БАРИМТ 1
Г.Мөнхцэцэг Дорноговь аймгийн уугуул. Тэрбээр аймгийнхаа Нэгдүгээр дунд сургуулийг 1991 онд төгссөн. Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр 1995 онд төгсч, “Засгийн газрын мэдээ” сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлжээ.
БАРИМТ 2
Харин 1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж байгаад “Нью Майнд” компанид хэвлэлийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал болон дэвшжээ.
БАРИМТ 3
“Нью Майнд” нь Монголд оршуулгын зан үйл гүйцэтгэж ирсэн одоогийн “Улаанбаатар буян” компани юм. Үүнтэй холбоотойгоор “Зохиолч Г.Мөнхцэцэг шарил чандарладаг болж гэнэ” гэсэн шүүмжлэл хэсэгтээ түүнийг тойрсон байдаг. Мөн тус компаниас хувь эзэмшдэг тухай яриа одоо ч байдаг юм.
БАРИМТ 4
Энэ тухай Г.Мөнхцэцэг гишүүн “Тус компанийн өнөөдрийн үйл ажиллагаанд би ямар ч оролцоогүй ээ. Хувь эзэмшээд, хөрөнгө оруулаад явсан юм байхгүй. Энэ төслийг хэрэгжүүлсэн “Нью Майнд” хэвлэх газрын захирал байсан. Яахав энэ ёс заншлыг ямархуу гольдролтой явах, яаж Монголын хөрсөн дээр буулгах тал дээр ном бичиглэсэн хүний нэг нь мөн юм.
БАРИМТ 5
Тэрхүү ёс заншлыг бий болгох зайлшгүй цаг үеийн шаардлага байсан. Газар шороо, бурхан болоочдын ариун өлгий гээд асуудал бий. Арав гаруй жил өнгөрсөн байна. Тухайн үед хүмүүс аман зоргоор ярьж, хараах, зүхэх тохиолдол байсан. Гэхдээ одоо хүмүүс утга учрыг нь ойлгоод, ёс заншлынх нь дагуу өвөг дээдсээ шашны зан үйлийн дагуу амирлуулж байгааг хараад буруу зүйл хийгээгүй байна гэж боддог” гэж байв.
БАРИМТ 6
2009 оноос Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар ажилласан Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө улс төр шинэ хүн байв. “Болор цом”-ын эзэн яруу найрагч гэхээс өөрөөр улс төрийн намтар нимгэн Г.Мөнхцэцэгийг Сонгуулийн тухай хуулийн хүрээнд МАН-аас олгосон квотоор УИХ-ын гишүүн болж гэж хэн ч төсөөлөөгүй явсан юм. Түүнийг нэр дэвших үед олны танил зохиолч, яруу найрагчид ч Г.Мөнхцэцэгт хатуухан шүүмжлэлийг дайж байлаа.
БАРИМТ 7
Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан. Тэрбээр “УИХ-ын 12 тойрогт МАН-аас нэр дэвшсэн чи аймаг, сумдын уулзалтууд дээрээ “Ц.Хулан л миний эсрэг байгаа, бусад бүх зохиолч миний талд. Учир нь Хулан намаас тойрог авч чадаагүйдээ хорсоод байгаа юм” гэж чухам үнэнээс даанч хол юм ярьж, яриулж явна.
БАРИМТ 8
Чамайг бодоход би энэхүү МАН буюу тэр үеийн МАХН-д аль эрт, 27-тойдоо элсэж, итгэн орсон нам минь харин төдөлгүй Н.Энхбаярын хөллөгөөнд гинжлэгдээд авлига, хээл хахуулийн Монгол Улсыг цогцлоох шав тавихыг шүлэг, нийтлэлүүдээрээ “бөмбөгдөн” эсэргүүцсэний гороор уг намын хүндэт дарга нарт шаар шавхайгаараа дуудуулан орох газаргүй, хийх ажилгүй олон жил явсныг чи байтугай нь мэддэг юм. Тэгэхэд чи тун жаргалтай, нэг бөхийн эхнэр л явсан.
БАРИМТ 9
МАН-аас УИХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг гэж нэг ийм эмэгтэй Сономын Удвал гуайтай өөрийгөө зүйрлэн “Бага Удвал” хэмээн олон түмэнд хайрлагдсан, Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд гаргаж яваа хэмээн хөдөөгийн итгэмтгий түмэн олонд сурталчилж яваа.
БАРИМТ 10
Тэрбээр МАН-ын нэр хүнд, дэлгэр их мөнгө, олон алдартан дагуулж яваагаараа сонгогдчих байх. Уг нь нам биш, хүнийг л сонговол дээр байдгийг Дорноговь, Говьсүмбэрийн ард түмэн мэргэн ухаанаараа шийдэх байлгүй дээ.
БАРИМТ 11
Хүнд өөрийгөө засах боломж хэзээд байдаг. Чамд байгаа, миний хааяа ч гэсэн олж хардаг сайн сайхан чанараа сэргээгээч! Үеийн нөхөд, үй олны дунд өчүүхэн нэрийг минь унагалгүйгээр цаашид амьдрахыг л чамаас хүсье. Ам, ажил зөрөхгүй, үнэн, гэгээн амьдрах нь сонгууль мэтхэнээс үлэмж чухал юм шүү! гэсэн үүгээр өөрт минь ч таагүй эл бичвэрээ зогсооё. Энэ тухай олон жилд анх удаа уран бүтээлч нөхөд, түмэн олон уншигчдадаа хэлээд дотор жаахан онгойлоо” гэсэн байдаг.
БАРИМТ 12
Хариуд нь Г.Мөнхцэцэг “Уншиж танихын аргагүй их урт зохиол л байсан. Өөрийн хүн гэж бодохоор өрцөн цаана хөндүүр төрж л байсан. Тэр бичгийг нь хэвлэж аваад тарааж явсан хүмүүс нь тухайн үед цагдаад баригдаад бөөн л юм болж байсан. Олон хүн “Шүүхэд өг. Хариулт хэл” гэж байсан. Хүний сэтгэлийг шүүх цагдаа ялладаггүй юм. Эцсийн тооцоог хувь тавилан л хийдэг. Бидний утга зохиолд орж ирсэн маань үнэн. Хөтлөлцөж гүйж явсан минь үнэн. Цаашид ч нэг өдөр уйлалдаад, дуулалдаад уулзах нь ч үнэн. Тэр байтугай зүйлээ хуваалцаж, тэр байтугай хоолоо хувааж идэж явсан түүх бидэнд бий.
БАРИМТ 13
Манай Ц.Хулан үнэхээр сайхан яруу найрагч. Тэр хүн өөрийнхөө түүхийг бүтээж байгаа. Би ч өөрийнхөө түүхийг бүтээж яваа. Тийм болохоор сайхан уулзах үе ирнэ л гэж боддог. Хорвоогийн урт шар замыг бид хүссэн ч эс хүссэн ч хамт эвхэж туулна ш дээ. Хаашаа бултах билээ дээ. Хэн нэгнийг зодолдож явахыг үзэх гэж хүмүүс үүд шагалзуулж байх нь их, элдэвлэж гутаах гэж донтож суух нь элбэг цаг юм даа. Амны угаадсан дундуур туулаад өнгөрч сурч дээ, арагшаа харж нулимаад хэнийг ч онох билээ” гэсэн удаатай.
БАРИМТ 14
Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүнээр сонгогдсон шалтгаанаа “Хэрэв хүний итгэл найдварыг үүрсэн бол үүрсэн шиг үүрээд, даавал даасан шиг даах ёстой гэж. Хэдийгээр би утга зохиолын нөлөөгөөр олонд танигдсан ч гэлээ хууль тогтоох засаглалд орж ажиллахад минь Дорноговь, Говьсүмбэрийн мянга мянган иргэд итгэлээ өгсөн. Иймд тэр хүмүүсийн төлөө ажилласан шиг ажиллана. Ямар ч үзүүр өнцөг, эрх ашиг байсан тэднийхээ төлөө хатуу зогсоно. Энэ бол миний суурь бодол.
БАРИМТ 15
Мэдээж зөвхөн тойрог гээд туйлшрахгүй. УИХ бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Тэр чиглэлд ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг анхаарч ажиллана. Мөн энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд ард олны санаа бодлыг, УИХ-д тавьж байгаа үнэлэлт дүгнэлтийг бодоод үзэхээр “Төр засаг үнэхээр болохоо байчихаад байна уу” гэсэн асуулт гарч ирдэг. Тэр бүхнийг бодоод үзэхээр “Бас арай ч дээ. Ийм ч болгочих гэж дээ” гэж халаглах, эргэлзэх, эмзэглэх үе олон төрж байна. Гэхдээ өмнөх хүмүүсийн тавьсан зам дээгүүр бид хүссэн ч, эс хүссэн ч явах л болно. Үүнийг бас бодож ажиллах хэрэгтэй” гэж байжээ.
БАРИМТ 16
Түүний нөхөр улсын начин Ш.Лхагвасүрэн. Бусад гишүүний адил томоохон компани, хувийн бизнесгүй ч амьдралаа авч явах үүднээс олонд танигдаагүй жижигхэн бизнестэй. Бусдаас илүү гараад байхгүй ч амьдралаа бол аятайхан аваад явчихдаг гэдгийг тэрбээр онцолсон байдаг.
БАРИМТ 17
МАН-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж, УИХ-д өргөсөн барьсан нь 2018 оны арваннэгдүгээр сар. Тэдгээр 27 гишүүний дотор Г.Мөнхцэцэг багтаж байсан Засгийн газрыг огцруулах чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураах үеэр БНСУ руу явсан гэх шалтгаанаар “зугтааж” байв.
БАРИМТ 18
Нэг үгээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан М.Энхболдын талын 27 гишүүний тоонд багтсан Г.Мөнхцэцэг, У.Хүрэлсүхийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураахад БНСУ руу зугтаад алга болсон нь түүнийг урвагч уу, улаан хамгаалагч уу гэсэн асуултыг үлдээсэн юм.
БАРИМТ 19
Г.Мөнхцэцэгийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд гарын арван хуруунд багтахаар цөөн үг хэлсэн хүний нэг. Сүүлд Д.Оюунхорол нарын хамт Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барьсныг УИХ-аар баталсан.
БАРИМТ 20
Мөн түүний санаачилгаар “Эх соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Миний эх орон” эсээ бичлэгийн уралдаанд оролцогчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж байв. Уг хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлжээ.
БАРИМТ 21
Нэгэнтээ УИХ-ын гишүүд өөр хоорондоо учир ургуулсан тухай яриа Төрийн ордонд гарч байв. Энэ үед тэдгээр гишүүний нэг нь Г.Мөнхцэцэг гэдгийг зарим хэвлэлээр бичиж байсан удаатай. Гэвч уг ярианд Г.Мөнхцэцэг гишүүн албан ёсоор тайлбар өгөөгүй юм.
БАРИМТ 22
Хийсэн ажилгүй, санаачилж, батлуулсан олигтой хуульгүй гэсэн шүүмжлэлд байнга өртдөг Г.Мөнхцэцэг энэ удаад тойрог горилох боломж хомс байгаа тухай мэдээлэл бий. Учир нь түүний хувьд УИХ-д дөрвөн жил суугаад олигтой хийж бүтээсэн зүйл байхгүй.Харин түүний тойрогт УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэдийн хүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан О.Одбаяр нэр дэвших сураг гарч буй. Мөн аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Т.Энхтүвшингийн нэр багтах болсон. Тэгэхээр Г.Мөнхцэцэгт дахин нэр дэвших эсэх асуудал энэ удаад тун бага байгаа юм. Үүнтэй холбоотойгоор гишүүн Г.Мөнхцэцэг ирэх сонгуулиар өнжиж, бусдадаа боломж олгохоор болсон тухай яриа хэдийнэ гараад буй.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нь жилийн 57 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 67 сая төгрөгийн орлого олдог тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Хоёр орон сууцтай. Тэдгээр нь 570 сая төгрөгөөр үнэлэгддэг. Toyota Prius, Toyota Lexus маркийн хоёр машинтай 45 сая төгрөгийн үнэлгээтэй.
БАРИМТ 24
Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Сая төгрөгийн хадгаламж, гурван сая төгрөгийн зээлтэй гэдгээ мэдүүлсэн байна. Ямар нэгэн хувийн компани байхгүй бөгөөд “Эрдэнэс таван толгой”, Говь ХК, Улсын их дэлгүүр ХК-аас хувьцаа эзэмшиж байна.
Сэтгэгдэл (25)