Баримт 1.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдааны үеэр намын дарга С.Эрдэнэ, Монголоос Хөх хотод суух ерөнхий Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хооронд нэгэн маргаан өрнөжээ. Уг маргаан нэр дэвшигчдэдээ тогтоосон 100 сая төгрөгийн босго болон АН-ын бодлого ямар хүрээнд явж байгаа талаар ширүүхэн маргаанаар үргэжилжээ.
Баримт 2.
Хуралдааны үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Үндсэн хуулийн хүрээнд эрх яриад байгаа улсууд түүнийхээ хүрээнд явж болно шүү, гэдгийг хэлмээр байна. Манай зарим залуучуудын байгууллагын хариуцлагатай удирдлагууд хүртэл тэрийг нь өөгшүүлээд балиашиглаад яваад байгаа шүү.
Баримт 3.
Би бүгдийг нь харж байгаа шүү. Зоригтой, зүрхтэй нь гарч ирээд хэл л дээ. Хүний араас шрүппээд, хутгалаад, сэвчихээд худлаа гэмгүй царайлаад явж болохгүй. Орж, ирж уулзахаараа худлаа наль, наль гэчихээд гарч явдгаа болих хэрэгтэй” хэмээн Үндэсний бодлогын хорооны гишүүддээ хатуухан анхааруулга өгснөөр хуралдаан эхэлсэн бололтой.
Баримт 4.
Энэ үеэр Үндэсний бодлогын хорооны гишүүн, Хөх хотод суух ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Батсуурь даргатай санал нэг байна. Алтанхуягтай бас санал нэг байна. Өнөөдөр АН олонх болох нь чухал юм уу, олон хүнээс мөнгө авах нь чухал юм уу. Манай нам дотроо үзэл бодлоо ярина шдээ. Ярих хэрэгтэй.
Баримт 5.
Гадна алалцаад байгаа биш. Ярих юмыг нь... АН бол ярьдаг нам. Хааж боогоод коммунист нам шиг байж болохгүй ээ. Залуучууд чинь, ярьж болохгүй болохоор тэсрээд байна. Групп дээр нээх алдаа мадагтай юм ярихгүй л байна лээ. Ах нарынхаа алдааг шүүмжилж байна. Зөв. Би үгээ хэлж байна дарга аа. Үгээ хэлж байна, би.
Баримт 6.
Ингээд шударгаар юу болсныг ярьж байна. Өнөөдөр тэр Баасантөгөлдөр “троллууд” цалинжуулна. Одноо даргаа тэд нар чинь мөнгөөр цалинждаг байхгүй юу. Тэгвэл бид 100 сая төгрөгөө тушаасан юм бол аливаа байгууллага төсвөө баталдаг шиг энэ мөнгөнөөс хэдийг нь үрэх юм.
Баримт 7.
Хоёр сарын өмнө. Хойшид хэдийг нь үрэх юм. Бид нарын өмнөөс хүн муулаад сууж байдаг троллууд байдаггүй юм. 100 сая төгрөгийг хэчнээн олон хэдэн тэрбум төгрөг тушаалаа. Банкных нь хүү хаана байгаа юм. Хүүгээр нь троллуудыг худалдаж аваач. Нэг аймаг гурван хүн нэр дэвших гэж байна. Зарим дүүрэгт 10 хүн.
Баримт 8.
Дэвшихгүй бол байгуулсан хоёр дахь шатны гэрээгээр Баянхонгорт нэр дэвшихийн тулд 400 саяыг тушаах юм билээ. Үе шаттайгаар. 100 саяыг тушаачихсан. Дэвшиж чадахгүй бол 2012 онд мөнгө төлсөн мөртлөө би нэр дэвшиж чадаагүй. Ялах, ялахгүйг нь хэн мэдээд байгаа юм. Энийгээ яръя. Тантай маргах гэж орж ирээгүй. Та урд нь Үндэсний бодлогын хорооны хурал дээр “Хуц солиор, нохой, гахай гээд л байдаг байсан”. Өнөөдөр яагаад залуучууд чинь үгээ хэлэхээр доромжлоод байдаг юм. Өчигдөр намайг 30 минут доромжилсон шүү, Та” хэмээн АН-ын дарга С.Эрдэнэ рүү дайрч эхэлжээ.
Баримт 9.
Хариуд нь АН-ын дарга С.Эрдэнэ “Д.Мөнх-Эрдэнийн асуултад хариулахад өнөөдөр чамаар нээх заалгаад байх юм алга. Худлаа залуучуудын нэр барихаа боль. Олон долоон юм ярихаа боль. Өөрийнхөө хэмжээнд бай. Коммунист нам биш. Энэ нам чинь дүрэмтэй журамтай. Чи гар л даа, ядаргаатай юм.
Баримт 10.
Чи одоо аятайхан байгаарай. Чи дандаа ингэж үсчих юм. Яасан онгироо юм. Захын залууд нам цохиулна шүү. Гөлөг юм байж. Гар чи, үүдэнд зогсож бай. Гараад чамтай уулзая. Чиний суух юм биш. Чамайг хаана ч нэр дэвшүүлэхгүй. Өөрөө тойргоо ол. Чи миний тухай ярих юм байвал яриарай. Айж ичээд байх юм алга” гэжээ.
Баримт 11.
Үүний дараа үг хэлэх ээлж нь ирсэн Үндэсний бодлогын хорооны гишүүн Ганбаяр “Гол сонирхол татсан юм нь тойрогт дэвшиж байгаа хүмүүсээ намын дарга нүүр рүү нь харж байгаад цэгцлээчээ. Жишээ нь, Сүхбаатар дүүрэгт зургаан хүн байна. Яах гэсэн юм бэ, энэ зургааг цааш явуулж. Намын даргаас хүсч байна.
Баримт 12.
Үүнийгээ цэгцлээч. Хэчнээн хүн 100 сая төгрөг төлсөн юм бэ. Үүнийгээ тодорхой болгооч. АН шилэн нам. Нам дотроо зодолдсон л биз дээ. Иймэрхүү хууль бус юмаа боль. Би бас эрхзүйч хүн. Тэрийгээ мэднэ. Ганц гэрээ хийчихээд тэрийгээ далд хийчихээд яваад байх юм. Үүнийгээ шударга болгоод цааш явъя. Хоорондоо зодолдоод хамаг дээлээ урлаа шдээ” хэмээн Д.Мөнх-Эрдэнийг дэмжсэн агуулгатай үг хэлсэн байна.
Баримт 13.
Түүнийг дэмжиж “Гэрээгээ харуулчихая л даа” хэмээн консул асан Д.Мөнх-Эрдэнэ шаардаж эхэлсэн байна. Хариуд нь АН-ын дарга С.Эрдэнэ “Чи дуугүй бай. Чамаар заалгахгүй” хэмээн зандарсан байна. Харин Д.Мөнх-Эрдэнэ “АН-ыг Та гэр бүлийн нам болгочихсон. Аятайхан байгаарай. Гэрээгээ харуул” гэсэн шаардлагаа тавьсаар байжээ.
Баримт 14.
Гэвч АН-ын дарга С.Эрдэнэ “Чамд харуулдаггүй юм. Гар. Чи тэрийгээ аваад зайл. Чамд харуулахгүй. Хэн юм чи. Чи мөнгөө аваад явж болно. Би төлнө. Чи юу хэлэх гээд байгаа юм. Гэрээгээ байгуулчихаад” хэмээн өөрийн байр суурьтай хатуухан зогссон бололтой.
Баримт 15.
Гэвч консул асан Д.Мөнх-Эрдэнэ мөчөөгөө өгсөнгүй. “Үндэсний аудитын байгууллагаас манай аймагт 405 сая төгрөг гэсэн юм. 10 хувь гэхээр 40 сая төгрөг тушаа гэж дунд шатнаас данс ирж байна лээ. 20, 20 хувь гэхээр хэд вэ. Дахиад 80, 80. Үндсэндээ 100-200 сая төгрөг тушаах юм байна” хэмээн заалнаас АН-ын дарга С.Эрдэнэ рүү дайрч эхэлсэн байна.
Баримт 16.
Харин С.Эрдэнэ “Илэн далангүй хэлэхэд дөрөвдүгээр сарын 5-ны дотор нэр дэвшигчид дунд шатны байгууллагатайгаа тохиролцоод, тогтоосон жишиг саналаа ирүүл гэсэн. Танай Баянхонгор аймагт 400 сая, 200 саяар тогтооно уу та хоорондын асуудал. Түүнийг нь ҮБХ-оор баталгаажуулж өгье гэсэн юм. Өөр юу ярих юм. Чи яг юу ярих гээд байгаа юм. Гэрээний загвар аваад ир. Мөнх-Эрдэнэ гэж нөхөрт үзүүл” гэжээ.
Баримт 17.
Мөн тэрбээр АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд нэр дэвшүүлэх процесс явж байгааг уншиж танилцуулсан байх юм. Ингэхдээ “Шалгуурт оролцох боломжгүй болсон сонгуульт гишүүний үзэл бодол итгэл үнэмшлийг хүндэтгэн татвар болон хандив төлөлт намын гишүүний үүргийг нь манлайлал гүйцэтгэлд хамруулан тооцно.
Баримт 18.
5.4-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгуульт гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 10 хувийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн аймаг, дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлсэн байна.
Баримт 19.
5.5-т Сонгуульт гишүүн энэ гэрээний 5.4-т заасны дагуу шилжүүсэн татварын талаарх мэдээлийг Ардчилсан намын санхүү бүртгэлийн хэлтэстээ мэдэгдэж баталгаажуулна. 5.6-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгууль гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 20 хувийг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор, мөн 20 хувийг 2020 оны тавдугаар сарын 10-ний дотор тухайн аймаг дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлнэ.
Баримт 20.
5.7 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасан хуваарийн дагуу төвлөрүүлж татварын зарцуулалт , зардал тус бүрээр хяналт тавьж ажиллана.
Баримт 21.
5.8 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгийг бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт энэ гэрээний 5.2.1-ээс 5.8-д заасан зориулалтын дагуу зарцуулна. 5.11 энэ гэрээнд заасны дагуу бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан татварыг буцаан олгохгүй” зэрэг найман заалт бүхий гэрээ байгуулсан тухайгаа уншиж танилцуулжээ.
Баримт 22.
АН-ын дарга С.Эрдэнийн таницуулснаар, консул асан Д.Мөнх-Эрдэнийн шүүмжилснээр 100 сая төгрөгийн хандив өгсөн 181 хүн байгаа гэдгийг “Хера Холдинг” компанийн захирал Х.Ганхуяг эртнээс мэдэгдэх болсон. Х.Ганхуягийн олон нийтэд зарласан уг тоо үнэнээс зөрсөн, бодит тоо биш байж болох ч консул асан Д.Мөнх-Эрдэнэ Үндэсний бодлогын хорооныхоо хуралдааны үеэр намын дарга руугаа агссан бичлэгээс харахад үнэн ч юм шиг.
Баримт 23.
Гагцхүү Х.Ганхуягийн гаргаж тавьсан тоо баримт, Д.Мөнх-Эрдэнийн шүүмжлэл бодитой гэдгийг хамгийн сайн мэдэх хүн нь АН-ын дарга С.Эрдэнэ. Гэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ эртнээс илэрхийлж, намдаа 100 сая төгрөг тушаасан хүмүүс АН-аас ямар дэмжлэг хүлээх нь тодорхой бус байгааг Д.Мөнх-Эрдэнэ илчилсэн нь энэ байв. Намын дарга С.Эрдэнэ ч хэчнээн горилогч УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр намдаа 100 сая төгрөгийн дэнчин өгснийг зарласангүй.
Баримт 24.
Ямартай ч, уг бичлэгээс харахад АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд нэр дэвшигчдэдээ тогтоосон 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг хэрхэн хаана, яаж зарцуулахаа тайлбарлаж чадсангүй. Эсрэгээрээ нэмж мөнгө авахаа илэрхийлснийг түүний уншиж, танилцуулсан намын дүрмээс тодорхой харж болохоор. Нөгөөтэйгүүр, 100 сая төгрөгийн дэнчин тушаасан нэр дэвшигч бүртээ гэрээ байгуулсан нь 2016 оны УИХ-ын сонгуулиар ил болсон ч батлагдаагүй МАН-ын гэх тодотголтой “60 тэрбум”-ын схемийг АН-ын дарга С.Эрдэнэ бодитоор хэрэгжүүлэхээр болсныг илтгэж байх шиг.
Сэтгэгдэл (7)