Төрийн ордны гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн суулт хийгээд цөөнгүй хонож байгаа билээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломжийг бүрдүүлсэн үйлдвэртэй байсан ч банкны зээлээ төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэрээр хураагдах болсон юм. Тиймээс уг асуудалд тус болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжээч гэдгийг гуйж ийн суулт хийсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр уг иргэнтэй уулзаж, туслахаа амаллаа. Тэрбээр "Та битгий санаа зов. Таны асуудлыг судалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үйлдвэрийг нь хурааж болохгүй гэж хэлсэн. Хоёулаа ирэх долоо хоногийн мягмар гарагт дахини уулзая. Танай үйлдвэртэй танилцая. Өрнөөс чөлөөлөх ямар боломж байна гэдгийг хамтдаа судалъя. Одоо гэртээ харьж амар" гэсэн юм.
Үүний хариуд суулт хийсэн иргэн "Цар тахлын үед амьдрал маш их хэцүүдэж байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал уруудаж байна. Би хөл хөлөө алдсан хүн. Гэлээ гээд зүгээр суугаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ажлын байр гаргасан. Үйлдвэрлэл явуулсан. Харамсалтай нь алдчихлаа. Намайг хүндэтгээд гарч ирж уулзсанд баярлалаа" гэв.
Ингээд ирэх долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүүхийн шийдвэрээр хаагдаад буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллуулж байсан үйлдвэртэй танилцахаар боллоо.
Сэтгэгдэл (71)