БАРИМТ 1
1981 онд Барилгын техникумыг геодезийн техникчээр төгссөн тэрбээр 1989 онд Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаачаар төгсчээ. Сүүлд 1999 онд Удирдлагын академийг бизнес удирдлагын менежерээр төгссөн байна.
БАРИМТ 2
Улс төр гэхээсээ бизнес, барилгын салбарт туршлагатай нэгэн. 1991 онд МХЗЭ татан буугдаж, байгууллагуудын эвлэлийн хороо тарахад тэрбээр орон тооны цомхтголд орж, ажилгүй болсон байна. Энэ үед нөхрийнхөө хамт Орос, Хятадын хооронд наймаа хийж, бизнeсийн гараагаа эхэлжээ. Хятадаас авчирсан нөхрийнхөө барааг тэрбээр Орос руу аваачиж зардаг байсан аж.
БАРИМТ 3
Ийнхүү ганзагын наймаа эрхэлж явах үедээ буюу 1995 онд “Багана” компанийг байгуулж, улмаар “Ачлал” групп болгон өргөжүүлжээ. Тус компани нь бизнесийн анхны гараагаа худалдааны салбараас эхэлж, арав гаруй жилийн дотор санхүүгийн чадавхи бүхий Монголын тэргүүлэгч бизнесийн групп компани болон өргөжсөн байдаг. Өдгөө “Ачлал групп” нь худалдаа, үйлчилгээ, барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хувийн хэвшлийн нэг болжээ.
БАРИМТ 4
Улс төрд, УИХ-д харьцангуй шинэд тооцогдох М.Билэгт гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ үе үе олны анхаарлыг татдаг гэмтэй. Тэрбээр анх “Өвөл болохоор хүйтэрдэг” гэж хэлснээрээ анхаарлын төвд орж байсан бол өнгөрсөн онд “Шодоргос”-ын тухай ярьж, “айдас хүйдэс” гэх үгсийг Монгол даяар трэнд болгосон байдаг.
БАРИМТ 5
Түүний эл үгсийг мэдэхгүй, хараагүй, яриаг нь сонсоогүй хүн Монголд бараг үлдээгүй болов уу. Түүний хувьд үзэл бодлоо ил цагаахнаар илэрхийлэхдээ ийн алдаа гаргадаг байж болох юм. Гагцхүү санамсаргүйгээр ярьж, хэлсэн үгс нь түүнийг ард иргэдийн дунд хийж, хэрэгжүүлж буй ажлаас нь илүүтэй “алдаршуулдаг” хэрэг.
БАРИМТ 6
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэрээ өөрийн зураг бүхий хуанли, цайны идээ тараах нь элбэг. Харин М.Билэгт гишүүний хувьд тойргийнхоо иргэдэд өөрийн зурагтай данх таараалаа гэж шүүмжлүүлж, "данх" Билэгт хоч авсан удаатай. Энэ талаар тэрбээр хэн нэгэн фотошоп ашиглаж, миний зургийг данхан дээр тавьсан хэмээн тайлбар хийж байв.
БАРИМТ 7
Үүгээр зогсохгүй “Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байна. Шатахуун импортолдог компаниуддаа Монголбанк зах зээлийн ханшаас доогуур үнээр валют өгч, тэр хэмжээгээр алдагдал хүлээсэн байдаг. Уг нь жилдээ Монголд нэг тэрбум ам.долларын шатахуун орж ирдэг юм билээ. Бог малаасаа 20 сая толгойг төр зохицуулаад төрийн компани гадаадтай гэрээ хийж, бартер хийх гарц байж болно” гэсэн үгийг Сангийн сайдад дайж байлаа.
БАРИМТ 8
Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хувийн хэвшлийнхэн махыг экспортод гаргах бүрэн боломж бий. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх ёстой. Ер нь 2017 онд авсан зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөгийг төлөхөөр төлөвлөж байсан. Энэ онд 1.2 их наяд байсныг бид оны эхэнд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлд зохицуулалт хийгээд 530 тэрбум төгрөгөөр хүүг буулгаж чадсан. Сангийн яам бензинийг махаар солих наймаа яримааргүй байна. Бид бодлогоо яръя” гэж байв.
БАРИМТ 9
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр БНСУ-ын “Корэйн Айр” компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудалд орооцолдсон. Үүнтэй холбогдуулж, БНСУ-ын хуулийн байгууллагад байцаалт өгч, тодорхой хэмжээний торгууль төлсөн байдаг. Улмаар эх орондоо ирсэн даруйд Цэцийн хуралдаан болж түүнийг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл БНСУ-д хэрэгт орооцолдсон Д.Одбаяр нь УИХ-ын гишүүн М.Билэгттэй худ ураг аж. Д.Одбаярын хүү М.Билэгт гишүүний охинтой хэдэн жилийн өмнө гэр бүл болжээ.
БАРИМТ 10
Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс жил хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэг. Энэ дагуу М.Билэгт гишүүн “Олимп орд” харш ХХК, “Энэр Мед” ХХК, “Ачлал трейд” ХХК, “Ачлал групп” ХХК, “Ачлал жаргалан” ХХК, “Ачлал-Эхлэл” ХХК, “Ачлал-Оранж” ХХК, “Энэр мед хоёр” ХХК зэрэг найман компаниас хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлжээ.
БАРИМТ 11
Мөн 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий амины орон сууцтай, 4.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эзэмшлийн газартай юм. 230 сая төгрөгийн өртөг бүхий Lexus-570 маркийн хоёр машинтай. 37 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ.
БАРИМТ 12
М.Билэгт гишүүний хамаарал бүхий “Энэрмед” ХХК-ийн япон стандартын дагуу барьсан хавдрын эмнэлгийн барилгыг 2019 оны тавдугаар сарын сарын 17-ны өдөр улсын комисс хүлээн авч, барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн зөвшөөрлийг нь олгосон байдаг.
БАРИМТ 13
Ингэснээр Монгол Улсад ганцхан байгаа 1982 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулж буй Хавдар судлалын үндэсний төв улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах хүчин чадал бүхий шинэ хавдрын эмнэлгийн барилга ашиглалтад орох боломж бүрдсэн тухай холбогдох албаныхан ярьж буй.
БАРИМТ 14
Энэ тухай М.Билэгт гишүүн “Энэрмед” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь “Ачлал трейд” компани. “Ачлал трейд” ХХК нь өөрийн зуун хувийн хөрөнгө оруулалтаар энэ эмнэлгийн барилгыг бариад байна. Манай “Ачлал трейд” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулахаар дэлхийн өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулах гарцыг бий болгох төслийг хэрэгжүүлэх судалгааг 2011 оноос эхлүүлж байлаа. Эмнэлгийн барилга нь нийт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын эмнэлгийн стандартыг хангасан байдлаар баригдсан онцлогтой. Энэ эмнэлгийн барилгын төслийг 2010 онд санаачилснаар өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан 120 ортой эмнэлгийн барилгыг ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм” хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 15
Тус эмнэлэг нь өвөл, зуны туршид халуун болон сэрүүн агаарыг үлээлгэх системийг оператор нэгдсэн байдлаар 24 цаг хянаж, өвчтөнүүдийн байгаа байдал, ачааллаас хамаараад тухайн давхрын температурыг барьж байх боломжтой. Тухайлбал, хагалгаа хийж байгаа давхар өндөр температуртай байх шаардлагагүй бол өвчтөнүүдийн байрлаж буй давхар 20 хэм, агуулахын хэсэг 11 хэм гэх мэт байдлаар тохируулах боломжтой. Мөн зургаагаас дээш давхарт буюу өвчтөнүүдийн байнгын байрлах давхруудад агаарын чанарын удирдлагатай. Олон өвчтөн байх тусам агаарын чанар муудах тул дотор агаарыг байнгын сэлгэлт хийх аж.
БАРИМТ 16
Мөн Эмнэлгийн амбулаториор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх, жилд 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах юм. Хоёроос гурван давхарт амбулатори, үзлэгийн хэсэг, дөрөвдүгээр давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваргүйжүүлэх хэсэг, долдугаар давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байгаа. Эрчимт эмчилгээний өрөөнд хийн таван систем суурилуулжээ.
БАРИМТ 17
УИХ-ын гишүүн М.Билэгтийн эзэмшлийн “Ачлал трейд” компани Хөгжлийн банкнаас 2017 онд “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах “ төсөл бичиж 12.5 сая ам.доллар авсан байна. Төгрөгт шилжүүлбэл 33 орчим тэрбум болно. Хөгжлийн банкнаас “Ачлал трейд” ХХК-д 15 сая ам.доллар олгохоор гэрээ байгуулаад, дээр дурдсанаар 12.5 саяыг олгоод байгаа юм байна. Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны №2017/75, Хөгжлийн банкны ТУЗ-ийн №75 тоот шийдвэрээр энэ зээлийг олгожээ.
БАРИМТ 18
“Ачлал трейд” ХХК-иас Хөгжлийн банкинд танилцуулахдаа “..Улаанбаатар хотод иргэдийг хавдрын оношилгоо, эмчилгээ авах боломжийг бүрдүүлэн 120 ортой 12 давхар А блок, 180 ортой 16 давхар Б блок, эмийн сан, эрүүл мэндийн судалгааны байгууламжаас бүрдэх эмнэлгийг байгуулах төсөл” гээд нийт өртөг нь 45.3 сая ам.доллар, үүний 10 саяыг өөрөө, 5.0 саяыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс санхүүжүүлсэн гэжээ.
БАРИМТ 19
М.Билэгт гишүүний эзэмшлийн компанийн барьсан уг эмнэлгийг төрд шахах нь гэсэн шүүмжлэл, хардлага хэсэгтээ явсан. Гэвч М.Билэгт гишүүнийг уг асуудлыг үгүйсгэсээр ирсэн байдаг. Улмаар 2020 оны төсөвт Хавдрын эмнэлэг барих төсөв суулгаагүй ч түрээслэх төсөв суулгасан. Өөрөөр хэлбэл, 2019 оноос эхлэн тус компанийн барьсан эмнэлгийн барилгыг төр 19 тэрбум төгрөгөөр түрээслэхээр болоод байгаа юм.
БАРИМТ 20
Энэ тухай М.Билэгт гишүүн “2015 онд эмнэлгийг барилгыг ашиглалтад оруулах байсан. Гэтэл шантаажчид "Та тэртээ тэргүй жилд 1 сая ам.доллар төлж байгаа юм чинь бидэнд 1 сая ам.доллараа өгчих" гэсэн. Хавдар судлалын ойр орчимд шүүгч нар их байдаг. Ингэж шүүхийн урт удаан процесс эхэлсэн. Гэвч шударга үнэн ялсан.
БАРИМТ 21
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн нар нэр төрөөрөө дэнчин тавьж, энэ барилгыг хавдраар шаналсан хүмүүст ашиглая гэсэн. Энэ барилгыг худалдвал миний болон Засгийн газрын нэр хүнд унах учир би зараагүй, түрээсэлж байна. Ингээд би 20-30 жилийн хугацаатай түрээсэлье гэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс худалдаад авчих юмсан" гэж байсан. Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд түрээслэхээр болсон.
БАРИМТ 22
Тэр 19.8 сая тэрбум төгрөг чинь дан ганц түрээс бус эмнэлэг дотор байх ор дэр, гал тогоо гэх мэтээр задарна. Гэхдээ миний туйлын зорилго бол түрээслэх биш. Засгийн газрынхаа тавьсан саналыг хүндэтгэж байна" гэсэн тайлбар өгсөн удаатай.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд сонгуулийн наймдугаар тойрогт олимпийн аварга Н.Түвшинбаяртай өрсөлдөж ойролцоо саналаар ялалт байгуулсан. Түүний хувьд 2012 оны сонгуулиар нэр дэвшиж байсан ч өвдөг шороодож байжээ.
БАРИМТ 24
Түүний хувьд ирэх сонгуулиар Баянхонгор аймагт дахин нэр дэвшихээр бэлтгэлээ базаах болсон. Хэлсэн үгэндээ ороогдчих гээд байдгийг нь эс тооцвол тэрбээр ЖДҮ болон бусад асуудалд холбогдоогүй харьцангуй нэр цэвэр гишүүдийн нэг.
Сэтгэгдэл (112)