УИХ-ын чуулганаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томиллоо.
Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа залуу боловсон хүчин.
Нэр дэвшигчээс гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “30 настнуудыг дэмжиж байна. Гэхдээ нэг л итгэж өгөх нь.
Монголбанкинд очоод зоригтой арга хэмжээ авахгүй бол банк, санхүүгийн салбар дампуурч дууслаа. Мөлжлөгийн системийг таслан зогсооход бодож, төлөвлөсөн зүйл байна уу?” гэдийг асуусан.
Үүний хариуд нэр дэвшигч Г.Дөлгөөн “Саарал жагсаалтаас гарах чиглэлд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. FATF-д ойрын хугацаанд тайлангаа тавих шаардлагатай. Энэ сарын 11-нд хурал нь болох юм шиг байна. Европын холбооны хар жагсаалтын тухайд шийдвэр албажиж гараагүй гэсэн. Монгол Улсын банкны системд зээлийн жигнэсэн дундаж хэмжээ 16-17 хувь. Банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь инфляц, мөнгөний эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой.
Банкууд нэгдэж чадвал хүүгийн дарамт буурах болов уу.
Өөрийн мэдлэг, ур чадвар, ажлын туршлагаа үндэслэж банкнуудын хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг ил болгож, хяналт тавихад хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана.
Би ажлын гараагаа Төв банкнаас эхлүүлсэн. Хөгжлийн банк, Төрийн банкинд олон жил ажилласан. Би ББСБ эзэмшдэггүй, холбоогүй. Төв банкны тухай хуулийг ягштал баримталж ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл (4)