Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Төрийн банк"-ны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр "Үндэсний давхар даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг, томилох УИХ-ын дарга Г.Занданшатарын саналыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжлээ.
Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдох Г.Дөлгөөн нь Хэнтий аймгийн Засаг дарга Г.Ганбямбын хүү. МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Ажлын туршлагын хувьд Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч зэрэг албыг найман жил хашиж байгаад Хөгжлийн банкины дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ.
Харин дэд ерөнхийлөгчөөр томилогдох Г.Энхтайван нь "Үндэсний давхар даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаасаа өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан. Ажлын туршлагын хувьд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, "Bank of America"-гийн шинжээчээр ажиллаж байжээ. Боловсролын хувьд АНУ-ын Арканзасын их сургууль болон Лондонгийн эдийн засгийн их сургууль, Оксфортын их сургуульд төгссөн. Эдгээр боловсон хүчнийг томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ийнхүү дэмжлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх юм.
Ташрамд дурдахад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, оронд нь дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсны дараа дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан юм.
Сэтгэгдэл (1)