавьж өгөөгүй.
Нэг үгээр хэлбэл, өөрийнхөө өмнөөс гэргий О.Цолмонгоо Сонгинохайрхан дүүргийн Толгойд орчимд сойж, өрсөлдүүлсэн.
Тухайн үед түүнтэй МАН-аас Б.Ундармаа, АН-аас Ш.Түвдэндорж нар өрсөлдсөн. Ш.Түвдэндоржийн хувьд ялагдана гэдгээ эртнээс мэдэрсэн үү, яасан бүү мэд. Бараг л бууж өгөөд зайгаа тавьж өгсөн. Харин хоёр эмэгтэй нэр дэвшигч болох Б.Ундармаа, О.Цолмон нар ана ман үзэлцсээр Б.Ундмармаа ялалт байгуулж байлаа. Ийнхүү МАХН-ын гэр бүлийнхэн УИХ-ын 75 дугаар тойргоо алдаж, хоосон хоцорсон.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд даагаа үзэхээр хүү Э.Батшугараа сойхоор нэр дэвшүүлжээ. Ингэхдээ бүр өмнө нь гэргий О.Цолмонгоо нэр дэвшүүлж байсан хуучин тойрог болох Толгойт орчим өрсөлдүүлэх бололтой.
МАХН-аас ийм сонголт хийсэн нь учиртай. Энэ нь өмнөх сонгуулиар тус намыг цөөнгүй царцаа нүүлгэсэн гэх яриа гарч байсан. Бүр цөөнгүй хэвлэл хүртэл үүнийг нь иш татаж байсан. Үнэн худлыг мэдэхгүй. Гэхдээ хэрвээ үнэхээр Толгойт орчимд нэр дэвшвэл эл царцаандаа МАХН-ын гэр бүл найдаж байна уу гэж хардахаар.
Н.Энхбаярын хувьд өмнөх сонгуулиар эхнэрийгээ урдаа барьж, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлж бараг ЖДҮ-чин гишүүн Б.Ундармааг унагангаа алдаж байсан хүчтэй өрсөлдөгч байсан.
Цагийн нөхцөл байдлыг мэдэрсэн Буянгийн Жаргалсайхан хүртэл "Тэтгэвэрт гарах дөхсөн эмээ, өвөө хоёр гэртээ харьж, ач, зээгээ өсгө" гэж хар "пи ар" цацаж байсан. Юу үнэн, энэ үнэн.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр өрсөлдөхөө эрхээ хасуулаад байгаа Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан. Сонгуульд өрсөлдөх эсэх нь түүний сонголт. Харин ард түмэн итгэл найдвар хүлээлгэх нь сонгогчдын эрх.
Тэр дундаа гэр бүлээрээ зөөлөн суудалд суухаар улс төрийг сонгосон нь тэдний дургүйцлийг төрүүлэхгүй бол шүү дээ. Тиймдээ ч Н.Энхбаяр эхлээд гэргий О.Цолмонгоороо, эцэстээ хүүгээрээ дамжуулж төрд гарахыг санаархаж байх шиг байна. Үүнийгээ ч "Миний хүү Э.Батшугар нийгмийн захиалгаар нэр дэвшиж байгаа" гэдэг үгээр цайруулан байж хэлчих шиг боллоо.
Б.Лхам
Сэтгэгдэл (707)