"Эерэг нийгэм" төрийн бус байгууллагаас энэ сарын 12-нд нүүрний хаалт, цагаан нөмрөгтэй эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Уг жагсаал, цуглааныг хийхдээ холбогдох албанаас зөвшөөрөл аваагүй байсан учир цагдаагийн байгууллагаас албадан тараасан. Эдгээр залуус үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, төрийн эрх баригчдад хандсан хэд хэдэн шаардлага нэхсэн пайз зүүсэн байсан юм.
Тэгвэл тус төрийн бус байгууллагаас өнөөдөр ямаатай жагсаал хийлээ.
Тэдний хэлснээр эх баригчид залуусыг ямаанаас дор үзлээ. Хүүхдийн мөнгө олгохдоо хөргөгч, телевизортой эсэхийг судалж, асуусан атлаа ноолууланд олгох урамшууллыг ямар ч цензургүй олгосон. Ямаа чухал уу, хүн чухал уу. Ажилгүй залуус олон байна. Гэтэл ноолуурын татаас нэрээр их хэмжээний мөнгө тарааж байна. Энэ мөнгөөрөө ажлын байр гаргасан бол залуус ажилтай, орлоготой болох байсан. Гэтэл эрх баригчдад энэ бүхэн чухал биш бололтой" гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.
Хэдийгээр залуусын шаардлага нэг талаасаа зөв байхыг үгүйсгэхгүй ч сонгууль дөхсөн энэ цаг үед ийм акц өрнүүлж буй нь цаанаа сонгууль угтсан "пи ар" байхыг үгүйсгэхгүй гэж хардах иргэд цөөнгүй байсан юм.
Үүнээс гадна жагсагч залуус ямаагаа чирж, гулдарч буй дүр зураг цахим орчинд хөврөх боллоо. Үүнээс болж жагсагчид өөрсдийн шаардлагаа олон нийтэд хүргэх бус харин ч өөрсдөө шүүмжлэлийн талбар болж хувирсан юм.
Ийнхүү ямаатай жагссан жагсагчид маргааш дахин жагсаал хийх гэнэ. Эдгээрээс гадна уг жагсаал нь нийслэл хотод мал оруулах хориглосон хотын шийдвэрийг зөрчсөн үйлдэл гэдгийг зарим иргэд шүүмжилсэн юм.
Сэтгэгдэл (14)