Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон МҮЭХ, МАОЭНХ-оос нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газраас багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд УИХ-аас хууль баталж, Засгийн газраас холбогдох журмыг баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-ний хооронд НДШ-ээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг дагаж мөрдөхөөр болсон.
Энэ асуудлаар мэдээлэл өгье. Хувийн хэвшилд ажиллаж байгаа бүх ажилчид, тэдгээрт даатгал төлж байгаа даатгуулагчид энэ хуульд хамаарна. Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, ТББ-ын ажилчид мөн НДШ-ийн хөнгөлөлтөд хамрагдаж чөлөөлөгдөн. Хууль болоод Засгийн газраас баталсан тогтоолтой холбогдуулан Засгийн газар болон бусад холбогдох байгууллага, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоод өнөөдөр саналаа нэгтгэлээ.
Нэгдүгээрт, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан бүх аж ахуйн нэгжийн орлого буурсан. Тиймээс хуулийн хамрах хүрээнд хамруулахаар ойлголтоо нэгтгэлээ.
Хоёрдугаарт, ААН ажил олгох болон хөлсөөр ажил гүйцэтгүүлэх гэрээгээр тухайн ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байраа хадгалж байна гэж үзнэ. Хуулийн дагуу сайн дураар даатгуулагчийн НДШ-ийн сарын төлөх хэмжээ 56700 байна. Үүнийг төрөөс чөлөөлнө. ААН, иргэний 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын хугацаан дахь НДШ-ээ урьдчилж төлсөн бол буцаан олгоно.
ААН, байгууллагууд НДШ-ийн төлөлтийнхөө сар бүрийн тайланг дараа сарынх нь 5-ны дотор ирүүлдэг. Тиймээс тавдугаар сарын 5-ны дотор тайлангаа цахимаар ирүүлсэн байх учиртай. Энэ тайланг үндэслэж, дээрх хэлсэн дөрвөн категорийн ААН, байгууллага шаардлага хангаж байгаа бол НДШ-ээс чөлөөлөгдөнө.
Бүх хувийн хэвшлийн байгууллагыг үйл ажиллагаа нь доголдсон гэж үзэж НДШ-ээс чөлөөлнө. Ямарваа нэгэн байдлаар ашигтай ажилласан гэдгээр нь ялгавартай хандахгүй гэсэн байр суурьтай байна.
Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсад бий. Үүний 200 мянга нь төсвөөс цалинждаг. Үндсэндээ нийт ажиллагсдын 75 хувь нь НДШ-ээс чөлөөлөх хуульд хамрагдаж байна.
НДШ-ийн өртэй ААН нэгжүүд ч гэсэн дээрх хуульд хамаарна. Харин Засгийн газар энэ хуулиас гадна НДШ-ийн өртэй ААН-үүдэд төлөөгүй НДШ-ийн төлөлтөд хүү бодохгүй гэсэн хуулийн өөрчлөлт орсон" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)