Монголбанкны дотоод бүтцэд томоохон өөрчлөлт орохоор болжээ. Тухайлбал, тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг томилох бол дэд ерөнхийлөгчөөр "Үндэсний давхар даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайванг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гэж байна.
Уг шийдвэртэй зэрэгцэн шинээр алба хүлээж авч байгаа эрхмүүд хэн бэ гэдэг асуулт нийгэмд үүсээд байна. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдох Г.Дөлгөөн нь Хэнтий аймгийн Засаг дарга Г.Ганбямбын хүү. МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн. Ажлын туршлагын хувьд Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч зэрэг албыг найман жил хашиж байгаад Хөгжлийн банкины дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ.
Харин дэд ерөнхийлөгчөөр томилогдох Г.Энхтайван нь "Үндэсний давхар даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаасаа өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан. Ажлын туршлагын хувьд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, "Bank of America"-гийн шинжээчээр ажиллаж байжээ. Боловсролын хувьд АНУ-ын Арканзасын их сургууль болон Лондонгийн эдийн засгийн их сургууль, Оксфортын их сургуульд төгссөн. Эдгээр боловсон хүчнийг томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгож буй бөгөөд өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар томилох эсэхийг хэлэлцэх юм.
Ташрамд дурдахад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, оронд нь дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсны дараа дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан юм.
Сэтгэгдэл (11)