БАРИМТ 1
Тэрбээр 1976 онд Говь-Алтай аймагт төрсөн. Нийслэлийн 10 жилийн 40 дүгээр дунд сургуулийг төгсөж МУИС-д хуульч мэргэжил эзэмшчээ. Төр, нам, улс төрийн ажлыг хослуулж хашиж ирсэн туршлагатай. “Улаан тойрог” гэгддэг Говь-Алтай аймгийн ганц мандат дээр ялалт байгуулсан улстөрч.
БАРИМТ 2
Бизнесээс шууд улс төрд хөл тавьсан хүмүүс, төрийн албанд ажиллалгүйгээр улс төрд орж ирэгсэдтэй харьцуулбал Ш.Раднаасэдийг төрийн мэргэшсэн албан хаагч гэж хэлж болохоор. Хууль зүйн яамнаас ажлын гараагаа эхэлж, ЗГХЭГ-т хуульд нухлагдаж 10 орчим мэргэжлээрээ дагнан ажилласан нэгэн.
БАРИМТ 3
Авлигатай тэмцэх газрын анхны ажилтнуудын нэг тэрбээр 2008 оноос Ерөнхийлөгч Н.Энхбаярын хаанчлалын үед хуулийн бодлогын зөвлөхөөр нь уригдан ирж ажиллажээ. Тиймдээ ч түүнийг улс төрд орох үед гурав дахь ерөнхийлөгчийн хүн хэмээх нэр хаяг дагалдаж байсан удаатай. Харин тэр үүнийг тайлбарлахдаа залуу хүнд итгэл үзүүлсэн учраас ирж ажилласан хэмээн хэлж байж.
БАРИМТ 4
Улс төрийн намтай холбогдсон намтар нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсоны дараахан эхэлжээ. 2008 онд МАН-д элссэнээс хойш намын генсекийн зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, намын гал тогоо, арын албанд зүтгэсэн намтар түүхтэй.
БАРИМТ 5
Ардын намыг 2012 оны сонгуульд ялагдаж сөрөг хүчин болох үед Ш.Раднаасэдийг УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар нь томилон ажиллуулсан байдаг. Тухайн үеийн намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нартай гар нийлж ажилласан гэсэн үг.
БАРИМТ 6
2015 оны эхээр МАН, АН хамтарч засаг барилцах зурвасхан үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдож, намын үе үеийн дарга нартай ойр шадарлаж, намын гал тогоог авч явсны хувьд өнгөрсөн сонгуулиар түүнд төрсөн нутагтаа нэр дэвших эрх олдсон гэлцдэг.
БАРИМТ 7
Тэрбээр тэргүүлдэг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаа давгүй аваад явчихдаг, цэгцтэй чамбай улстөрч гэгдэж, байнгын хорооны даргын албан тушаалыг 3 жил хашсан байдаг.
БАРИМТ 8
Ш.Раднаасэдийн ахалж ажилласан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, үүн дээр үндэслэн төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол батлаад 3 жилийн нүүр үзэж байна. Харамсалтай нь өнөөг хүртэл энэ тогтоолоор баталгаажсан асуудал нэг мөр шийдэгдээгүй.
БАРИМТ 9
Түүнийг байнгын хорооны даргаар ажиллаж байх үед хууль эрх зүйн томоохон шинэчлэлийг эхлүүлж Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай, Прокурорын тухай зэрэг 20 орчим хууль батлагдаж, ачааны гол хүндийг үүрч ажилласан байдаг.
БАРИМТ 10
Харин өнгөрсөн жилээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийн төвшинд хэлэлцүүлж байхдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, нэр бүхий албан тушаалтнуудад ял завших боломж олгосон гэдэг шүүмжлэлд өртөж, шүүмжлэл эсэргүүцлийн бай болох эхлэл тавигдсан.
БАРИМТ 11
Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шүүмжлэл гарч эхлэх хүртэл Ш.Раднаасэд янз бүрийн хэл аманд орооцолдоогүй, хэлэх гэсэн үгээ чуулган, байнгын хороон дээр нуршилгүй хэлчихдэг, харьцангуй нэр цэвэр гэгддэг байв.
БАРИМТ 12
Мэргэжлийн хяналтын нэр бүхий хүмүүстэй холбоотой авлигын хэрэг илэрсний нэг нь түүний их сургуулийн ангийн найз Н.Баярсайхан байж таарсан нь дээрх хардлагыг улам лавшруулж тэдэнд зориулж хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэсэн хардлага өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Хэдий тэрбээр энэ талаар хэвлэлийн бага хурал хийж, “Хэрэг түдгэлзсэн, хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн оролцогчдын хэн нэг нь алга болох оргон зайлах зэргээс болоод тухайн хүн насаараа яллагдагчаар явах, насаараа мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор гаргасан” хэмээн тайлбарлаж байв.
БАРИМТ 13
Тэрбээр хэрэгт холбогдогч Н.Баярсайхантай нэг төгсөлтийн анд гэдгээ үгүйсгээгүй. “Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор Раднаасэд ард нь байна гэдэг явдал бол байж боломгүй зүйл. Энэ хүмүүс намайг мэргэжлийн хяналтад ажиллах нэг жилийн хугацаанд тэнд ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2000 байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны цаана Раднаасэд байна гэвэл түүн шиг том гүтгэлэг байж болохгүй” гэж хэлжээ.
БАРИМТ 14
“Өөрийг нь харлуулах мэдээ сэлтийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч хийж байна. Нөгөө талаас ч хийж байгаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Үүнтэй зэрэгцээд Говь-Алтай аймагт 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа намын генсек Д.Амарбаясгалангийн далд явуулга гэх мэдээлэл ч зарим хэвлэлүүдэд гарч байж.
БАРИМТ 15
Ямартай ч түүнийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад хамааралгүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газраас байгуулсан ажлын хэсэг гаргаж, Авлигатай тэмцэх газраас өгсөн албан бичигт мэргэжлийн хяналтын хүмүүстэй холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүйг нотолсон байдаг.
БАРИМТ 16
Чуулганы хуралдаан дээр хүртэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар түүнийг энэ хэрэгт буруутай хэмээн цоллож байсан удаатай. Харин Ш.Раднаасэд гишүүний хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын нэгэн хэлтсийн дарга мэргэжлийн хяналтынхны хэрэгт холбогдсон хүмүүсээс мөнгө төгрөг авсан гэх баримт огт байхгүйг чуулганы танхимд баталж, улмаар Х.Нямбаатар гишүүн Ш.Раднаасэдээс уучлал гуйж байв.
БАРИМТ 17
Гэхдээ МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлага тооцно гэдэг үндэслэлээр улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн тогтоол гаргасан боловч Удирдах зөвлөлөөс нь баталгаажуулаагүй орхиж, өөх ч биш, булчирхай ч биш болгосон гэлцдэг.
БАРИМТ 18
Улс төрийн фракц, бүлэглэлийн хувьд хэн нэгэнд шууд харьяалагддаггүй ч одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр гэдэг. МАН-ын бүлгийн 64 гишүүн 2 хуваагдахад тэрбээр өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кноп дарсан гишүүдийн нэг. Гэхдээ 2 бүлгийн алинтай нь ч хэл амаа ололцдог, шууд нэг талд гараад ил “дайтаад” байдаггүй хэмээн журмын нөхөд нь үздэг юм билээ.
БАРИМТ 19
Төрийн өндөр албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ авсан хэмээн нэр ус нь зарлагдсан гишүүдийн дунд түүний нэр анхнаасаа дурдагдаагүй.
БАРИМТ 20
Гэвч “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр түүнийг ах дүү, хамаатан саднаараа дамжуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сангаас нийтдээ 10.3 тэрбум төгрөг зээлсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Хариуд нь нэр дурдагдсан компани, иргэний авсан зээл нь өөрт нь ямар ч хамааралгүй, энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагаас огт шалгаагүйг мэдэгдлээр дамжуулан мэдэгдсэн.
БАРИМТ 21
Тэрбээр энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж гэм буруутай эсэхээ тогтоолгоно. Гэм буруутай нь тогтоогдвол 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихгүй, хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байдаг.
БАРИМТ 22
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд саяхан өөрийн фэйсбүүктээ ЖДҮ-тэй холбоотой гэсэн мэдээлэлд дахин байр сууриа илэрхийлжээ. Уг мэдэгдэлд “Надад учирсан уй гашуу, баяр ёслолын алинд ч хэзээ ч хамт байгаагүй, цаашид ч хамт байхгүй алсран холдож байгаа (4 дэх үеийн) хамаатнуудын авсан зээл, ажил төрөл бизнесийг надтай холбож гүтгэхээ зогсоо. Алтайд нэр дэвшиж гишүүн болж болно оо, намайг харлуулж, гүтгэж миний дээр гарах биш, аймгийнхаа хөгжлийн тушааг тайлж, шинийг сэтгэж бодож байж миний өмнө гарах учиртай “баатар”-ууд минь” гэжээ.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд 2016 оны сонгуулиар Говь-Алтайн ганц мандат дээр АН-аас нэр дэвшсэн, аймгийн Засаг дарга Х.Амгаланбаатартай өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Энэ удаагийн сонгуулиар Говь-Алтай аймаг 2 мандаттай болж, өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй.
БАРИМТ 24
Сүүлийн 4 жилд тойрог руугаа гүйдэлтэй ажиллаж, чамгүй их хөрөнгө оруулалт татаж чадсан, сүүлийн 10 жилийн түүхэнд хамгийн их хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан гэж нутгийнхан нь үнэлдэг. Одоогоор түүнийг дахин нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй ч тэрбээр МАН-аас тус аймагт нэр дэвших гишүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.