Коронавирусний тархалтын улмаас эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Монголын Үндэсний Худалдаан Аж үйлдвэрийн танхимаас нийт 1100 гаруй компанид судалгаа хийсэн байна. Тодруулбал, вирусний халдвар гарснаас хойш компаниудын 33 хувь нь ямар нэг шалтгаанаар ажлын байраа цомхотгожээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Коронавирус хоёр долоо хоногийн өмнө нийт компаниудын 57 хувьд маш их нөлөө үзүүлж байсан бол өнөөдөр 67.4 хувьд нь нөлөөлж байна. Тухайлбал, аялал жуулчлал, зочид буудал, хоолны газар, боловсролын байгууллагуудад үзүүлж буй нөлөө нь өндөр байна. Сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд судалгаанд оролцсон нийт компаниудын 33 хувь нь ажлын байраа ямар нэгэн байдлаар цомхотгосон гэсэн. Энэ үзвэл, Засгийн газраас шуурхай, оновчтой арга хэмжээг одоо авахгүй бол 260 мянган хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, 20 гаруй компани хаалгаа барихад хүрээд байна.
Эдийн засагч Б.Дөлгөөн ”Манай улсын эдийн засаг ойрын хугацаан хэцүүдэх гэж буйг энэ судалгааны тоо баримт харууллаа. Энэ бол энгийн ханиад биш, эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх хямралын түвшний шок буюу нийгэмд гарч буй үзэгдэл. Сонгуулийн дараа энэ улс, энэ эдийн засаг байж л байна. Сонгуулиа бодоод эдийн засгаа хохироох арга хэмжээ авбал сүүлд нь бүгд хохирч үлдэнэ.
Монгол Улс 2020 оны төсвөө батлахдаа коронавирус дэгдэх талаар ямар ч төсөөлөлгүй баталсан. Тэгэхдээ маш өөдрөгөөр төсөөлсөн бөгөөд дэлхийн эдийн засгийг 3.5 хувь, БНХАУ-ын эдийн засгийг 6 хувийн өсөлт үзүүлнэ гэж төсөөлсөн. Гэвч одоо БНХАУ-ын эдийн засаг 4 хувь, дэлхийн эдийн засгийн өсөлт 1.5 хувь руу буусан. Өөрөөр хэлбэл, манай эдийн засагт орж ирэх орлогын хэмжээ буурах нь тодорхой боллоо" гэлээ.
Сэтгэгдэл (2)