Сангийн сайд Ч.Хүрэлбаатар коронавирусний халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрбээр “Энэ төлөвлөгөө нь нэгдүгээр сараас хойш хэрэгжүүлж байгаа ажлын үргэлжлэл юм. Манай услын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хоёр хувьтай байна гэж тооцоолсон. Анх дэлхий нийтийн эдийн засаг V хэлбэртэй байна гэж тооцоолж байсан бол эдийн засгийн уналт гүнзгий унаж, эргээд эрчимтэй өснө гэж дэлхийн мэргэжилтнүүд тооцоолсон учраас үүнд тохируулж тооцооллоо хийсэн.
Өнөөдөр 205 оронд коронавирус гарсан. Үүнтэй холбогдуулан бүх улс эдийн засгийн уналтад орж байна. Засгийн газар монгол хүний амь нас нэн тэргүүнд байна гэж үзэн иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулсан. Хоёрдугаарт, иргэд, ААН-ийг дэмжих чиглэлийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гуравдугаарт, эдийн засгийг идэвхжүүлэх, тэлэх, төсвөө оновчтой зарцуулах талаар танилцуулъя.
Өнөөдрийн байдлаар 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг иргэдийн эрүүл мэндэд зарцуулсан. Үүнд эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, нэмэлт урамшуулал хөлс зэргээр зарцуулсан. Үүний дараа 20.6 тэрбум төгрөгийн гаднын зээл тусламжаар шийдсэн.
Үндсэндээ 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт шийдвэрлэсэн. Энэ бол эцсийн тоо биш. Шаардлагатай гэрээ хэлцлүүдийг хийж байгаа.
Хоёрдугаарт, хүүхдүүдийн хичээл орохгүй байгаатай холбогдуулан тодорхой хэмжээний зардал хэмнэгдсэн. Улмаар хүүхэд бүрт 10 мянган төгрөг нэмж олгохоор болсон. Түүнчлэн энэ сараас эхлэн аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн орлогоос албан татвар авахгүй. Гэхдээ улсын төсвөөс цалингаа авдаг төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит ААН, тендерээр ажлаа хийж байгаа компаниудад энэ хөнгөлөлт хамаарахгүй. Үлдсэн бүх иргэн, ААН-ийн хүн амын орлогын албан татвар чөлөөлөгдөнө. Нийт 526 мянган хүн хамрагдах юм.
Мөн төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно. НӨАТ-ийн мөнгийг энэ сард багтаан олгоно. Нийт 860 мянган иргэнд буцаан олголт өгнө.
Иргэдийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг олгох эсэх асуудал их чухал байгаа. Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажилласан учраас ирэх сард багтаан ногдол ашгийг буцаан олгоно. Өмнө нь янз бүрийн хувьцааны мөнгийг зээлж аваад олгодог байсан бол энэ удаа компанийн хуулийн дагуу олгож байгаа. Төсвөөс гарах мөнгө биш.
Цахилгааны төлбөрөө төлж амжаагүй бол цахилгаан таслахгүй, алданги тооцохгүй гэдэг шийдвэр хүргүүлсэн. Ажлын байрыг хадгалахад нийгмийн даатгалын шимтгэлийг тэг болгосон. Харин ЭМДШ-ийг төлөх ёстой. Үүнд төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн оролцоотой ажиллагсад, тендерээр ажлаа хийж байгаа компаниуд хамаарахгүй. НДШ төлөгддөгөөрөө төлөгдөнө. Мөн НДШ-ийг дөрөвдүгээр сарын 1 гэхэд төлж амжаагүй байгаа ААН-үүдэд алданги тооцохгүй.
Мөн “Нарантуул” ОУХТ-д хүнд үед иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжсэнд талархаж байгааг" онцоллоо.
Б.Лхам
Сэтгэгдэл (15)