Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий нийтэд эрчимтэй тархаж буй энэ цаг үед гадаад дахь монгол иргэдээ татан авчрах шийдвэрийг УОК-оос гаргасан. Эх орондоо эргэн ирж тусгаарлалтад орсон иргэд элдэв ааш аяаг гаргасан гэх зүйл дуулдах болсон нь цар тахлын хүнд нөхцөлд хэтэрхий амин хувиа бодсон үзэл гаргалаа гэх шүүмжлэлийг дагуулсан юм. Нэг талаасаа харахад тийм ч гэлээ нөгөө талаасаа төр засгаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж байгаа хувийн аж ахуйн нэгжүүд хэтэрхий сэтгэлгүй хандсанаас болж ийм асуудал үүсэв үү гэж хардахаар байна. Учир байдлыг тодруулбал, Амар зочид буудалд одоогийн байдлаар 200 орчим иргэн тусгаарлагдаад буй. Эдгээр иргэдийн хувьд зэрэглэл өндөртэй зочид буудалд тав тухтай байгаа гэж иргэд бодсон байх. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ аж.
Хамгийн гол нь байгаа орчин, идэх хоолоо чамлах бус үр хүүхдийнхээ аманд хийчих хоол олдохгүй байгаад эцэг, эхчүүд бухимдаж байгаагаа цахим орчинд илэрхийлсээр байна.
Ингээд Амар зочид буудалд ямархуу нөхцөл байдалтай байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг нэмэлт хачиргүйгээр хүргэе.
СУРАГ АЛДАРСАН БАНТАН
Тус зочид буудалд тусгаарлагдсан иргэд одоогоор нийт 20 хоног тусгаарлагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд эхний 14 хоногт бага насны хүүхдэд бантан огт өгдөггүй байжээ. Нийт 0-3 насны 10 орчим хүүхэд байдаг, тэдэнд бантан өгдөггүй учир томчуудад зориулсан хоолноосоо өгөхөөс өөр аргагүй болдог байж. Харамсалтай нь, өнөөх нь бага насын хүүхэд байтугай том хүн ч идэхэд хэцүүхэн зүйл гэх. Учир нь нэг бол амнаас уначих гэсэн ямар ч амтгүй, эс бөгөөс амсахын найгүй шорвог, халуун ногоонтой гэсэн. Эхэндээ “14-хөн хоног юм чинь тэснэ дээ” гэж бодож байсан ч эцэстээ үр хүүхэд нь өлсөж хоол нэхэж уйлах болсноор тогооч, захирлаас нь эхлүүлээд зочид буудлын ажилтан бүрээс бантан өгөхийг гуйсан байна. Гэвч үр дүн гараагүй учир Улсын онцгой комисст хүртэл хандаж үзэж. Тэгтэл ашгүй 15 дахь хоногоос нь өглөөдөө жижиг аягаар нэг удаа бантан өгдөг болжээ. Гэвч зарим иргэдийн хэлснээр аяга бантан өгөхдөө хүртэл хүүхдүүдийг ялгаварладаг гэх.
Өөрөөр хэлбэл, 10 гаруйхан өөдөсхөн амьтны зарим нь бантан өгөөд заримд нь өгдөггүй байна.
Тиймээс эцэг, эхчүүд араас нь хэл ам хийж байж аяга бантан авч хүүхэддээ өгдөг гэсэн. Даанч дээ. Удаа дараагийн гуйлт, нэхэлт шаардлагаар аяга бантан ийн өгдөг болсон ч харамсалтай нь энэ нь нэг их удсангүй. Сүүлийн хоёр хоногт бантангийн сураг алдсан байх юм.
Үүнийхээ оронд энэ сарын 4-нд буюу өчигдөр “Хүүхэддээ өгөөрэй” гээд бүрж шарсан тахиа өгчээ. Ээж, аавууд “Та дөнгөж бор хоолонд орж байгаа хүүхэддээ тосонд хөвсөн халуун перцтэй шарсан тахиа өгөх үү” гэж асуусан юм. Үнэхээр л бодох л асуудал.
Угтаа бол Эрүүл мэндийн яамнаас бүх насныхан тэр дундаа бага насны хүүхдийн дархлааг эрүүл зөв хоололтоор дэмжих ёстойг удаа дараа зөвлөж сануулсаар байгаа. Гэтэл Амар зочид буудалд энэ зөвлөмж огтхон ч үйлчилдэггүй бололтой юм.
Адаглаад л 10 гаруйхан бяцхан хүүхэд аяга бантан хийгээд өгчих сэтгэлгүйгээс харвал томчуудын хоолонд ямархан сэтгэлээр хандаж байгааг төсөөлөхөд ч бэрх.
Томчуудын хувьд өдөрт хоёр аяга шөл, нэг тавга хоёрдугаар хоол, цай, талх өгдөг гэсэн. Энэ нь заримдаа дээр хэлсэнчлэн нэг бол амсахын найгүй шорвог, эсвэл амнаас уначих гэсэн ямар ч амтгүй байх нь олон. Хүүхэд өгөх бантан ч байхгүй, дээр нь амт шимтгүй хоол унднаас болж зарим иргэд уургийн дутагдалд орж зүрх нь өвдөх болжээ. Энэ талаар нэр бүхий иргэд цахим хуудастаа нийтэлж, бүр фэйсбүүкээр лайв дамжуулсан ч эцэстээ олон нийтэд "Яах гэж Монголд ирсэн юм бэ. Хохь чинь" гэж хэлүүлээд дуусаж. Аргаа бараад буудлын эзнээс эхлээд тогоочид нь хүртэл энэ талаар дуулгахад “Бидний туршлага дутсан байна. Уучлаарай” гэсэн байгаа юм.
Гэвч хоол хийх туршлага дутсан уу, бусдын төлөө гаргах сэтгэлийн туршлага дутсан уу?. Ийн асуусан учир нь тусгаарлагдсан иргэдэд олгодог хоолны амт чанар авах юмгүй байхад буудлын ресторанаас захиалсан хоолны амт чанар ярих юмгүй сайхан байдаг гэнэ.
Эндээс л Амар зочид буудлын тогтооч нь хоёр гартай юм байна. Нэг гараараа гоё амттай хоол хийж түүнийгээ чамгүй өндөр үнээр зарчихна. Харин нөгөө гараараа улсын даалгавраар тусгаарлагдсан иргэдийн хоолыг бантагнуулдаг гэж иргэд хэлж байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас тусгаарлагдсан хүмүүс эмчийн өөдөөс варентай талх идэхгүй гэж шидсэн, мөөгтэй шөл уухгүй гэж уйлсан гэдгийг мэдэгдсэн билээ. Тэгвэл Амар зочид буудалд варентай талх өгдөггүй, анх маслотой талх өгч байгаад сүүлдээ хольцгүй болсон. Бид талх шидэж цамаархаагүй шүү гэдгийг дээрх иргэд мөн л хэлсэн юм.
80 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРӨӨНД 100-150 МЯНГАН
ТӨГРӨГӨӨР “БАЙРЛАДАГ”
Зочид буудалд тусгаарлагдсан гэхээр буудлын зөөлөн орон дээр тухалдаг гэж иргэд бодох байх. Гэвч тус буудал дахь иргэдийн баталснаар ийм завшаан цөөн хэдхэн хүнд л тохиосон байна. Иргэдийн олонх нь хатуу панеран орон дээр дэвссэн нимгэн гудсан дээр хэвтдэг гэх. Ийм зургаа ч үзүүлсэн. Түүгээр зогсохгүй буудлын нэг өрөөний төлбөр нь 80-100 орчим мянган төгрөг. Ийм төлбөртэй өрөөнд төмөр ор байрлуулаад 2-3 хүнийг оруулж, тус бүрээс нь 50 төгрөг авчээ. Угтаа бол өрөөний дундаж төлбөр 80 мянган төгрөг гэж үзвэл энэ төлбөрт цэвэрлэгээ, хүргэлт гээд бүх үйлчилгээ багтсан байх ёстой.
Гэтэл тусгаарлагдсан иргэд өөрсдөө өрөөгөө цэвэрлэж, угаадаг гэнэ.
Ийм атлаа 80 мянган төгрөгийн өрөөнд 2-3 хүнийг нийлж ороод 100-150 мянган төгрөг төлчхөөд өөрсдөө хатуу панеран дээр хэвтэж, үр хүүхдийнх нь ходоод хоосон хонхолзож байна.
Ийм байхад ямар ч эцэг, эхийн уур хүрч, бухимдахаас аргагүй.
Коронавирусний халдвараас сэргийлэх хамгийн сайн арга нь ариутгал халдваргүйжүүлэлт, дээр нь сэтгэл санаагаа өөдрөг байлгаж дархлаагаа дэмжих ёстой. Энэ хэдхэн үгийг захын таван настай хүүхэд хүртэл мэддэг болсон энэ цагт Амар зочид буудлын эзэн үүнийг харамсалтай нь мэддэггүй бололтой юм.
Тусгаарлагдсан иргэд “Зөөлөн ор, амттай их порцтой хоол өг” гэж нэхэж шаардаагүй. Тэд төр засгаас гаргасан заавар дэглэмийг хатуу барина. Гэхдээ нялх балчир үрсэд минь шим тэжээлтэй хоол өгөөч гэж гуйсан.
Аргаа бараад манай сайтад хандсан нь энэ.
Тус зочид буудалд байгаа иргэдийн 21 хоногийн тусгаарлалт маргааш дуусна. Тэднийг буудлаас гарсны дараа дэлхийн бусад улсаас авчирсан иргэдийг мөн л байршуулах нь лавтай. Хэрвээ асуудлыг нуугаад хаагаад байвал асуудал дахиад давтагдах нь зайлшгүй.
Эцэст нь нэг зүйл нэмж хэлэхэд, халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд төр засгаас эхлээд эрүүл мэнд, онцгой гээд холбогдох албаныхан чадлаараа зүтгэж байна. Тэдний хичээл зүтгэлийн ачаар монголчууд өнөөдрийн хүртэл эрүүл саруул, айх айдасгүйгээр ургахын улаан нарыг үзэж байна. Бүр өвдсөн нэгнийгээ эрүүлжүүлээд эмнэлгээс хүртэл гаргачихлаа.
Харамсалтай нь тэдний энэ хичээл зүтгэл, төрийн зөв бодлого шийдвэр хэрэгжилтийн шатан дээрээ очоод гацаанд ордог, орсоор ч байгаагийн том гэрч нь Амар зочид буудалд үүссэн нөхцөл байдал. Тусгаарлагдах бусад байранд байгаа иргэд ямар шим тэжээлтэй хоол унд хэрэглэдэг зургаа цахим орчинд цөөнгүй цацсан. Тэдний зургаас үзвэл үнэхээр сэтгэл гаргаж бэлтгэж өгсөн хоол унд болох нь харагдсан. Олон нийтэд ч таалагдсан.
Тиймдээ ч тусгаарлах байрны нөхцөл, хоолыг шүүмжилсэн зарим иргэдийг хараан зүхэж, буян даадаггүй амьтад, яах гэж Монголд авчирсан юм бэ гэж доромжилсон. Арай ч дээ, адилхан л цус нэгтэй Монгол түмэн байлтай.
Эх оронд чинь авчирсан. Мөнгөө төлөөд траншэйнд хэвт гэвэл хэвтэх ёстой гэж үү. Нэгэнт төрөөс шийдвэр гаргаад холбогдох албаныхан монголчуудаа эх орондоо аваад ирлээ. Эх орондоо ирсэн хүмүүс ч гэсэн эрүүл мэндээ хамгаалаад, мөнгөө төлөөд, үүрэг хариуцлагаа ухамсарлаад тусгаарлагдлаа.
Гэтэл "ГУЙЖ ИРЧИХЭЭД ХОХЬ ЧИНЬ" гэж хэлэх нь хэтэрхий хатуурхсан, хүний ёсонд нийцэхгүй үйлдэл биш гэж үү. Тэд тансаг зүйл хүсээгүй. Үр хүүхэддээ бантан гуйсан, хоолондоо давс тааруулахыг хүссэн. Ингээд л болоо. Тэд бусдын л адил гадаадад сурч, хөдөлмөрлөдөг хүмүүс. Тэд сурсан мэдснээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ашигладаг, хүртээдэг. Гадаадад ажилладаг хүмүүс нь олсон хэдэн төгрөгөөсөө тодорхой хувийг нь Монгол руугаа илгээж, ардаа үлдсэн гэр бүлээ тэтгэдэг.
Та бидний адлаад байгаа тусгаарлагдсан хүмүүс шимэгчид биш харин ч эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй, та бидэнтэй адилхан хүн.
Хэрвээ үнэхээр ингэж шүүмжилж, харааж зүхмээр байгаа бол Амар зочид буудлаас олгож байгаа хоолны зургийг нэг хараад үзээрэй. Завшаан олдвол амсаад үзсэн ч болно. Тавганд хоёр ширхэг мах байвал дээдийн заяа, давс хужир нь таарсан бол тэр өдрийн аз гэсэн яриа хүртэл Амар зочид буудал гарч. Махгүй ч гэсэн хамаагүй, хоолой давуулж л байвал яамай гэвэл унтаж хэвтдэг орыг нь нэг хараарай. Тэр ёстой лөөлөө гэвэл бантан нэхэж уйлах үр хүүхдийг нь нэг хараарай. Тэгээд тусгаарлагдсан иргэд дураараа авирлаж их зан гаргаж байна уу, үгүй юү гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй биз ээ.
Нөгөөтээгүүр, тусгаарлагдах иргэдийг байршуулах зочид буудлыг сонгон шалгаруулахдаа нэлээд шинжлэх ухаан ч байдлаар хандах ёстойг уг үйлдэл харуулж байгаа юм. Тэгэхгүй бол халдвар тарааж мэднэ гэсэн айдас болгоомжлолыг хувийн хэвшлийн зарим нэг нөхдүүд мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаж байгаа юм биш биз гэсэн хардлага эрхгүй төрж байна. Нэг иргэн өдрийн 50 мянган төгрөг төлөөд байрлана гэдэг бол өнөөдрийн цаг үед олохгүй ашиг орлого.
Халдварын цар тахлын энэ үед хамгийн эмзэг бизнесээр аялал жуучлал тэрдундаа зочид буудлын бизнес ашиг орлогогүй болж буй. Яг ийм үед нэг дор 200 орчим хүн хүлээж аваад бүр болоогүй 80 мянган төгрөгийн өрөөндөө төмөр ор байршуулаад 100-150 мянган төгрөг олно гэхээр яасан ч алдагдал хүлээх зүйл биш байх.
Тиймээс л Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандаж хэлэхэд зочид буудлуудын нөхцөл байдал болон хоолны шим тэжээлийг өөрийн биеэр шалгахгүй бол энэ мэт үйлдэл гаарсаар байх нь ээ.
Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхгүй байхын аргагүй. Хэдийгээр тэд амт чанаргүй хоол идэж, хатуу панеран дээр хэвтэж, үр хүүхэд нь өлсөж байгаа ч эх орондоо эсэн мэнд ирэх нь тусалж дэмжиж, эрүүл мэндийнх нь төлөө санаа тавьсан эмч, онцгойгийн ажилтанд талархсан сэтгэлээ илэрхийлэхээр зэхэж сууна лээ. Энэ чинь л монгол хүний сэтгэл шүү дээ.
Тиймээс Амар зочид буудлын эзэнд хандаж хэлэхэд бүх нийтээрээ эвлэлдэн нэгдэж, халдварын эсрэг тэмцэж байна. Танд ч гэсэн ийм сэтгэл бий гэдэгт итгэж байна. Тэр сэтгэлээ арай илүү гаргавал илүү гэрэл гэгээтэй нийгмийг бүтээхэд таны оруулах хувь нэмэр тэр болох юм шүү гэдгийг дуулгая.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (836)