БАРИМТ 1
Л.Элдэв-Очир 1981 онд нийслэлийн 41 дүгээр дунд сургууль, 1986 онд Политехникийн дээд сургууль, цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ. Мэргэжлийнхээ дагуу 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, даргын албыг хашсан байна.
БАРИМТ 2
1990 оны ардчилсан хувьсгал гарч зах зээлийн нийгэмд шилжихэд Л.Элдэв-Очир гишүүн бусдын адил гахай үүрч, ганзагын наймаанд явсан гэдэг. Ингэж явсаар бизнес нь өргөжиж, 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ. Улмаар “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал, “Спирт бал бурам” ХК-ийн захирал, “ZHT & MCS distribution” ХХК-хийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч болтлоо дэвшжээ.
БАРИМТ 3
Л.Элдэв-Очирын хувьд зөвхөн хувийн хэвшилд бизнес эрхэлж яваад улс төр, УИХ руу орж ирсэн үү гэвэл үгүй. 2012-2013 оны үед тэрбээр Канад улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр ажиллаж байв. Энэ хугацаанд Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллахдаа нэгэн асуудалд холбогдсон нь тухайн үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогддог.
БАРИМТ 4
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед О.Баасанхүү гишүүн огцруулах асуудлыг өргөн барьж байв. Ингэхдээ Канад улс дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Л.Элдэв-Очиртой холбоотой баримт дэлгэсэн нь 15 настай дунд хүүгээ үрчлүүлсэн тухай асуудал байсан юм.
БАРИМТ 5
Тодруулбал, гишүүн Л.Элдэв-Очир 2013 оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд үрчлэлт цуцлуулах өргөдөл гаргаж шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье” гэсэн.
БАРИМТ 6
Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж егье” гэдэг тайлбар өгсөн байдаг.
БАРИМТ 7
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би хувьдаа тэр хүүхдийг Канад явсан гэж үзэхгүй байгаа. Яваагүй байх. Хэрэв явсан байлаа гэж үзэхэд бас буруу. Яагаад гэхээр Л.Элдэв-Очир бол төрийн тусгай албан хаагч. Үүнийг зарим хүн “Яах вэ дээ, мөнгө төгрөг бага учраас найз нөхдөдөө түр үрчлүүлээд сурах орчныг нь сайжруулсан байх” гэж хэлэх байх. Төрийн тусгай албан хаагч тодорхой албан тушаал хашиж байхдаа өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн сайд ч гэсэн өөрийн эрхлэх салбарынхаа ажлыг хийх ёстой.
БАРИМТ 8
Гэтэл нэгнийхээ хүүхдийг үрчилж авдаг, буцааж өгдөг байж таарахгүй. Энэ бол хуурамч үрчлэлт. Хоёрдугаарт, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчиж байна. Яагаад гэхээр “MCS” компанийн гурван хувийн ззэмшигч Л.Элдэв-Очирыг хүн бүр мэднэ. Гурван хувь гэхээр гуравхан хувьцаа гэж ойлгож болохгүй. 400 гаруй компанийн гурван хувь гэдэг бол асар их хөрөнгө. Энэ утгаараа ийм хөрөнгөтэй компанийн нөлөөлөлд орчихсон байна гэж харж байгаа” хэмээн мэдэгдэж байв.
БАРИМТ 9
Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Л.Элдэв-Очир эх орондоо ирснийхээ дараа Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Энэ үеэс түүнийг улс төрд хөл тавьж эхэлсэн гэж хэлж болно. Аймгийн намын хорооны дарга тэрбээр Баянхонгорт суурьшиж, тэр хэрээрээ тойргоо усалсан юм.
БАРИМТ 10
Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Элдэв-Очирын хамаарал бүхий “MSC” компанитай эрх ашгийн зөрчилтэй байдаг болоод ч тэр үү 2016 оны сонгуулиар түүний нэр дэвшсэн тойргийг амлан авч өрсөлдсөн.
БАРИМТ 11
Гэвч сонгуулийн дүнгээр Л.Элдэв-Очирт өвдөг шороодсон Х.Баттулга Ерөнхийлөгч тухайн үед Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, “2900 царцаанаас болж ялагдлаа. Энэ аймаг шиг бүтээн байгуулалт хийсэн аймаг байхгүй. Би энэ 2900 царцааны асуудлаар шүүхэд хандана. Бид ялагдлаа. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын эхлэл" хэмээн мэдэгдэж байв. Энэ үгийг нь баталсан гэлтэй үйл явдал ирэх жил нь болж Л.Элдэв-Очирт ялагдсан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
БАРИМТ 12
Улс төрд их, багаар өрнөдөг байсан Х.Баттулга, Л.Элдэв-Очир нарын зөрчил энэ үеэс Төрийн ордон ил тодоор эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын үйл ажиллагаатай холбогдуулж чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ өөрсдөө тарах тогтоолоо батлахыг шаардсан байдаг. Түүний хэлсэн үгтэй холбогдуулан гишүүн Л.Элдэв-Очир “Би Ерөнхийлөгчөөс Та өөрөө эхлээд огцрох уу гэж асуумаар байна. Энэ хүн огцрох үндэслэлээ олон удаа гаргасан. Харин УИХ Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү гэдэг асуудлыг яримаар байна.
БАРИМТ 13
Дуртай цагтаа орж ирж доромжилдог болж. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёр төсөвт хоёр жил дараалан хориг тавьж байна. Эхлээд хориг тавихдаа буруу бичсэнийг та нар зөв болгож, залруулж уншаарай гэсэн, энэ жил буцааж татаж аваад, хугацаа өгөөч гэж УИХ-ын доромжилж байна. Ерөнхийлөгч эхлээд огцроод дахин сонгууль явуулбал УИХ ч гэсэн тарья л даа. Үнэхээр асуудлуудыг ойлгож, эх орон байдлаар хандмаар байна, УИХ ” гэж байв.
БАРИМТ 14
Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дахин оролцож үг хэлэхдээ “Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өөрөө утаагүй зуух зарсан компанитай холбоотой. Утаагүй зуух гэж байхгүй дэлхий даяараа нотолсон байхад 100-аад тэрбум төгрөгийн зуух шахсан. Туршлага хийгээд явж байна. Туршилт маш олон хүүхдийн амиар хийгдсэн” гэсэн байдаг.
БАРИМТ 15
Үүнд нь эгдүүцсэн тэрбээр “ҮАБЗ-ийн гишүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийж байна. Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаан дээр байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загналаа. Би Ерөнхийлөгчийг албан тушаалд очоод буурь сууж, монголчуудыг хагалгадаг, компаниудыг муудалцуулдаг асуудлаа больж, төлөвшсөн болов уу гэсэн үгүй юм байна.
БАРИМТ 16
Өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг урьж уулзлаа. Тэгэхдээ надад "чи чинь нэг сонгогдсон олигархи билүү" гэх юм. Олигархи гэдэг үгийг өөр дээрээ хаяглаж бодох ёстой. Аманд орсон үгээрээ хүнийг дайрч, доромжилж байдаг хүн. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрог дээр өрсөлдсөн. Ялсан, ялагдсан л зүйл байгаа. “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж гүтгэлээ. Ийм гүжир гүтгэлгийг энэ хүн хийж сурсан юм байна” хэмээн бухимдаж байлаа.
БАРИМТ 17
Парламентаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байдаг. Хуулийн төсөлд ямар ямар заалт тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийхдээ "УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн системийг холимог болгох, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалт оруулсан" гэсэн тайлбарыг өгч байв.
БАРИМТ 18
Уг хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүдийн нэг нь Л.Элдэв-Очир. Тэрбээр "УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг ард түмэн хэзээ ч дэмжихгүй шүү дээ. Ийм санал өргөн барьсанд зарим гишүүн гайхаж байна. Өмнө энэ асуудлаар гурван жилийн турш хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтсон. Ерөнхийлөгч зориуд улс төрийн пи-ар хийж, биднийг янаглан хорлож байна" гэсэн байдаг.
БАРИМТ 19
Ерөнхийлөгч Х.Баттулгын үе үе онцолдог Монголын газрын хэвлий дэх байгалийн баялгийг эзэмшдэг “30 гэр бүл”-ийн нэгээр Л.Элдэв-Очир гишүүнийг нэрлэх нь бий. Үүний хариуд тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын баасаа эхлээд цэвэрлэ” хэмээн гоочилдог.
БАРИМТ 20
Одоогоос жил гаруйн өмнө Хөгжлийн банкнаас 5.2 их наядын зээл авсан эздийг зарлаж байв. Тэгэхэд “Говийн зам” компани 170.6 тэрбумын эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгааг мэдээлж байв. Тус компанийн ард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил нар байдаг гэсэн яриа бий. Тэднийг “МСS”-ийн бүлэглэл гэж УИХ дээр ч ярьдаг.
БАРИМТ 21
“Говийн зам” компани Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчилалт, ашиглалтыг хариуцах зорилготойгоор 2010 оны гуравдугаар сард “Энержи ресурс” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан.
БАРИМТ 22
Засгийн газрын 2010 оны авто замын тухай 83-р тогтоолын хүрээнд өөрийн толгой компани “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчилалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байгаад “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлсэн байдаг.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай худ ургийн холбоотой. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сард Л.Элдэв-Очир гишүүний охин, Тагнуулын экс дарга Б.Хурцын хүүтэй хуримаа хийсэн байдаг.
БАРИМТ 24
Гишүүн Л.Элдэв-Очирын ХОМ-ийг сонирхвол тэрбээр 13 тэрбум 979 сая төгрөгийн, гэр бүл нь 9 сая төгрөгийн орлоготой. Амины орон сууц гурав, зуслан нэг, машины гараж гурав, нийт үнэлгээ нь 4 тэрбум 407 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 106 сая төгрөгтэй, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэж ХОМ-дээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл (10)