“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны ашгаасаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаснаа өнгөрсөн даваа гарагт /02.17-ны өдөр/ зарласан. Энэ мэдээлэл цацагдснаас хойш дөрөв хоногийн хугацаанд 99 мянга гаруй иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж авчээ. Мөн брокерийн компаниудад хандан үйлчлүүлэх иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн байна. Корона вирусийн халдвар дэгдэн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэд заавал “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон брокерийн компаниудад очихгүйгээр хэрэгтэй мэдээллээ авах, онлайнаар дансаа шалгах, нээх боломжтойг өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг санууллаа. Ногдол ашиг олгох хүртэл хугацаанд тус компаниас даваа гараг бүрийн 13 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Ирэх даваа гарагт цагаан сарын шинийн нэгэн таарч байгаа учраас өнөөдөр мэдээллээ хийлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот Ногдол ашиг тараах ажиллагааны тухай тогтоолын дагуу ҮЦТХТ-өөр /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ дамжуулан ногдол ашгийг хуваарилна. Иргэд данс нээлгэсэн брокерийн компаниудтайгаа холбогдож бүртгэлээ баталгаажуулж, байнгын ашигладаг арилжааны банкны дансаараа ногдол ашгаа авах юм. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 2,511,000 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах үйл ажиллагааг хамгийн хялбар, цаг хугацаа, явдал чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулахад анхаарч байгааг Б.Ганхуяг захирал хэллээ. Мөн тэрээр ногдол ашиг бол төсөв биш, бэлэн мөнгө тараалт ч биш, хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг гэдгийг сануулсан юм.
Хэвлэлийн хуралд Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хуяг,Ы “Гэрэгэ систем” компанийн захирал Ц.Эрдэнэбаяр, Бумбат Алтай” брокерийн компанийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал нар оролцож, ногдол ашиг олгох үйл явц болон хувьцааны данс нээх онлайн үйлчилгээ, шинэ технологийн талаар танилцууллаа.
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас буюу www.ett.mn вэб сайт болон “Эрдэнэс-Тавантолгой” пэйж хуудас, аппликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай дугаарын утсаар авах боломжтой.