БАРИМТ 1
Сайд Х.Баделхан Өлгийн хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1971, Политехникийн дээд сургуулийг 1976, Москва хотын удирдлагын академийг 1990 онд тус тус дүүргэжээ. Ажлын гараагаа Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр эхлүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдлагын газарт ерөнхий инженер, газрын дарга болтлоо дэвшин ажиллажээ.
БАРИМТ 2
Түүний хувьд 1991 онд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэлтсийн дарга хийж байгаад хувийн бизнес эрхлэх болжээ. Өөрөөр хэлбэл, 1994-2000 оны хооронд гадаад худалдааны “Өркен”, зам барилгын “Жол” компанийн захирлаар ажилласан байна.
БАРИМТ 3
10 гаруй жилийн турш бизнес эрхэлсэн Х.Баделхан 2000 онд улс төрд хөл тавьж, аймгийн Засаг дарга болжээ. Аймгийн Засаг даргын албыг таван жил хашсан тэрбээр бусдын жишгээр 2005 онд УИХ-д нэр дэвшиж сонгогдсон байдаг. Харин 2012 оны сонгуульд МАН ялагдахад Бүлгийн албанд зөвлөхөөр очсон юм.
БАРИМТ 4
Ямар тохироотойг нь хэлж мэдэхгүй ч МАН засгийн эрх барихад Х.Баделхан аль нэгэн албан тушаалд очдог. Үүний илрэл нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тэрбээр Аж үйлдвэрийн дэд сайдаар очиж байв. Дэд сайдын албыг аваад явчих чадвар, туршлагатай залуус МАН-д олон бий ч Х.Баделхан тэдгээрийнхээ өмнүүр орж сайдын сэнтийд заларсан нь энэ.
БАРИМТ 5
2016 оны ээлжит сонгуулиар Х.Баделхан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх Х.Ержан, Тогтвортой амжиргаа төслийн Баян-Өлгий аймаг дахь багийн ахлагч Н.Самат нартай тавдугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулан, хоёр дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
БАРИМТ 6
2017 онд МАН өөрсдийн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар дэвшиж өнөөдрийг хүртэж ажиллаж байна.
БАРИМТ 7
Х.Баделхан гудамжинд лааз өшиглөхдөө ч, Төрийн ордонд байхдаа ч албан тушаалд очдогийн энгийн жишээ энэ.
БАРИМТ 8
“Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг Х.Баделхан сайд та толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий үнэртээд байдаг бол яах вэ? Албан тушаалтнууд өөриймсөг сэтгэлээр ажилдаа хандах цаг болсон”. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Х.Баделханд хандан хэлсэн үг.
БАРИМТ 9
2017 оны аравдугаар сард хэлсэн эл үг биеллээ олох эсэх нь ирэх тавдугаар сард Төв цэвэрлэх байгууламжийн үмхий үнэр нийслэлийнхэнд үнэртэхээс хамаарна. Тэр үед сонгууль гээд явчихдаггүй л юм бол хар толгойгоороо хариуцсан Х.Баделхан сайд хамгийн түрүүнд хариуцлагын асуудал ярих нь тодорхой.
БАРИМТ 10
Улс төрд ийнхүү өсч дэвшиж явдаг Х.Баделхан сайдын намтар зөвхөн Төрийн ордноор хязгаарлагдахгүй. Төрөлх нутаг Баян-Өлгий аймагт эрх мэдлээ тогтоох замаар Вант улс байгуулах хэмжээнд хүрснийг хэвлэлээр гарсан, гарч буй мэдээллээс харж болно.
БАРИМТ 11
2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Баян-Өлгий аймагт олонх болоход Засаг даргаар нь томилогдсон А.Гылымхан Х.Баделхан сайдтай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ямар ч шалгуур шаардлага хангахгүй ах дүү, хамаатан садан, ураг төрлийн хүмүүсээ ажилд томилсон тухай мэдээлэл нэг биш удаа гарсан.
БАРИМТ 12
Ингэхдээ “НИК” шатахуун түгээх станцад түгээгч хийж байсан хүмүүсийг аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, газар, хэлтэс, агентлагийн даргаар томилсон байдаг. Төрийн алба гэдэг тодорхой хэмжээний шалгуур, босготой ч төвийн ШТС-д түгээгч хийж байсан хүмүүс түрүүчээсээ Засаг даргын Тамгын газрыг дүүргэх болсонд нутгийн зон олон нь дургүйцэх болсон гэдэг.
БАРИМТ 13
Хэвлэлээр гарсан мэдээлэлд дурдсанаар сайд Х.Баделхан аймгийн Засаг дарга А.Гылымханд нөлөөлж, дүүгээ Боловсролын газрын дарга, эхнэрийнхээ төрсөн дүүг Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар томилуулжээ. Баян-Өлгий аймгийн төрийн албанд ар өврийн хаалгаар хийсэн томилгоо дээд цэгтээ хүрсний дараа 300 гаруй иргэний гарын үсэг бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч холбогдон эзэндээ хүрэлгүй хав дарагдсаар өнөөдрийг хүрчээ.
БАРИМТ 14
Ховд аймагт болсон баруун бүсийн таван аймгийн намын зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг оролцох үеэр Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга Д.Сара “Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд албан тушаалыг хуваан авч байна. Үүнээс УИХ-ын гишүүн Х.Баделхан төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь хэрээс хэтэрч байна” хэмээн алтан хошуу өргөжээ.
БАРИМТ 15
Х.Баделхан сайдын үйлдэл зөвхөн төрийн албан дахь халаа сэлгээрээр зогсохгүй. 1994-2000 оныг хүртэл ерөнхий захирлаар нь ажилласан “Жол” компаниараа дамжуулж Баян-Өлгий аймагт зарласан зам, гүүрийн тендерийг хуу хамдаг бололтой.
БАРИМТ 16
Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт, ерөнхий инженер, даргаар ажиллаж байхдаа 1990-ээд оны эхээр төрийн өмчид хамааралтай зам гүүрийн ангийг хувьчилан авч зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жол” компанийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл тус аймагт зарласан бүх тендерийг авч ажил гүйцэтгэж ирсэн нь энэ.
БАРИМТ 17
Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсоны дараа нэгэн иргэн АТГ-д шалгуулахаар хандсан удаатай. Тухайн иргэний мэдээлэлд “Х.Баделхан гишүүний хамаарал бүхий “Жол” компани замын сангаас жил бүр 500 сая төгрөгийн төсөв авч байсан.
БАРИМТ 18
Үүгээрээ дөрвөн гол чиглэлийн зам болох Таянгийн боомт, Цагааннуур, Ховд, Хатгалын гэсэн замыг байнга тордох үүргийг хүлээж байсан ч жилд ганц хоёр удаа хуссан болоод өнгөрдөг. Гэвч төсвөөс 500 сая төгрөг авч байсан. Түүний тендер авч байсан тухай бичиг баримтууд аймгийн архивт хадгалагдаж байгаа учраас та бүхэн энэ талаарх баримт нотолгоотой мэдээллийг олж авах боломжтой” гэсэн байдаг.
БАРИМТ 19
Сонирхолтой нь, Х.Баделханы нэрийг Барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлэхээс өмнө тэрбээр 27 жил оршин тогтносон “Жол” компанийнхаа тусгай зөвшөөрлийг албан ёсоор цуцлуулсан байдаг. Хуульд зааснаар АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг нэг бүрчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил” гэх нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэх эсэхийг тогтоодог.
БАРИМТ 20
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл сайдад нэр дэвшигчийг буцаах эрх нь хуулиар АТГ-д олгосон эрх учраас сайд Х.Баделхан түүнээс урьтаж өөрийнхөө замыг зассан хэрэг. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр харьцангуй төлөв даруй харагддаг Х.Баделхан сайд хөшигний ард бусдаасаа дутахааргүй овжин нэгэн гэдгийн илрэл нь энэ байж болох.
БАРИМТ 21
Авто замын салбарт 2019 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төслийн жагсаалтад дурдсанаар Х.Баделхан сайдын хамаарал бүхий “Жол” компани аймаг орон нутгийн гурван ч тендерт шалгарч ажил гүйцэтгэжээ.
БАРИМТ 22
Тэдгээр нь Согоогийн голын төмөр бетон гүүр /Баян-Өлгий, Улаанхус сум/, аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10.4 км /Баян-Өлгий, Өлгий сум/ аймгийн төвийн авто зам, зогсоолуудын шинэчлэл /Баян-Өлгий, Өлгий сум/-ийн ажлыг гүйцэтгэсэн байна.
БАРИМТ 23
Эдгээрээс хамгийн өндөр мөнгөн дүнтэй Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замын ажил. Уг замын төсөвт өртөг нь 95.2 тэрбум төгрөгөөр хийжээ.
БАРИМТ 24
Үүнээс гадна 2019 оны АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жол” компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн бичсэн Х.Баделхан сайд тендерт шалгарсан баримт Өлгий сумын 9 дүгээр багт 1 км зам, Жана Өлке захаас Бугат сум яваа гурван замын уулзвар хүртэлх 1.5 км, Хөгжимт драмын театраас Ахдам зах орох хүртэл 1.1 км, Ховд их сургуулийн салбар сургуулиас 1 дүгээр бага сургууль хүртэл 1.5 км, Өлгий сумын 2.3.12 дугаар багуудад 0.8 км, Думан үйлчилгээний төвөөс Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль хүртэл 0.8 км, Өлгий сумын 11 дүгээр баг буюу НЭ-гээс Зах чиглэлд 0.55 км замын ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл (18)