БАРИМТ 1
Физикч-инженер мэргэжилтэй Я.Содбаатар 1995 оноос намын дэргэдэх оюутны байгууллагын даргаар сонгогдож ажиллажээ. Энэ үеэс тэрбээр МАН-тай ажил, амьдралаа холбосон байна. Тодруулбал, ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан тэрбээр 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллажээ.
БАРИМТ 2
Улмаар Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Үйлдвэр худалдааны сайд Сү.Батболдын зөвлөх, М.Энхболд, С.Баяр нарын танхимд дэд сайдаар ажилласан байдаг. Харин Төрийн албаны тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2009 оноос намаасаа түдгэлзэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, даргаар ажиллажээ. Харин МАН-ын XXVI Их хурын үеэр намын удирдлагууд намдаа ирж ажиллах талаар санал солилцсоны дагуу улс төрийн сонголтоо хийж намдаа Нарийн бичгийн даргаар эргэж иржээ.
БАРИМТ 3
Мэргэжлийн хяналтын байгууллагыг удирдаж байсан талаараа тэрбээр “Чадварлаг мэргэжсэн хамт олонтой хамтран ажиллаж хяналтын шинэчлэлийг эхлүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын менежмент нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Ер нь манай улсад төрийн албаны цогц шинэчлэлийг ойрын хугацаанд хийх зайлшгүй шаардлага байгаа гэж бодон өөрийнхөө боломжоор л оролцож яваа хүн” хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 4
Харин намдаа эргэж очсон тухайгаа “Намдаа ажиллах болсон энэ цаг хугацаа маань бас нэлээд ачаалалтай үе байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн чимээ сонсогдож, дуу нь ойртож буй үе байна. Мөн Монгол Ардын нам гэсэн уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгож, намд шинэлэг залуу удирдлага гарч ирэн шинэчлэлийг идэвхжүүлж, намын 90 жилийн ойг тэмдэглэхийн өмнө би ирж байгаагаарааонцлогтой л доо. Тэр тусмаа XXVI их хурлаараа өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо дүгнэж, ирээдүйн 20 жилийн зорилт хөтөлбөрөө тодорхойлон дэвшүүлсэн үед ирж ажиллаж байгаагаа би намын нөхдийн минь надад үүрүүлсэн том даалгавар гэж ойлгож байгаа. Том ачаа даалгаж байна гэж хүлээн авсан. Залуу хүний хувьд аливаа ажлын саналыг ачаа ирж байна, хариуцлага ирж байна л гэж ойлгодог. Харьцангуй залуугаасаа улс төрд зүтгэж, үеийнхнийхээ төлөөлөл болж яваа учраас хариуцуулсан ажлыг хийсэн шиг хийхийг л хичээдэг” гэж байв.
БАРИМТ 5
Я.Содбаатарын хувьд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй эртнээс холбоотой ойрын хүний нэг нь. Үүнээс гадна түүний хувьд Ерөнхий сайд асан Сү.Батболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажиллаж байсан удаатай.
БАРИМТ 6
Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр байсан тухайгаа гишүүн Я.Содбаатар У.Хүрэлсүх даргатай би 1995 оноос энэ намын оюутан, залуучууд байгууллагуудад хамтран ажиллаж эхэлсэн. Тэр үед би оюутан. Хүрэлсүх дарга намын залуучуудын асуудал хариуцсан улс төрийн ажилтан байсан. Тэр үеэс хойш бид ойрхон байж ирсэн. Миний хуурай ах шиг хүн. Болохгүй зүйлээ нэг нэгэндээ хэлж, урам өгөх үедээ өгч л ирсэн. Алдвал нэгнээ түшиж, амжилт гаргавал дэмжиж л явдаг.
БАРИМТ 7
Нэг ёсны журмын анд нөхдүүд. Бид хоёрт хамтдаа унасан ч үе бий. Боссон ч үе байдаг. Олон зүйл дээр нэг нэгэндээ дэм болж явсан. Ингэж олон жил хамтарч байгаагийн цаана энэ намын олон залуучуудын итгэл, сэтгэл тээгдэж ирсэн. Үүнийг мөнхийн цэрэг хамтрагч гэж хэлж байгаа бол би үгүй гээд эсэргүүцэхгүй ээ. Ер нь хүн нөхөрлөлдөө үнэнч, найз нөхдийнхөө төлөө галд орж, галзуу барын өмнөөс архирдаг байх хэрэгтэй шүү дээ” гэсэн байдаг.
БАРИМТ 8
Я.Содбаатарыг МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байх үе буюу 2010 онд МАХН нэрээ сольж МАН болсон байдаг. Энэ үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талынхан МАХН гэсэн нэрээ авч үлдэх гэж намын түр штабыг хүртэл нээж байв. Тухайн үед Нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би яг өнөөдөртөө Н.Энхбаяр даргын өөрийнх нь бодлыг мэдэхгүй байгаа учраас ямар нэг үг хэлэх боломжгүй байна. Зүгээр, шинэчлэл буруу гэж үзээд байгаа хүмүүсийн хувьд эхний удаад “Намын нэр солих бол асуудал биш. Гол нь үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй” гэж байсан. Гэтэл намын нэрийг солиод, бодлого зорилтоо тодорхойлж үйл ажиллагаагаа шинэчлээд ирэхээр “Намын нэр чухал” гээд ач холбогдол өгөөд байгаа байхгүй юу. Энэ чинь өөрөө логикийн зөрчилтэй байгаа биз дээ.
БАРИМТ 9
Зүгээр тэд бодлогын шинжтэй асуудалд маргаан өрнүүлсэн бол өөр хэрэг. Тэгэхэд зүгээр л дургүйчүүдийн арми байгуулаад л, түр штаб нээж болохгүй. Улс төрд энэ бол оновчтой зүйл биш. Нам дотор жигүүр байгуулдаг олон улсын жишиг бол бодлогын асуудлын талаарх эсрэг, тэсрэг санал байдаг. Түүнээс бус хуулийн хүрээнд хийгдсэн шинэчлэлийн эсрэг хууль бус үйлдэл хийж болохгүй. Тэгсэн хэрнээ МАХН-даа хайртай гээд л. Тэгээд ч Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бараг зургаан удаа нэрээ сольсон. Тэр үед хүмүүс маргаан дэгдээж байсан уу. Мэдээж аливаа шинэ зүйл, шинэчлэлийг эсэргүүцэж хуучнаа санагалзах цөөнх байдаг учраас эсэргүүцэх хэсэг гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ирж буй цагийн аясаар эвэндээ ороод явна биз дээ.
БАРИМТ 10
Энэ намд хайртай бол эв нэгдэлд ч хайртай байх хэрэгтэй. Олонхийн гаргасан саналд хүндэтгэлтэй ханддаг байх хэрэгтэй. Түүнээс бус цээжээ дэлдсэнээр хайртай болно гэж байхгүй. Ер нь энэ шантаажны улс төрийг болиулмаар байна. Ажил өгөхгүй бол хагална, бутаргана гээд гүйчихдэг байж болохгүй. Одоо бүр тийм шантаажны улс төр бараг хэвийн үзэгдэл болчихсон байна. Сүүлдээ хэн хүссэн нь ганц хоёр дэмжигчтэй болоод л, хэдэн төгрөг гаргаж, хэвлэлээр төлбөртэй мэдээ гаргуулаад л, түүнийхээ хүчинд албан тушаалд очдог болчихвол болохгүй биз дээ. Тэр нь зөв юм бол анхан шатнаас нь улс төрд явж, энэ намд 20-30 жил зүтгэх ямар хэрэгтэй юм бэ. Утгагүй болно шүү дээ. Хүн бас тийм увайгүй байж болохгүй. Үнэхээр иймэрхүү хүмүүс нь намаас гарвал гарна л биз. Хүн хүний амьдрах арга өөр юм шиг байгаа юм л даа” хэмээж байв.
БАРИМТ 11
Түүний аав Янгуг насаараа багш хийсэн нэгэн. Аавынхаа тухай тэрбээр “Их олон сайхан шавьтай. Миний аав, ээжийн хоёр талын удамд шашин, төрийн хүмүүс байсан. Аавын минь нэр содон, цөөн хэрэглэгддэг болохоор сонирхож байгаа байх. Буяндэлгэрэх, Буянарвижих гэсэн утгатай түвд нэр. Манайхан цэвэр төв халхын хүмүүс. Хүн ямар аав, ээжийгээ сонгож төрөх биш дээ. Содон нэртэй байгаа нь миний аавын буруу биш биз дээ. Тэгээд ч монголчууд олонхи нь түвд нэртэй байдаг шүү дээ” гэжээ.
БАРИМТ 12
Нэг үгээр “Абтай сайн хаан бол Алтан ургийн хүн. Миний удам бол Түшээт хан аймаг, Сайн ноён хан аймгийн улсууд байсан. Тэр утгаараа энэ нутгуудын холбогдолтой зүйлүүдийг шүтэж явдаг. Манай аав тал Архангай, Өвөрхангайн заагаар нутаглаж байсан. Миний аавын өвөө тухайн үед Гүн цолтой Цэвээнжав гүн гэж хүн байсан. Ах дүү их олуулаа. Нэг хэсэг нь хойшоо Хойд Тамир хүртэл нутаглаж амьдарч байсан. Нэг хэсэг нь Өвөрхангайн Бат-Өлзийн нутгаар нутаглаж байсан.
БАРИМТ 13
Ээж тал маань Түшээт хан аймгийн Түшээ гол хошуу буюу Хархорин Эрдэнэзуугийн хүмүүс. Манай өвөө дөрвөн настайгаасаа Эрдэнэзууд ирж сурч байсан. Сүүлд Эрдэнэзуу хийдийн хурал сэргэхэд хамба лам, даа лам хийж байсан буурал байсан” гэсэн байна.
БАРИМТ 14
Өөр нэгэн баримт гэвэл Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн зураг бол түүний өрөөнд байх ёстой зургуудийн нэг. “Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Солийн Данзан Архангай аймгийн Хотонт сумынх. Тэрбээр Солийн Данзан сангийн тэргүүнээр ажилладаг. Түүний эмээ тал нь Архангай аймгийн Хотонт сумын хүн. Эмээгийн аав Архангай аймгийн Хотонт сумын анхны Засаг даргаар 1924 онд ажиллаж байжээ.
БАРИМТ 15
УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэд, хэдэн ном бичиж, эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн түүний бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлүүд олон номд орсон гэж байлаа. Тухайлбал, “Монголын уул уурхайн түүх” номыг 2014 онд бичиж хэвлүүлсэн байна. Монгол Улсын уул уурхайн уламжлал, уул уурхайн асуудал Монголд хэдэн оноос эхэлж үүссэн. Тухайн цаг үедээ уул уурхайн асуудлыг хэрхэн авч үзэж шийдвэрлэж байсан талаар архивын баримтуудыг гаргаж бичсэн байна. Монголын уул уурхайн асуудал хамгийн анх хурцаар тавигдаж, тухайн үед төр засгийн асуудалд хэрхэн хөндөгдөж байсан зэргийг бичжээ.
БАРИМТ 16
Тэрбээр “1782 онд Сайн ноён хан аймгийн нутаг, Засагт хан аймгийн нутаг руу хятадууд орж ирж Монголын газар нутгаас алт, эрдэнийн чулуу болон бусад ашигт малтмалыг авч ашиглаж байжээ. Тийм учраас тухайн үеийн Сайн ноён хан аймаг, Засагт хан аймаг Алтан ууланд тусгай харуул гаргаж Алтны харуул гэж нэрлэж байсан. Энэ хүрээнд нийтдээ 19 харуул тавьж, тухайн үедээ 105 өрхийг харуулд суулгаж байсан” хэмээн ярилаа. Энэ тухай сонирхолтой баримтууд болон түүхэн ховор гэрэл зургуудыг багтаажээ. Мөн анхны уул уурхайн компани олон улсын 20-иод орны хөрөнгө оруулалттай “Монголор” гэдэг компани үйл ажиллагаа явуулж байсан аж.
БАРИМТ 17
Түүний өрөөнд дурсгалын медалиуд хэд хэд байна. Тэрээр “сүүлийн үед дурсгалын медаль өгөх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Би их шүүмжлэлтэй ханддаг юм. Байгууллага болгон ой тэмдэглэдэг. Ойн медаль өгдөг. Энэ бол буруу л даа. Тэгээд наадам хийгээд л. Яг байгууллагын хөгжилд үр дүнтэй юм байна уу гэхээр биш болчихоод байгаа байхгүй юу. Илүүтэй найр наадам хийсэн талдаа байдаг” гэсэн байдаг.
БАРИМТ 18
Тэрээр нэг одонг онцлон ярьсан юм. “Энэ бол Хубилай хаан одон. Монголын Шинжлэх ухааны академийн дээд шагнал. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажилд оролцсон, Их сургууль төгсөөд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний хүрээлэнд 4, 5 жил эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Монгол Улсын хөгжлийн хэд, хэдэн хөтөлбөрт хамтарч ажиллаж байсныг минь үнэлээд, ШУА дээд шагналаа олгосон. Миний хувьд их үнэтэй шагнал” хэмээн дурсжээ.
БАРИМТ 19
Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор сайд Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд түүний оронд Я.Содбаатарын нэрийг МАН-ын удирдах зөвлөлөөс дэвшүүлж байв. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг 90.8 хувийн саналаар сайдаар томилж байсан юм.
БАРИМТ 20
Харин УИХ-ын гишүүн, сайд, дарга нараас эхлүүлээд төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан асуудал үүсэхэд Я.Содбаатарын нэр холбогдож байлаа.
БАРИМТ 21
Энэ тухай тэрбээр “Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа.
БАРИМТ 22
Энэ зээлийн талаар авсан аж ахуйн нэгжээс нь би тодруулсан. Тухайн ААН нь сонгон шалгаруулалтад ороод, зээлээ аваад, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой ажлын байр бий болгоод байгаа юм билээ. Яг хэр хэмжээний зээл авсан. Юунд зарцуулсан гэдгийг тухайн аж ахуйн нэгжээс асуусан нь дээр байх” хэмээн тайлбарласан байдаг.
БАРИМТ 23
Гишүүн Я.Содбаатарын хувьд 2016 оны сонгуулиар Өвөрхангайд АН-аас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг, МАХН-аас тус намын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нартай өрсөлдөж ялалт байгуулсан байдаг.
БАРИМТ 24
Я.Содбаатар энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа гал тогоонд ажилласан ч тэрбээр Шадар сайдаар ажиллахаар болж байна.
Сэтгэгдэл (37)