Өчигдөр буюу энэ сарын 13-нд Сөүл, Москвагаас ирсэн, сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан нийт 502 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр 13 тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Тэрбээр "Энэ сарын 13-ны үдээс хойш нэг өвчтөн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Эхний гарсан хоёр өвчтөн тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд нийт таван хүн эдгэрч гарсан гэсэн үг.
ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүлээс ирсэн 260 иргэнээс халдвар илрээгүй. Мөн уушгины хатгалгаагаар өвдсөн 19 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Мөн ОХУ-аас ирсэн 149 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр хүмүүсээс нийт 13 тохиолдол илэрлээ. Нэг нь Дархан-Уул аймагт, бусад нь нийслэлд тусгаарлалтад байсан хүмүүс. Хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлалтад авсан. Эмчилгээгээ зөв хийх шаардлага гарч ирж байна. Нийт 25 хүн ажиглалтад байна" гэлээ.
Б.Лхам