Шинэ төрлийн коронавирусний халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
COVID-19 халдвар дэлхийн 164 улсад бүртгэгдсэн байна. Энэ талаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа “Европын холбооны улсуудад халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан Франц улс хилээ бүрэн хааж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Хэрэв горим зөрчвөл торгох арга хэмжээ авах талаар хатуу санууллаа.
Тус улсад халдварын 6600 тохиодол бүртгэгдээд байна. АНУ-д халдварыг хязгаарлах зорилгоор иргэдийг гэрээсээ аль болох гарахгүй байх, боломжтой бол гэрээсээ гарахгүй байх, гадуур хооллохоос татгалзах, 10-аас дээш тооны хүнтэй уулзахгүй байх зэрэг арга хэмээ авч байна. ОХУ-ын хувьд тус улсад харьяалалгүй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
ДЭМБ-аас өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНХАУ-д байгаа халдварын тооноос бусад улсад гарч байгаа халдварын тоо давж гарсан байна” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “1330 хүн тусгаарлалтад байна. Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 зорчигч ирсэн. Эдгээрт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатайд нь эмнэлэгт бусдыг нь сувилалд тусгаарласан. БНХАУ-аас халдварын эсрэг хэрэглэж байгаа уламжлалт анагаах ухааны жор авсан” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 11-нд батлагдсан Франц иргэний ойрын хавьтлын 88 хүний давтан шинжилгээ сөрөг гарлаа. Энэ сарын 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгийд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол ирсэн. Үүнд хяналт шалгалт хийгдэж байна. Батлагдсан гурван тохиолдолтой холбогдуулан онгоцоор хамт ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалтад авч байна” гэдгийг онцоллоо.
А.Сүх
Сэтгэгдэл (1)