БАРИМТ 1
АН сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо 100 сая төгрөгийн хураамж өнгөрсөн арванхоёрдугаар сараар эцэслэн авсан. Гэсэн ч нэмж 400-500 сая төгрөг авах тухай яриа гарсан нь дэнчингийн мөнгөө тушаасан горилогчдыг нэлээд бухимдуулсан. Энэ бол төрийн албаныг наймаалцаж байгаагийн тод хэлбэр юм.
БАРИМТ 2
АН-ын горилогчид дунд ах, дүүс цөөнгүй бий. Тухайлбал, Д.Сүндий, Д.Ариунболд гээд ах, дүүсийн нэрс яригдаж буй. Д.Сүндийгийн хувьд “Сүндий сан”-гийн үүсгэн байгуулагч, “Нэткапитал” санхүүгийн группын ТУЗ-ийн дарга гэдгээр нь андахгүй байх. Цахим орчинд идэвхтэй тэрбээр улс төрд орох болсноо “Сүндий” сангаараа дамжуулан 10 мянган хүүхдэд иж бүрэн хэрэгсэлтэй цүнх, 1000 хүүхдэд гарын бэлэг, 55 мянган сурагчид ном, Чингэлтэй дүүргийн ахмадуудад амуу тариан гурил, эко даавуун торыг бэлэглэснээр зарласан. Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр санаархаж буй тэрбээр хэдхэн хоногийн өмнө эхнэрийнхээ хавиргыг хугартал зодсон гэх шуум тарсан. Үнэн худлыг мэдэхгүй ч үүнийг үгүйсгэсэн ямар ч мэдэгдэл хийгээгүй. Харин түүний гэргий Н.Ундрал нь Чингэлтэй дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж ялалт байгуулсан нэгэн. Ах Д.Ариунболдын хувьд Тагнуулын ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад халагдсан гэдгээс өөр мэдээлэл байхгүй. Ах дүүсийн жагсаалтыг Увс даяараа гурил, будаа тараасан олноо танигдсан Увс аймгийн Ардчилсан намын дарга, “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан том гаруудын нэг болох түүний төрсөн ах О.Сайнбуян нар удаалж байна.
БАРИМТ 3
Б.Жаргалан, Ө.Пүрэвбаатар, П.Мөнхтулга: Б.Жаргалангийн хувьд аав нь Эдийн засгийн хөгжлийн асан Н.Батбаярын. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Завхан аймгийн нутаг, Халзанбүргэдтэй, Солонготын даваа чиглэлд тавих автозамын төсвийг хэлэлцүүлэх явцад Б.Гарамгайбаатарын хувь эзэмшдэг байсан “Монроуд” ХХК-д хууль бусаар давуу байдал олгон, улсын төсөвт хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан. Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргээс мултарсан тэрбээр төрсөн охиноо АН-аас зүтгүүлэхээр санаархаж буй. Түүний охин Б.Жаргалан нь Архангай аймгаас УИХ-ын сонгуульд дэвшихээр санаархаж бэлтгэлээ базааж эхэлсэн гэх бөгөөд аавыгаа гишүүн байх үеэс АН-д элсэж, хурал, цуглаанд нь гүйх болсон гэдэг. Түүгээр зогсохгүй гэнэтийн 68 хувийн татварыг санаачлагчдын тоонд хэдэнтээ нэр нь дурдагдсан нэгэн юм байна. Аав, хүүгийн жагсаалтын удаахьд “Хөх чоно”-ын Ө.Пүрэвбаатар болон түүний хүү П.Мөнхтулга нарын нэр багтаж буй. Ө.Пүрэвбаатарын хувьд 2016 оны УИХ-ын Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн ч эцэстээ тэрбум төгрөгөөр “шатаад” өнгөрсөн гэсэн шуум цацагдсан. Харин П.Мөнхтулгын хувьд МУИС-ийн олон улсын харилцаа, МУИС-ийн хууль эрх зүйн анги тус тус дүүргэсэн.
БАРИМТ 4
Н.Соёмбо, Д.Батчимэг, Б.Ганхөлөг, Б.Энхбайгаль, Э.Эрдэнэ: Дундговь аймгаас Их хуралд хоёронтоо сонгогдож байсан Ж.Наранцацралт агсны төрсөн хүү Н.Соёмбо нь тус тойрогт өрсөлдөхөөр зэхэж байна. Мөн Г.Батхүү агсны төрсөн хүү Б.Ганхөлөг болон Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг нарын нэр яригдаж байна. П.Батчимэгийг “АПУ трейдинг”-гийн гүйцэтгэх захирал, Дорнод аймгийн АН-ын дарга гэдгээр нь андахгүй байх. Сонгуульд ч Дорнодоос нэр дэвших нь ойлгомжтой болоод буй. Харин Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн тойрогт нэр дэвших бөгөөд хандивын мөнгө, мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэтэй хэдхэн хоногийн өмнө уулзсан байна. Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн хэд хэдэн суманд ажиллаад ирсэн, улмаар аавынхаа улс төрийн болон Монголын морин спорт, уяачдын холбооны ажлыг ч үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Жагсаалтын удаахьд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Б.Энхбайгаль яригдаж байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт УИХ-ын гишүүн Н.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөж байсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ч гэсэн Төв аймгаас нэр дэвших бололтой. Тэрбээр Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, доктор, дэд профессор цолтой, эдийн засагч мэргэжилтэй нэгэн. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ мөн л сонгуульд өрсөлдөх аж. Түүний хувьд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүнээр ажилладаг. Энэ утгаараа Баянзүрх дүүргээс эсвэл Ховд аймгаас нэр дэвших магадлалтай. Боловсролын хувьд АНУ-ын “Drexel University” төгссөн, биотехнологич мэргэжилтэй. Оксфордын их сургуульд магистр хамгаалсан. Цэргийн эмнэлгийн лабораторид Эрдэм шинжилгээний ажилтан, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор ажиллаж байсан, “Элбэгдорж хүрээлэн”-гийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм. АН-ын дарга С.Эрдэнэ хүргэн хүү Г.Энхболдыгоо мөн л сонгуульд сойх бололтой. Г.Энхболдын хувьд Баянголын ИТХ-ын даргаар ажилладаг. Хадам аав С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналтын байцаагч, ХАХНХ-ын сайд байхад Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.
БАРИМТ 5
Сангийн сайд асан Б.Болор: Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахтай холбоотой тушаалыг хууль зөрчиж, нууцаар гаргасан гэх хэрэгт нэр холбогдсон тэрбээр мөн л нэр дэвших нь ээ. Уг нь бол тэрбээр энэ нууц тушаалаараа улс төрийн хар тамга даруулсан. Гэвч сайдын суудлаа өгсний дараа АН-ын ҮБХ-нд Архангай аймгаас сонгогдсон. Энэ утгаараа Архангай аймгаас суудал горилж буй гэх.
БАРИМТ 6
Д.Мурат: Д.Мурат гишүүний хувьд ичимдэг эрхтнийхээ зургийг цахимаар нэг тараасан, УИХ-ын чуулганаар “эрхтэн хэлэлцүүлсэн” анхны анхны гишүүн гэдгээр нь андахгүй байх. Төрийн ордноос булайгаа чирсэн тэрбээр нэр холбогдсон эмэгтэйдээ бэлгийн харилцаанд орохыг санал болгосон, эсэргүүцэхээр нь удаа дараа зодсон гэх хэрэгт холбогдож бүр цагдаагийн хаалга татаж, хэдэнтээ мэдүүлэг өгсөн. Хэрэг хохирогч эмэгтэйн талд шийдэгдсэн ч тэрбээр уучлалт гуйсан нь нэгээхэн үгүй. Баян-Өлгий аймаас ирэх сонгуульд өрсөлдөх гуйлт хүсэлт ирсэн, ирсээр ч байна гэж мэдэгдсэн тэрбээр өөрийгөө АН-ын лидер улстөрчдийн нэг гэж мэдэгдсэн юм.
БАРИМТ 7
Я.Батсуурь: АН-ын горилогч Я.Батсуурийг Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал асан гэдгээр нь мэдэх байх. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа нэр бүхий албан тушаалтнуудын хамт эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгагдаж, 2017 онд шүүхээс гэм буруутайд тооцогдож байсан юм. Тодруулбал, яллагдагч Я.Батсуурьд 5.1 жилийн ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамруулж 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон. Гэвч дээрх хэргийн холбогдогч нар Улсын дээд шүүх хүртэл заргалдаж, Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч тэдний гомдлыг 2017 оны аравдугаар сарын 13-нд хянаад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг нарийвчлан гаргаагүй хэмээн үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Хэрэг ийн явсаар эцэстээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болсон түүхтэй.
БАРИМТ 8
П.Цагаан: Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. “Ачит Ихт” компанийн ажлын байранд өнгөрсөн 2019 оны аравдугаар сард АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох баримт сэлтийг хурааж авсан удаатай. Тухайн үед ил болсон баримтаар катодын зэс үйлдвэрлэх гэрээг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, “Ачит-Ихт” компанийн ерөнхий захирал В.Цамба нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Ингэхдээ энэ гэрээ нь Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн хурлаар орж баталгаажаагүй учир хоёр дахь гэрээг 2013 онд байгуулж, тухайн үеийн Төрийн өмчийн хороогоор баталсан юм. Гэрээнд Эрдэнэт үйлдвэр балансын бус хүдрийнхээ оронд “Ачит-Ихт”-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ хэмээн заажээ. Үйлдвэрлэл явуулж эхлэх үед П.Цагааны гэр бүлийн гишүүд 346 сая төгрөгийн орлоготой байсан бол жилийн дараа буюу 2015 онд жилийн орлого нэг тэрбум 240 сая төгрөгт хүрч огцом нэмэгдсэн. Нэг үгээр "Ачит-Ихт” компани Эрдэнэтийн хоёрдугаар овоолгын балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлснээр ийнхүү тэрбумтнуудыг эгнээнд багтсан боломж олгосон гэдгийг хэвлэлүүд онцолж байсан юм.
БАРИМТ 9
Д.Алтанхуяг: П.Цагааны эзэмшлийн “Ачит- Ихт” компаниас гадна Эрдэнэт үйлдвэртэй нэр холбогдож ирсэн компанийн нэг нь “Зэс эрдэнийн хувь” компани. Үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг нь уг компаниараа дамжуулан 24500 иргэнээс 600 сая төгрөг босгож хуурамч хувьцаа гаргаж хууль бус компани байгуулан ард түмнийг залилсан хэрэгт нэр холбогдож байсан. Энэ талаар хохирогч иргэд мэдээлэл хийх үеэрээ “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг 2010 онд Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг түшиглэн 5.0 тонн цэвэр кадотын зэс үйлдвэрлэж, 200 гаруй хүмүүсийг тогтмол өндөр цалинтай ажлын байртай болгох, 24500 иргэдэд жил бүр хувьцааны ногдол ашиг хүртээх улсын төсөвт хувь нэмэр оруулах зорилгоор үүсгэн байгуулсан. Гэвч өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдэд нэг ч удаа ногдол ашиг тараагаагүй. Гурван жилийн хугацаанд үйлдвэр барина гээд одоо болтол бариагүй. Ажиллагсад цалин хөлсгүй ажилсаар ирсэн. Түүнчлэн сонгууль бүрд нэр дэвшиж ард түмнээс цуглуулсан 600 сая төгрөгийг үрэн таран хийж хувьцаа эзэмшигчдийг хуурсан" гэсэн юм. Тэгвэл тухайн үед гаргасан хоёр төрлийн хувьцаа нь ҮЦТХТ-д бүртгэгдээгүй хуурамч болох нь илэрсэн. Ийм төрлийн хэрэгт 5-10 жилийн ял ногдуулах хуулийн заалттай. Зэс эрдэнэийн хувь компанийн бүх бичиг баримт хуурамч болох нь нотлогдсон гэж байв. Хэргийг прокуророос хянаж, хэрэг үүсгэсэн гэх боловч хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй үлдсэн.
БАРИМТ 10
Д.Дагвадорж: “Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын дүү, их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн компани Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт ураны хайгуулын лиценз авч, хайгуул хийж эхэлжээ талаарх мэдээлэл цацагдсан. Гэвч тэрбээр үүнийг “Би нинжа царайлаад явах уу” гэж мэдэгдэл хийж эрс няцайсан байдаг. Тэгвэл тэрбээр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирснийхээ дараа “Дарга нарын хүүхдүүд ирсэн. Тэднийг хар машинаар тусад нь авч явсан, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндөр зэрэглэлийн зочид буудалд буусан” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан ч эцэстээ асуудал эсрэгээрээ гэдгийг албаныхан ам мөлтөс баталсан. Хөрөнгөний хэмжээ нь 75 сая ам.доллараар хэмжигддэг тэрбээр энэ удаа АН-аас нэр дэвших бололтой. Хэрвээ түүнд ард түмэн итгэл хүлээлгэвэл спортын дэвжээнээс Их хуралд заларсан дөрөв дэх гишүүн болох юм.
БАРИМТ 11
Ц.Отгонбаатар: “Од” группын ерөнхий захирал Ц.Отгонбаатар Сэлэнгэ аймгаас АН-аас нэр дэвшихээр болсон байна. Түүний хувьд үйлдвэр худалдааны бизнес эрхлээд 20-иод жил болж буй. Хэдийгээр бизнесийн арвин туршлагатай ч улс төрийн гэх туршлага хомс учир нь АН-ын бурхиуд түүнийг нэр дэвшүүлэх сонирхол бага байгаа аж. Гэвч Ц.Отгонбаатарын ах Ц.Баатарсайхан АН-д багагүй тал зассны хүчинд ийнхүү Сэлэнгээс нэр дэвших эрх олж авсан бололтой.
БАРИМТ 12
Д.Доржпүрэв. Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг өөр хоёр хүний хамт мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр 2016 онд цагдан хорьсон билээ. Түүнийг нэр бүхий албан тушаалтнуудтай хамтарч ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг саяыг нь завшсан гэж буруутгаж байсан юм. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын Hunan industrial equipment installation гэх компанитай ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан. Тус компанийнханд шилжүүлсэн 35 сая ам.долларын 500 мянгаас нэг сая орчмыг нь өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан нь тогтоогдсон учир ийн цагдан хорьсон тухай мэдээлэл цацагдаж байв. Түүний тухай олон хэрэг сөхөгддөг. Ганцыг нь дурдахад ийм байна. Тэрбээр өнгөрсөн сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн нэгэн. Энэ удаа дахин Төв аймагт өрсөлдөх тухай яригдаж байгаа юм. Намтарыг сөхвөл, 1996 онд ХОТШ банкны Эрдэнэт дэх салбарын эдийн засагч, 1997-2012 онд “Фин сервис” ББСБ-ыг байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байсан, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн ТУЗ-ийн дарга, 2010-2012 онд БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсжээ.
БАРИМТ 13
Т.Энхсайхан: Төрийн ордны хашааны үүдэнд лам хуварга залж, арц хүж уугиулсан хүн бол иргэн Т.Энхсайхан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар барин тавин мэдээлэл цацаж олны танил болсон тэрбээр АН-аас нэр дэвших квот өвөртөлсөн бололтой. Тэрбээр “Намайг цагдаагаас дарамталсан. Намайг сайдынх нь эсрэг дуугарсан болохоор нөхрийг минь ажлаас нь халчихлаа” гэж мэдэгдэж байв. Гэвч цагдаагийн албанаас ийм зүйл болоогүй гэж эрс няцаасан. Цагтаа япон хөгшний хөрөнгийг луйвардсан гэх ярианы эзэн болж байсан түүнийг АН-ын сонголтгүй сонголтын нэг гэх хүн цөөнгүй бий нь үнэн юм.
БАРИМТ 14
С.Отгонбаяр. "Оюуны ундраа" группийн захирал ажилтай тэрбээр элдэв хэл аманд орох нь бага. Гэвч зарим эх сурвалжийн өгүүлснээр гадаадын иргэнийг хохироосон гэх хэрэгт тус групп болон түүний охин компани холбогдсон бололтой юм. Хэргийн талаар цухасхан дурдахад, лиценз тойрсон маргаанд "Оюуны ундраа" групп болон түүний охин компани буруутай гэсэн арбитрын болон Монголын шүүхийн шийдвэр гарсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Хэрвээ энэ бүхэн үнэн бол тус групп гадаадын нэгэн иргэнд 10 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан болж таарах юм.
БАРИМТ 15
М.Хүдэрбаатар: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх асан М.Хүдэрбаатар Хэнтий аймагт өрсөлдөх тухай яригдаж байна. Түүнийг сонгуульд өрсөлдөх татаасаа АН-д тушаасан гэх бөгөөд сонгуульд өрсөлдөх болсон шалтгааныг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй шууд холбон тайлбарлаж буй. Өдгөө АНУ-д эмчилгээ хийлгэж буй экс Ерөнхий сайдын хувьд өөрийн хүнээ Их хуралд оруулах сонирхол багагүй бий нь тодорхой. Тиймдээ ч сонгуульд өрсөлдүүлэхээр сойсон гэх яриа бий.
БАРИМТ 16
З.Энхболд: Энэ хүний тухай хангалттай мэдээлэл цацагдсан учир дэлгэрэнгүй танилцуулга илүүц биз ээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болсон тэрбээр сонгуульд өрсөлдөж, өөрийгөө бодох цаг ирлээ гэж мэдэгдсэн. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн асуудлаар сенсаац дэгдээж, олны анхааралд өртсөн. АН-ын хашируудын тоонд багтах тэрбээр энэ удаагийн сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж Ц.Мөнх-Оргилтой үзэлцэнэ гэж мэдэгдсэн юм. Тэрбээр өмнөх сонгуульд С.Эрдэнэ “вангийн хошуу” гэгддэг Баянгол дүүрэгт нэр дэвшээд МАН-аас дэвшсэн “Оргил”-ын Н.Ганбаатарт ялагдаж байв.
БАРИМТ 17
Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон тэрбээр ганцхан жил эл албан тушаалыг хашаад үүрэгт ажлаа 2016 онд өгсөн юм. Шалтгаан нь Дубайн гэрээ болон Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хариуцагчаар татан шалгах явцад Б.Бямбасайханыг мөн л хамаатуулан шалгасан байдаг. Улмаар тэдгээрийн хамт цагдан хорьж шалгаж байсныг мартаагүй байх. Хэргийг тодруулбал, нэр бүхий долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний прокуророос өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх 200 гаруй хавтаст хэргийг хүлээж авах эсэхээ одоогоор нягталж буй. Хэрвээ шүүхийн тов зарлагдвал түүний сонгуульд өрсөлдөх хөг өнгөрөх нь лавтай.
БАРИМТ 18
М.Тулгат: Иргэн Б.Болороогийн нөхөр цаг бусаар амиа алдсан хэрэг АН-аас нэр дэвшихээр горилж буй М.Тулгатын дэд захирлаар нь ажилладаг “Хишиг арвин индистрал”-тай ямар нэг сэжмээр холбогддог. Учир нь талийгаач тус компанид ажилладаг байсан бөгөөд амиа алдах үедээ согтууруулах ундаа уусан зэргээр таагүй мэдээлэл цацагдсан. Бүр ШШҮХ-ээс ийм дүгнэлт гаргасанд иргэн Б.Болороо гомдол гаргаж, Сүхбаатарын талбайд 10 гаруй хоног суулт хийсэн юм. Эцэстээ М.Тулгатын компанийн зүгээс уучлалт гуйснаар хэрэг хоёр тийшээ болсон. Иргэн амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гаран шалгаж байгаа. Хэрвээ эл хэрэгт М.Тулгатын компани ямар нэг байдлаар буруутгагдвал сонгуульд өрсөлдөх нь бас л бүрхэг болох талтай.
БАРИМТ 19
Д.Батбаяр: Их спортын дэвжээнээс Их хуралд залрах хүсэл сонирхолтой тамирчдын жагсаалтыг кёкүшюүзан Д.Батбаяр өнгөлж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгүүлсэн хүн нэр дэвшихүй гэж заасан байдаг. Тэгвэл кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа гэдгийг мэдэгдэж байсан. Түүнчлэн АТГ-аас нэр бүхий иргэдийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тодруулбал, кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьж, БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан аж. Тиймээс АТГ-ын хараанд өртсөн юм. Энэ бүхнээс хэргийг хэрвээ шүүхэд шилжүүлж, ирэх сонгуулиас өмнө шүүгч алхаа цохиж амжвал тэрбээр сонгуульд өрсөлдөх боломжгүй горилогчийн нэг болох юм.
БАРИМТ 20
Х.Баттуул: Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул нь Хан-Уул дүүргийн ИХТ-өөр 2016 оноос хойш ажиллаж буй. 2008 оноос эхлэн Ардчилсан намтай нэр холбож, УИХ, орон нутгийн сонгууль бүрт түүнийг нэр дэвших нь хэмээн тодорхой хүрээнд яригддаг байсан. Гэвч дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшиж, “даруухан” байдлаар өнөөг хүрсэн тэрбээр АН-ын ҮБХ-нд нэр дэвшсэн юм. Түүнийг энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэг тэр дундаа төрөлх Яармагийнхаа хөгжилд гар бие оролцохоор нэр дэвшинэ гэх яриа бий. Тэрбээр 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан, Монгол Улсаас Перу улсад суух өргөмжит консул, Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, сонгогдон ажиллаж буй. 2016 оноос Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүнээр ажиллаж байгаад 2019 оны Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ротацийн сонгуульд өрсөлдөн, ҮБХ-ны гишүүн болжээ.
БАРИМТ 21
Г.Баярсайхан: Гарьдхүүгийн Баярсайханы талаар монголчууд андахгүй байх. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор мотордуулж, Их хуралд дэвшсэн ч эцэстээ У.Хүрэлсүхээс шанаа аваад улс төрийн замналдаа цэг тавихаа шахсан хүн. 2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөөд бүдэрсэн тэрбээр 2012 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2015 онд Хөдөлмөрийн сайдаар томилогдож ажиллаж байсан юм.
БАРИМТ 22
Б.Билэгт: Энэ удаагийн сонгуульд ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгт нэр дэвших гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр түүний төрсөн хүү нь зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон тухай цацагдсан. Тодруулбал, Турк улсын прокурорын газраас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын хоёр ажилтныг сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэсэн гэх асуудлаар шалгаж эхэлсэн бөгөөд байцаалт авах зөвшөөрөл хүссэн бичгийг Гадаад харилцааны яаманд ирүүлжээ. Эдгээр хоёр иргэний нэгийг Б.Билэгт генералын хүү гэх яриа гараад буй. Түүнийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад буюу 2013 оны цэргийн баяраар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар цэргийн дээд цол бригадын генерал олгосон. Үүний дараа ШШГЕГ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр 2012 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж чөлөөлөгдсөн. Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлээгүй цөөн хэдхэн том толгойтой хүний нэг. Хэрвээ Их хуралд залрах завшаан таарвал ядаж хөрөнгө орлогоо нээлттэй мэдээлнэ гэж найдая.
БАРИМТ 23
Б.Хурц: Тэрбээр төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Д.Содномдаржаа нараас мэдүүлэг авахдаа гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй. АН-аас Их хуралд нэр дэвшихдээ УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тойрогт өрсөлдөж, хариугаа авна гэсэн яриа гараад удаагүй. Тэгвэл Х.Ганхуягийн дэлгэсэн баримтаар энэ бүхэн үнэн байх магадлалтайг харууллаа. Цагтаа “Цааш нь ярих уу, яах уу” гэж УИХ-ын гишүүдийн өвдгийг чичрүүлж явсан тэрбээр Их хуралд сонгогдвол эрүүдэн шүүсэн гэх хэргийн ирээдүй өөрчлөгдөх нь лавтай.
БАРИМТ 24
Д.Мөнх-Эрдэнэ: БНХАУ-ын Хөх хот дахь консулаар ажиллаж байсан тэрбээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат дугаартай машин улсын хилээр "гаргасан", виз “наймаалцсан” зэрэг хэрэгт нэр холбогдсон учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Эл үйлдлээрээ тэрбээр улс төр болоод дипломат албанд хар тамга даруулсан. Гэвч өөрийгөө буруугүй. Харин ч УИХ-ын Ж.Батзандангийн явуулга, тэдний гэр бүлээс болж ийм зүйл боллоо гэж мэдэгдсэн. Үүний дараахан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаар элдэв мэдээлэл цацагдах болсон. Гэтэл үүнийг Д.Мөнх-Эрдэнэ зохион байгуулалтайгаар тараасан болохыг хуулийн байгууллага шалгаад тогтоож байгаа аж. Үүнээс гадна орон нутагт болсон адуучдын уулзалтын үеэр хуран чуулсан иргэдийг элдвээр харааж, зүхэж байгаа бичлэг цацагдсан. Эндээс үзвэл, ард түмний төлөөлөл болж чадах хэмжээний ёс зүй, ухамсартай нэгэн биш гэдгийг харж болохоор. Энэ ч утгаараа АН-ын сонголтгүй сонголтын нэг яах аргагүй мөн бололтой.
Сэтгэгдэл (41)